"Маск авах мөнгө битгий хэл мах авах чадал алга"

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

"Маск авах мөнгө битгий хэл мах авах чадал алга"

"Маск авах мөнгө битгий хэл мах авах чадал алга"

“Хөргөгч нь дүүрэн хүнстэй айлыг хараад битүүхэн атаархал төрдөг. Гэрийн маань хөргөгч хоосон үед амьдралдаа  урам хугарч, гундах  үе бий. Хөргөгчөө онгойлгох бүртээ, яаж хүүхдүүдээ  хоосрн хонуулчихгүй шиг байлгах вэ гэж бодно” гэх ээжийг сонсч суухад сэтгэлд гуниг төрнө.  Таван ханатай гэрт зургуулаа амьдрах С.Даваасүрэн гэх энэ эмэгтэй халамжийн мөнгө, хүнсний талоноор л амьжиргаагаа залгуулдаг тул хөргөгчөө ганц удаа ч дүүргэж үзээгүй гэнэ. Харин нэг удаа дуучин С.Гантогоо, Жонон хамтлагийнхан ирж хөргөгчийг нь дүүргэж өгөхөд хагартлаа баярлаж байжээ.

Хүмүүсийн хэлш заншсанаар Дэнжийн мянгад С.Даваасүрэнгийх амьдардаг. Автобусны буудлаасаа зайдуу уулын оройд шахам газарт хашаа хатгаж, гэрээ барьжээ. Гэрт нь орвол 3-21 насны дөрвөн хүүхэд нь угтлаа. Хамгийн бага нь гурван настай. С.Даваасүрэнгийн ач гэнэ. Сургуулийн  насны нэг хүүтэй. Нөгөөх нь 16 настай оюутан. Харин ууган охин нь нөхөр хүүхдийн хамт ээж, дүү нартайгаа цуг амьдардаг аж. Бүсгүй ажил хийх боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй тул гэртээ хүү болон дүү нараа хардаг аж.

Тэдний сарын орлого нь халамжийн мөнгө. Тиймээс  хоногийн хоолоо ихэвчлэн дэлгүүрээс зээлнэ. Дэлгүүрийн “хар дэвтэр"-ийн байнгын үйлчлүүлэгч. Таньдаг дэлгүүрээсээ 2500 төгрөгийн таван цулын таташ, нэг кг будаа, төмс, гоймон зэргийг өдөр өдрийнхөөр бичүүлсээр 30 мянган төгрөгт хүрдэг байна. Харин сард нэг удаа л олгох  хүнсний талоноор авсан атга хонины мах, балга сүүгээ гамнаж охин, ач хүү хоёроо хааяа нэг “эрхлүүлж” шөл гаргаж, сүү хөөрүүлж өгдөг гэнэ.

Ингэхдээ сүүгээ удаан хэрэглэхийн тулд устай холих нь цөөнгүй. Хөргөгчинд нь  хоёр өдрийн хоол болох нэг ширхэг таван цулын таташ, атгахан хонины мах,  сүүнээс өөр хүнсгүй хоосон шахам байлаа. Хүнсээ хажуугийн дэлгүүрээс хэдхэн хоногийн өмнө зээлж авснаа С.Даваасүрэн хэлэв.

 Түүний хэлснээр цар тахлын дэгдэлтээс болж, сүүлийн гурван сард амьжиргаа нь эрс мууджээ. Цэцэрлэг, сургууль амарсан учраас хүүхдүүдээ хоол ундтай байлгах нь том асуудал болжээ. Мөнгөгүй учраас  амны хаалт авч зүүхэд хэцүү байгаагаа ч нуусангүй.  Хорио цээр тогтоож, иргэдийн орлого хаа сайгүй орлого буурсан тул танил цөөхөн дэлгүүр нь ч зээл өгөхөөс татгалздаг болсон гэнэ. Тиймээс тэдэнд хоосон хонох үе ч цөөнгүй тул учраа хэлж, ёстой ч гуйж, гувшиж байж дэлгүүрээс хоногийн хоолтойгоо залгадаг аж.  

ДЭЛГҮҮРЭЭС ЗЭЭЛЖ ХОНОГИЙН ХООЛОО АРГАЛДАГ Ч ХООСОН ХОНОХ ҮЕ Ч БАЙНА

Иргэн С.ДАВААСҮРЭН: 

-Группийн мөнгө буутал таньдаг дэлгүүртээ өр тавина, охины бие өвдвөл хүнээс мөнгө гуйна. Ер нь дэлгүүрүүдэд өр тавьж, мөнгөтэй залгахаараа төлөх байдлаар амьдралаа аргацааж л байна даа. Гурил будаа, жижиглэн, төмс луувангаа зээлнэ. Дэлгүүрт зардаг 2500 төгрөгийн жижиглэнгийн махаа талаар нь хуваахад хоёр өдрийн хоол болно. Таван ам тэжээнэ гэдэг чанга. Идэх хоолноос эхлээд  ойр зуурын хэрэглээ дуусахгүй. Мах, гурил, будаа зээлэхэд 30 мянган төгрөг болно. Зарим үед дэлгүүрээс зээл авах гэхээр дургүйцнэ.  Гэхдээ би сар сардаа өрөө төлдөг болохоор дэлгүүрээс зээл өгдөг. Заримдаа өрөө өгч чадахгүй удаана.  Одоо ч өртэй байгаа, мөнгөтэй болохоороо бүгдийг нь төлнө дөө. Ер нь халаасандаа мөнгөгүй үлдээд ч хамаагүй өрөө төлчихөөр дараа нь зээл авахад асуудалгүй байдаг.  Манай хөргөгчинд одоо нэг таташ, атга хонины мах байна. Энэ таташ манайд  хоёр хоногийн хоол болно. Оройдоо л махтай хоол хийж иддэг.

Хөргөгч маань хоосон, хааяа сүү авна. Сүүгээ ач, охин хоёртоо өгдөг болохоор бас л хонины мах шигээ гамнаж нандигнана шүү дээ. Охиндоо  хааяа шөл гаргаж өгдөг юм.  Сүүгээ удаан хэрэглэхийн тулд устай холино.

Нууцгүй хэлэхэд  манай хөргөгчинд байгаа мах, гоймон будаа бол хэд хоногийн өмнө дэлгүүрээс л зээлсэн.  Харин гурил дуусчихлаа. Зургаан ам бүл болохоор 10 кг гурилаар гамбир хайраад л хэд хоногтоо дуусна. Өнөөгийн нөхцөлд чанартай хоол хүнс авч идэж чадахгүй л байна. Хэдийгээр охин бид хоёрын группийн мөнгө, хүүхдийн мөнгө нийлээд манай орлого сард дунджаар 500 мянган төгрөг болдог ч өрөө дарж, хүнсээ авч л хүрнэ үү гэхээс биш эмээ авч чадахгүй. Сүүлийн үед цар тахал  амьжиргаанд их нөлөөлж байна. Одоогоор нөхцөл байдал нам тайван байгаа ч маскнаас эхлээд хоол хүнсний хэрэглээнд ч нөлөөлөх юм. Маск гэхэд л хоёр цаг тутамд сольж чадахгүй шүү дээ. Гэрт байгаа хүн бүрт маск авна, дахин солино гэдэг бараг л боломжгүй. Маск үнэтэй, авч чадахгүй.

Хэрвээ халдварт өвчин дэгдлээ гэхэд өдрийн хоолоо дөнгөж байгаа хүн чинь шуудайгаар нь гурилаа авч, тор дүүрэн ногоо, мах авч нөөцөлж чадахгүй. Манайх шиг амьдралтай айл халдварт өвчин тархвал хэцүүдэх л байх гэлээ.

Яг ийм амьдралтай айл Монголд хэчнээн байгааг хэлэхэд хэцүү. Тэдэнд маска авах мөнгө битгий хэл махаа авах мөнгө алга.  Өнөөдрийнхөө хоолыг яаж олох вэ гэж яваа тэд өвчин тусвал яана гэсэн айдастай л сууна.

Хаа газрын зах, худалдааны төв тухайн нутгийнхаа өнгө төрх, иргэдийн аж амьдралыг харуулах толь нь байдаг учраас “Нарантуул-2” зах орчмын дэлгүүрээр орлоо. Ердөө захын хоёр дэлгүүрээр ороход л өрийн дэвтэр зузаарч, дахин шинээр нээсэн байх аж. Энэ нь сүүлийн гурван сарын хугацаанд коронавирусээс болж ажилгүйдэл ихэссэнтэй холбоотой гэж худалдагч нар тайлбарлав.

НЭГ ГАРТАА ХҮҮХДЭЭ НӨГӨӨ ГАРТАА ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ БАРЬСААР ОРЖ ИРДЭГ

Худалдагч Н.ХАНДАА: 

-Би дэлгүүрээ олон жил ажиллуулж байна. Зээл авах хүмүүс жилээс жилд л нэмэгдэж байна. Коронавирусийн улмаас бидний орлого эрс багассан. Зээл авах хүмүүс ч ихэссэн. Зээл авъя гэсэн хүмүүст би татгалздаг. Нэг гартаа хүүхдээ тэврээд л нөгөө гартаа иргэний үнэмлэхээ барьсан хүн зээл авъя гэхэд арга буюу зээл өгнө. Хүмүүсийн авч байгаа зээл нь ихдээ л хоёр өдрийн л хоол болохоор хүнс авдаг. Сүүлийн үед ажилгүйдэл ихэссэн. Өдийд ажилтай байдаг хүмүүс, шинээр залуу гэр болоод удаагүй залуус цомхотголд орчихлоо, ажил олдохгүй байна, ажлаасаа халагдчихлаа идэх хоолгүй байна гэсээр зээл авах нь ихэссэн. Өмнө нь ийм байгаагүй. Зээл авах хүмүүс байдаг ч эргүүлээд л төлдөг байсан. Зээл авах гэсэн хүмүүс иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны карт, гар утсаа хүртэл барьцаална. Ер нь таньдаг мэддэг гэсэн хүмүүстээ л нэрийг нь бичиж тэмдэглээд л зээл өгнө дөө. Зарим хүмүүс өрөө өгөхгүй уддаг. Саяхан шинээр зээлийн дэвтэр нээчихээд л удаагүй байна. Өмнөх нь дууссан. Гэхдээ зарим хүмүүс хүнснээс илүүтэй түлээний мөнгө гуйх нь ч байна шүү дээ. Амьдрал хэцүү байгааг нь ойлгож байгаа ч хүнсээр л тусалж чадна.


АЖИЛТАЙ АЖИЛГҮЙ АЛЬ Ч ЯЛГААГҮЙ ЗЭЭЛ АВАХ ХҮМҮҮС ОЛШИРСОН

Худалдагч В.ШҮРЭНЦЭЦЭГ: 

-Сүүлийн үед орлого эрс буурсан. Амьдралын хэрэгцээний хүнс, бараа л зарагдна.  Манайх гэр хороолол дунд байрладаг учраас ер нь худалдан авах чадвар муу газар шүү дээ.

Хүмүүс орлого оруулахаас илүүтэй зээл авъя гэх нь олширч байна. Ялангуяа коронавирусийн улмаас  ажилгүйдэл ихэсч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, халамжийн дэвтрээ барьцаалж зээл авах хүмүүс ихэссэн.

Зээл авч байгаа хүмүүс ихэнхдээ талх, сүү, гурил, будаа гээд л хэрэгцээтэй зүйлсээ авна. Өдийд ажилтай орлоготой байдаг хүмүүс ажилгүй болчихсон байна. Ихэнх нь л 20-40 хүртэлх насны хөдөлмөрийн насны залуус байх юм.  Зээл авч байгаа хүмүүс эргүүлээд төлөх магадлал их бага. Гэхдээ итгэсэн хүмүүстээ л зээл олгодог. Ер нь төр, хувийн хэвшлийн ажилчид, ажилгүйчүүд нь аль ч ялгаагүй л зээл авдаг. Нийтээрээ л хямарч байна даа. Сүүлийн үед зээлийн “хар дэвтэр” ч хурдан дүүрч байна. Төрөөс ажлын байраар нь хангаад өгвөл хүмүүс ажилтай орлоготой болно, зээл  авах нь багасна шүү дээ гэлээ.


 

Ийнхүү өдөр, өдрийнхөө хоолыг зээлээр авч буй өрхүүдэд хорио цээр том цохиолт болж байна. Юмны үнэ өссөнийг хэлэх үү, хоосон хонож буй айл ч олон бизээ. Халдварт өвчнөөс бүх нийтээрээ сэргийлж байгаа энэ цаг үед нөхцөл байдал хүндэрвэл  та бидний мэдэхгүй, төсөөлөөгүй тийм бүхэл бүтэн бүлэг хүмүүс хамгийн их хохирохоор байгааг анхаарна биз ээ, албаныхан.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж