Би өвөө эмээгийн хүүхэд л дээ. Тэд маань их зарчимч, шударга, хөдөлмөрч хүмүүс байв. Өглөө эртлэн босно, мал хуйгаа хураана, хичээлдээ явна, хөдөөний хүний ажил дуусахгүй. Хүний итгэлийг дааж яваарай гэж өвөө минь үргэлж захина. Надад итгэдэг хүмүүсийн итгэлийг алдахгүй ажлаа хариуцлагатай хийгээд, гэр бүлээ аз жаргалтай байлгах нь надад ногдсон хамгийн том хариуцлага.
Хивс суурилуулалтын ажлын онцлог нь гарын ур дүй, нарийн ухаан, хариуцлагатай нямбай ажиллахыг шаарддаг ажил аа.Хүнд сурсан юм хэзээ ч илүүддэггүй юм билээ. Манай Сэлэнгэ аймаг мод ихтэй тул багадаа модоор янз бүрийн зүйлс хийдэг байв. Тэр ур чадвар одоо ажил дээр их хэрэг болно оо. Айл, албан байгууллагын хивсийг суурилуулахад зүсэлтийн ажлыг өөрөө л хийчихнэ. Ажилдаа дадаад ирэхээр хоёр хүний ажлыг амжуулах давуу талтай болсон. Ажилд орсны дараагийн жил байгууллагынхаа хөдөлмөрийн алдар цолоор шагнуулж байв. Үндэсний томоохон компани болох "Эрдэнэт хивс"-ийн эд эс болон ажиллаж богино хугацаанд удирдлага болон хамт олон минь намайг үнэлсэнд их баярласан.
Хүн зөв явж, өөрийгөө дайчилж чадвал хүний хүч шавхагдашгүй. Амьдрал ч эргээд харамгүй шагнадаг гэж би боддог.
Хивс суурилуулчихаад тухайн айлыг нүүдлийн байдалтай орхичих хэцүү учраас сэтгэл ханамжтай үлдээхийн тулд тавилгыг нь байршуулж өгдөг. Үний дараа хивсэн дээгүүр хүүхдүүд нь гүйлдээд дулаахан уур амьсгал бий болсныг харах их сайхан.
-Та ажилдаа хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?
-Би ажилдаа сэтгэл хангалуун, хань ижилтэйгээ хамжаад амьдралаа аз жаргалаар урлаад сайхан л амьдарч байна. Чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж түүнийхээ үр шимийг амсах их урамтай. Хэрэглээ өндөртэй, ажилдаа сэтгэл ханамжгүй бол хүн аз жаргалтай ажиллаж амьдарч чадахгүй гэж боддог.
-Залуусдаа хандаж хэлэх зүйл гэвэл:
-Манай залуусын зарим нь шантрамгай, ажил голомтгой. Цалин буунгуут маргааш нь алга болох нь цөөнгүй. Залуус ажил олдохгүй, олдсон ажлын цалин амьдралд хүрэлцэхгүй байна хэмээн гомдоллож залуу нас, эрч хүчээ харь улсад зориулах нь олонтаа.
Аз жаргалаа хамтдаа бүтээн, үр хүүхдийнхээ өсөн торниж буйг харах үнэ цэнэтэй мөчүүд нь мөнгөөр солигдчихсон гэр бүлүүд олон бий. Миний хувьд гэр бүлээрээ хамтдаа байх нь амьдралыг илүү амттай болгодог.
Аав ээж нь Солонгост байдаг хүүхдүүдийг харахаар сэтгэл өвдөөд байдаг юм. Дараа нь тэр хүүхэд ээж аавыгаа хайрлах уу, амьдралын төлөө хэрхэн хөдөлмөрлөснийг ойлгох болов уу. Нөгөө талаас сайн эцэг эх байлаа гээд хүүхдийнхээ хажууд байж үлгэрлэж чадахгүй бол хүүхдүүд нь хэр зөв хүн болж төлөвших бол.
Санаагаар болдог бол залуучууд үр бүтээмжтэй нас, мэдлэг боловсрол, ур чадвараа харь оронд зориулж байхаар эх орондоо, гэр бүлдээ зориулбал бид хөгжих юм болов уу
Холбоотой мэдээ