Коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс Монголын боловсролын салбар танхимын сургалтаас “гэр сургууль” руу шилжээд чамгүй удаж байна. Харин шилдэг гэж үнэлэгдсэн багш нарын телевизээр зааж буй хичээлийг хүүхэд багачууд хэр ойлгож, хүлээн авч байна вэ гэдэг нь хамгийн чухал. Сурагчид болон эцэг эхчүүдэд “гэр сургууль” зарим талаараа таалагдаж байгаа ч заах арга зүй болон хичээлээ хүүхдүүдэд хүргэж буй байдалд “нэг л тааруу” гэсэн дүн өгөх нь ч байна. Тэгвэл энэ асуудалд салбарын сайд Е.Баатарбилэг тайлбар хийсэн юм.
ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮН НЬ ЭЦЭГ ЭХ, БАГШ, ХҮҮХЭД ГУРВЫН ХАМТРАЛААС ШУУД ХАМААРНА
Тэрбээр “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хичээл, сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор үлдсэн хугацааны бүх хичээлийн агуулгыг зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлнэ. 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид 160, дунд, ахлах ангийн сурагчид 165 өдөр тус, тус танхимд хичээллэхээс 85 өдөр буюу нийт хичээллэх хугацааны 51-53 хувийг танхимд хичээллэсэн байна.
Сүүлийн үед эцэг эхчүүдийн зүгээс теле хичээлийг шүүмжлэх хандлага их гарах боллоо. Зарим хүмүүс цахим хуудаснаа “Теле хичээл муу зааж байна” гэх мэдээллийг зорилготойгоор сэвдэг болж.
Засгийн газраас олон мянган хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж боловсролын системийг хэвийн явуулахын тулд тэргүүлэх зэргийн багш нар батлагдсан хөтөлбөрийн дагуу өндөр түвшинд зохион байгуулж байна. Би хувьдаа багш нарыг хичээлээ сайн зааж байгаа гэж бодож байна. Хамгийн гол нь эцэг эхчүүдийн хяналт, хүүхдэдээ анхаарах анхаарал чухал. Теле хичээлийн үр дүн нь эцэг эх, багш, хүүхэд гурав хэр эргэх холбоотой ажилласан, эцэг эхчүүд хүүхдэдээ хэр дэмжиж, цаг гаргасан бэ гэдгээс шууд харагдана. Тиймээс зөвхөн багшаас хараат бус багш, хүүхэд, сургууль, эцэг эх зэрэг бүх талын эргэх холбоотой ажиллахыг анхааруулж байгаа” гэв.
ИРГЭД ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙГ CD, DVD-Д ХУУЛБАРЛАН ЗАРАХ БОЛЖЭЭ
Үүнээс гадна хичээлийн хөтөлбөрт тохирсон агуулгаар цахим болон теле хичээлийг CD, DVD-д хуулбарлан зарж ашиг олох үйлдэл гарах болжээ. Энэ чиглэлийн иргэдийг залилсан мэхэлсэн байгууллага, хувь хүнийг хуулийн байгууллагад хандан шалгуулан хариуцлага хүлээлгэх БСШУСЯ мэдэгдсэн юм.
Хэрэв ирэх хичээлийн жилд төсөв мөнгөний бололцоо байвал Ерөнхий боловсролын сургууль бүрт хичээл, сургалтыг нь дэмжих зорилгоор CD, DVD-г өгнө гэдгийг албаныхан хэлж байна.
Дашрамд дурдахад, теле хичээлийг www.econtent.edu.mn, www.hicheel.mn, www.aplus.mn сайтууд болон телевизийн сувгуудаас үнэ төлбөргүй хүлээн авах боломжтой юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ