Эрх баригчдын дараагийн “золиос” хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

Эрх баригчдын дараагийн “золиос” хэн бэ?

Эрх баригчдын дараагийн “золиос” хэн бэ?

Эрх баригч намынхан тун "овжин" аргатай нь аливаа асуудал тулгарахад нэгийгээ “зольж”, намаа цэвэр авч үлддэг явдал. Ийм жишээ ч олон. Тухайлбал, “60 тэрбум”-ын гэх хэрэгт Ц.Сандуй, Ж.Ганбаатар нараар “туг тахисан” бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас завшиж, идэж уусан хэргээ сайд асан Б.Батзоригт үүрүүлээд, намын нэр хүндээ цэвэр авч гарахыг чармайж байгаа нь илт. Эрх баригч нам хэн нэгнийг “сальфетка” шиг хэрэглээд хаячихдаг гэмтэй гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй гэлцдэг. Б.Батзоригийн араас “золио”-нд явах дараагийн нөхөд хэн бэ.

Одоо МАН УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа нарын цөөнгүй гишүүдэд хамаг “ял”-аа үүрүүлээд, Б.Батзоригийн араас явуулна гэх таамаг яригдаж байна. Мөн Д.Дамба-Очир, Г.Солтан нарын нэр ч дуулдаж байгаа юм.

Тэдний улс төрийн амьдрал “бүрхэг” болж буй. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь намын бүлгийн хуралдаан дээрээ Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдээ УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүйгээ мэдэгдсэн байдаг. Тэдний ийнхүү “жийгдэж” байгаа нь цаанаа мөнгө төгрөгийн асуудалтай холбоотой байхыг эх сурвалжууд үгүйсгэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл тэднийг нам нь “ашиглаад дуусчихсан” байж мэдэх нь.

Өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газраас эрүүгийн 540 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас зургаан хэргийг шүүхэд шилжүүлж, 33 хэргийг хааж, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий этгээддээ давуу байдал үүсгэсэн байж болзошгүй хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна. Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд нарын хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж буй бөгөөд прокурорын хяналтад ирээгүй байгаа аж.

Улсын Ерөнхий Прокуророос Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр УИХ-ын даргад хүргүүлсэн. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцээд, хүлээн авах шаардлагагүй хэмээн үзсэн юм. УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарт “Албадан ирүүлэх тухай” шийдвэр гаргуулахаар Нийслэлийн Прокурорын газраас хүсэлт хүргүүлсэн билээ. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хянаад Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэх тухай хүсэлтэд дурьдсан “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэл нь хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгч, эсхүл гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд хүргүүлнэ” гэж заасны дагуу яллагдагч болон түүний өмгөөлөгч, гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж