Эрх баригчдын шийдвэр ноолуурын үнийг "бууруулж" байна

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

Эрх баригчдын шийдвэр ноолуурын үнийг "бууруулж" байна

Эрх баригчдын шийдвэр ноолуурын үнийг "бууруулж" байна

Ноолуурын ханшийг хүчээр барих нь үйлдвэрлэгчдэд хэтэрхий эрсдэлтэй. Засгийн газраас 300 тэрбумын санхүүжилтийг компаниудад гурван хувийн хүүтэйгээр өгөх шийдвэр гаргасан нь өнгөн дээрээ ноос, ноолуурын үйлдвэрүүдийг дэмжсэн шийдвэр гэж ойлгогдох ч буцаад тэдэнд маш өндөр босго үнийг тогтоож өгсөн “харалган” шийдвэр болсныг эдийн засагчид онцолж байна. Нэг кг ноолуурын зах зээлийн бодит үнэ 50 мянган төгрөг орчим байхад хоёр дахин илүү үнээр ав гэсэн нь боломжгүй буюу үндэсний үйлдвэрүүдийг энэ алдагдлыг хариуц, цаашлаад “дампуур” гэсэнтэй ялгаагүйг үйлдвэрлэл эрхлэгчид хэлж буй юм. Тиймээс үндэсний үйлдвэрүүд өөрсдийн боломжоор түүхий эдээ бодит ханшаар бэлдээд явъя гэсэн шийдэлд хүрчээ.

“НООЛУУРЫН ХАНШ 100 МЯНГАД ХҮРЭХ БОЛОМЖГҮЙ”

Засгийн газар өнгөрсөн сард малчдаас энэ хавар ноолуурыг кг тутмыг нь 100 мянгаас буулгахгүйгээр худалдаж авах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Гэвч зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж ноолуурын ханш энэ үнэд хүрэх боломжгүйг үйлдвэрлэгчид шүүмжилсээр байна. Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас дэлхийн зах зээл дээр ноолуурын салбарын хамгийн гол худалдан авагч, үйлдвэрлэгчид болох Европын орнууд, тэр дундаа Итали, АНУ, Франц, Япон, БНХАУ-д ноолуурын үнэ ханш өнгөрсөн жилүүдэд байгаагүйгээр унаж буй.

Манай улсын ноолуурын дийлэнх хувийг худалдан авдаг БНХАУ-д гэхэд ноолуурын үнэ унасаар байна.

Хятадын Лиони мужид өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр самнасан ноолуур 520 юань байсан бол энэ сарын 7-ны байдлаар 480 юань болж буурчээ. Шанси мужийн хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр нэг кг ноолуур 550 юань байсан бол энэ сарын 7-ны байдлаар 460 юань болсон байна. Гадаад нөхцөл байдал ийм байхад Монгол Улсын хувьд төр засгаас ноолуурын үнийг тогтоож зарлах нь цаг үеэ олоогүй, ямар тооцоо судалгаагүй шийдвэр боллоо гэж ноос, ноолуурын салбарынхан хэлж байна. Эдийн засгийн тооцооллоор Засгийн газраас гаргах 300 тэрбум төгрөг 3000 тонн ноолуурыг 100 мянгаар авахад л хүрэлцэх хөрөнгө. Үйлдвэрүүд 2000 тонныг авахад цаана нь 8000 тонн ноолуур үлдэх бөгөөд түүнийг зарласан ханшаар авах боломжгүй ажээ.

Өнөөдрийн байдлаар олон улсын зах зээл дээр ноолуур 55 ам.доллар байгаа ч ямар ч борлуулалт хийгдэхгүй байна. Дэлхийн 200 гаруй улс халдварт өвчинтэй цаг, минут тутамд тэмцэж байгаа энэ үед ноолуур авах битгий хэл амь насны асуудал яригдаж буй нөхцөлд ноолуурын үнэ ханш муу байх нь ойлгомжтой билээ.

Цаашид байдал одоогийнхоос ч муудаж болох эрсдэлтэй тул Засгийн газрыг зах зээлийн хуульд нийцүүлж шийдвэрээ гаргахыг анхааруулж байна. Зарим бизнес эрхлэгчдийн хэлж буйгаар, хил гааль хаасан энэ үед үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, худалдан авах нөхцөл бүрдүүлж байгаа нь сайн хэрэг ч эцсийн хэрэглэгч нар зардлаа танаж буй энэ үед хатуу үнэ барьж болохгүйг бас анхааруулж буй юм. Нэгэнт шийдэгдсэн 300 тэрбумаар зах зээлийн бодит ханшаар аваад, компаниудынхаа өрсөлдөх нөхцөл бололцоог нь хангаад өгвөл илүү их хүртээмжтэй болно гэж үзэж буй үйлдвэрлэгч ч байна. Хэрэв ноолуурыг 100 мянгаар худалдана гэсэн байр суурин дээр шийдвэр гаргагчид хатуу зогссоор байвал энэ салбарт олон эрсдэл бий болохоор нөхцөл байдал нэгэнт тодорхой болжээ. Малчид ноолуураа 100 мянгаар худалдах битгий хэл зах зээлийн ханшаар ч өгөх боломжгүй хадгалж, хадгалсан ноолуур нь чанар муудсаар эдийн засгийн алдагдалд орно. Үйлдвэрүүд ажлын байраа хадгалж чадахгүй, эцсийн дүндээ монгол ноолуур арьс ширний хэмжээнд хүрч үнэлэгдэж мэдэхээр байна. Үүнийг зөвхөн дотоодын үйлдвэрлэгчид бус гадаадын худалдан авагчид ч ингэж дүгнэж байгаа аж.

Зарим эдийн засагчдын дүгнэж буйгаар эрх баригчдын тооцоо судалгаагүй, “попрох” гэсэн тэнэглэлээс болж ноолуурын үнэ кг нь бүр 20 мянган төгрөг болтлоо навс унах эрсдэл ойрхон байгаа ажээ.

Судалгаагаар, Засгийн газрын зарласан үнээр ноолуур авбал үйлдвэрлэгчид 140 тэрбумын алдагдал хүлээхээр байгаа гэсэн харамсалтай тоо гарч байна. Энэ нь 100 мянга дээрээ 3 хувиа нэмж тооцоод, 3000 тонн ноолуурыг 103 мянган төгрөгөөр аваад боловсруулахад 1,500 тонн хялгасыг ялгасан ноолуур болно. Дэлхийн зах зээлийн одоогийн үнэ 165,600 төгрөг (60$)-өөр борлууллаа гэхэд борлуулалтын орлого 248,4 тэрбум төгрөг, бүтээгдэхүүний өртөг 387 тэрбум төгрөг болж, салбарын хэмжээнд 138,6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа тул энэ хүнд цаг үед алсыг харсан, малчид, үйлдвэрлэгчдийн эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хадгалсан ухаалаг зөв шийдэл, гарцыг олох нь чухал болохыг салбарынхан хэлж байна.

НООЛУУРАА ТУШААСАН ИРГЭДИЙН МӨНГИЙГ ШУУД ОЛГОХГҮЙ

Хөдөө аж ахуйн биржээс мэдээлснээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай бодлогын гэрээ байгуулж, хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зарим аж ахуйн нэгжүүд ноолуур бэлтгэлээ эхэлжээ. Тухайлбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумаас бэлтгэх аж ахуйн нэгжүүд Даваа гаригаас ноолуур бэлтгэлийн ажлаа эхэлсэн байна. Дорнод аймаг 235.9 тонн ноолуур бэлтгэх боломжтой бөгөөд ноолуурын чанараас хамаарч бэлтгэж буй аж ахуйн нэгжид дунджаар 105 мянган төгрөгөөр ноолуураа нийлүүлж худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

Зах зээлийн үнийг харвал Хэнтий, Архангай аймагт кг ноолуурын үнэ 50-60 мянган төгрөг байгааг Монголын ноос, ноолуурын холбооноос мэдээлж байна. Сүхбаатар аймгийн малчдын ноолуурыг худалдан авах ажил ч өнгөрсөн Даваа гаригт Эрдэнэцагаан, Онгон суманд эхэлжээ. Эрдэнэцагаан суманд хоёр, Онгон суманд нэг аж ахуй нэгж ноолуур авч байгаа аж. Харин ноолуураа тушаасан иргэдийн мөнгийг шууд олгохгүй, гэрээ байгуулсны үндсэн дээр 3-7 хоногийн дараа дансаар нь олгох юм байна. Тус аймагт кг ноолуурыг 105 мянгаар үнэлж байгаа аж.

Дорноговь аймагт малчдаас ноолуур авахдаа хадгалалт, хамгаалалтыг харгалзан ноолуур худалдан авах доод үнийг 85 мянган төгрөгөөр тооцсон бөгөөд одоогоор ямар нэгэн компани шалгарч малчдаас ноолуур аваагүй хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумаас кг ноолуурыг 105 мянган төгрөгөөр худалдан авч эхэлжээ. Тус аймгийн хувьд 790 мянган толгой ямаанаас 235.9 тн ноолуур бэлтгэх боломжтой гэж тооцоолсон байна.

Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар ноолуурын үнэ 30 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 65,2 хувиар буурсан үзүүлэлт аж. Тус аймагт ноолуурын үнэ гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 40 мянга орчим төгрөг байсан ч ийнхүү 20-иод хоногийн дотор дахиад 10 мянган төгрөгөөр буурчээ.

Ховд аймгийн 17 сумын хэмжээнд 7000 гаруй малчин өрх бий. Тус аймаг жилд дунджаар 650 тн ноолуур бэлтгэдэг аж. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд нэг килограмм ноолуурыг 75 мянган төгрөгийн үнэ ханшнаас буулгахгүй авахаар төлөвлөж байна гэж ХХААГ-аас мэдээлжээ. Гэхдээ одоогийн байдлаар аймгийн төвийн захууд дээр ноолуур 30-40 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж