Коронавирус дэлхийн аялал жуулчлалд хохирол авчрах нь тодорхой болсон. БНХАУ-ын жуулчид дэлхий даяар асар олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг. АНУ болон Европын орнуудын жуулчдын дийлэнх нь хятадууд. Үүнийг дагаад агаарын тээврийн компаниудын нислэгийн орлого ч буурна. Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбарт хямрал хэдийнэ нүүрлээд эхэлсэн. Энэ талаар Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Буянбадрахтай ярилцлаа.
-Цар тахлын гамшиг дэлхийн эдийн засагт, ялангуяа аялал жуулчлалын салбарт том цохилт өгч байна. Улс орнууд үүдээ хааж, хорио цээрт орсноор дэлхийн аялал жуучлалын салбар асар их хохирол дагуулж буй. Монгол Улс ч энэ хямралыг тойрсонгүй, аялал жуулчлалын салбарынхан хүнд байдалд орсон. Үүнийг давах туулахын тулд мэдээж, төр засгийн дэмжлэг их чухал байх?
-Коронавирусийн цохилтод хамгийн түрүүнд хүндээр өртсөн салбарууд бол агаарын тээвэр болон аялал жуулчлал. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийхэд тун ойрхон байна. Олон улсын нислэг хийгдэхгүй болохоор үйлчлүүлэгчгүй болсон хотын төвийн олон зочид буудал үүдээ барьсан. Монгол Улс гурван сар гаруй хугацаанд хилээ хаасан, тэгэхээр нэг ч жуулчин ирсэнгүй. Улс орнууд аж, ахуйн нэгжээ амьд авч үлдэхийн тулд хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж, мөнгө санхүүгийн бодит дэмжлэг үзүүлж байна. Монголын Засгийн газар ч тодорхой дэмжлэг үзүүлэхээр болсон. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагуудын эдийн засгийн эрсдэлийг бууруулахын тулд зарим нэг компанид татварын хөнгөлөлт үзүүлэх, ажилтнуудад нь улсаас тэтгэмж олгох зэрэг олон бодлогуудыг хэрэгжүүлж байгаа. Төрийн зүгээс бодлого, шийдвэр гаргахад Худалдаа аж үйлдвэрийн танхимын багагүй хувь нэмэр оруулсан байх.
Гэтэл танхимын гишүүн компаниудын дунд аялал жуулчлалын салбарынхан маш бага хувийг эзэлдэг юм байна. Өөрөөр хэлбэл, яг аялалт жуулчлалын чиглэлээр ажилладаг байгууллага МҮХАҮТ-д цөөхөн байдаг.
Аялал жуулчлалын салбарт хамаарах зочид буудал, ресторан, нислэгийн компани зэрэг нь худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллага гээд явчихдаг учраас илүү хөрвөх чадвар сайтай байдаг. Нэг талаасаа гадаад харилцаа, нөгөө талаасаа худалдаа үйлчилгээний байгууллагад ч хамаарагдаж болно. Гэтэл аялал жуулчлал тур оператор компани дээр явагддаг. Харамсалтай нь,тур оператор компаниуд өдийг хүртэл нэгдсэн зохион байгуулалтад ороогүй. Монголын аялал жуулчлалын холбоо байдаг ч зөвхөн өөрт нь гишүүнээр элссэн хэдэн компанид анхаарал тавихаас биш аялал жуулчлалын салбарыг нийтэд нь харж, том өргөн хүрээгээр ажиллаж чаддаггүй гэхэд болно. Үүнээс харахад төр засгийн хэмжээнд авч хэрэгжүүлээд байгаа эдийн засгийн хөнгөлөлт тэтгэмжид аяллын компаниуд нийтээрээ нэгдсэн журмаар хамрагдах тал дээр шаардлага хангадаггүй юм байна гэсэн дүгнэлтийг би хувьдаа хийгээд байна. Ер нь одоогийн нөхцөлд хүлээж харзнахаас өөр арга алга.
-Ерөнхий тоймоор нь харахад Монголын аялал жуулчлал хөгжиж байгаа боловч маш замбараагүй бас чанаргүй үйлчилгээтэй гэсэн шүүмжлэл дагуулдаг. Тур оператор компаниуд өдийг хүртэл нэгдсэн зохион байгуулалтад орж чадаагүй нь хүнээ алдахгүйн төлөөх өрсөлдөөнөөс болов уу, өөр шалтгаан байна уу?
-Аялал, жуулчлалын чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг 600 орчим компаниас Монголын аялал жуулчлалын холбоонд татвар төлж элсэж орсон гишүүн байгууллага нь 100 хүрэхгүй байх. Гэхдээ коронавирус аялал жуулчлалын салбарт маш том сануулга боллоо. Энэ салбарын алдаа дутагдал , эв нэгдэлгүй байдал зэргийг эргэж харахад хүргэлээ. Ер нь манай салбар “хулгай” ихтэй л дээ.
Нэг компани дээр аяллын хөтчөөр ажиллаж байгаад жуулчдыг нь булаагаад авчихдаг. Аяллын хөтөч хийдэг, тур оператор компани байхгүй мөртлөө гадаад хүмүүстэй мэйлээр харьцаад жуулчид авчирдаг хувиараа тоглогч нар ч их бий.
Энэ салбарт гадаад хэлтэй нэртэй монголчууд дайран орсон. БНСУ-д ажиллаж байгаад ирсэн хүн бүр шахам аяллын компани байгуулж байна. Хоёр дахь шалтгаан нь нөгөө л эв нэгдлийг хангаж хамтран ажиллаж чаддаггүй, дарга байх дуртай зан юм. “Монголчууд бид хэзээ нэгдэж, хамтарч ажиллаж чадаж байсан юм бэ” гэж их ярина, түүнийгээ өөгшүүлнэ. Таарахгүй бол салаад явна, тусдаа ажиллана гэдэг. Мөн цэгцтэй бодлого алга. Ялангуяа газар олгох талд ер анхаардаггүй. Нэг нуур тойруулж маш олон байгууллага, хувь хүмүүст газар олгох жишээтэй. Аялал жуулчлалын бизнесийг чанартай хийе гэсэн байгууллагууд хэдэн зуун саяын хөрөнгө зарж бааз байгуулаад байхад бусад байгууллага, хүнд түрүүчийн баазын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйцээр газар олгодог. Ойр орчмын малчдад ч газар өгчихдөг. Тэгэхээр газартай болчихсон хүмүүс хоорондоо жуулчнаа булаацалдаж “дайсагналцаж” эхэлдэг. Одоо энийгээ болиод нэгдэх хэрэгтэй.
-Нуулгүй хэлэхэд, танай салбарынхан төрөөс яг ямар дэмжлэг хүсч байна?
-Өмнө нь гахайн ханиад, САРС, H1N1, эбола гэх мэт вирусийн халдварт өртөж байсан улс орнуудын аялал жуулчлалын салбар дунджаар 19-20 сарын дараа эргэн сэргэж байсныг тооцож үзвэл коронавирусийн тархалт нь тус салбарт удаан хугацаанд сөргөөр нөлөөлж магадгүй.
Ер нь дэлхий дахинд гарч байсан халдварт өвчин, тахлын дараа аялал жуулчлалын салбарын сэргэлтээрээ БНХАУ өөр бусад улс оронтой харьцуулахад илүү хурдан байдаг.
Үүний учир нь нэгдүгээрт хүн амын олонхиороо, хоёрдугаарт, БНХАУ-д дотоодын аялал жуулчлал нь асар өндөр түвшинд хөгжсөн учраас тус улсын эдийн засгийн алдагдал 25 хувьтай гарч ирж байсан удаатай. Ердөө жил хүрэхгүй хугацаанд тус улсын аялал жуулчлалын салбар буцаад сэргэсэн. Харин Европын улс орнуудын хувьд дотооддоо аялагч гэхээс илүү иргэд нь гадагшаа их аялдаг учраас аялал жуулчлалын салбар нь жилээс илүү бараг хоёр жил орчим хугацааны дараа сэргэсэн. Харин Монгол Улсын хувьд аялал жуулчлалын орлого яахын аргагүй гадаад жуулчидтай холбоотой. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ-ын нислэгүүдтэй шууд хамааралтай. Дандаа гуравдагч хүчин зүйлтэй холбоотой учраас Монгол Улсын аялал жуулчлалын салбар удаан нэлээн хугацааны дараа сэргэх байх.
Миний харж байгаагаар үүнээс гарах гарц шийдэл нь урд хөрш болох БНХАУ-тай илүү найзлах, мөн шууд нислэгтэй байгаа БНСУ-д тулгуурлан бодлогоо тодорхойлох хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд БНСУ-ын жуулчид манай оронд ирэх тоо нь 20-30 хувиар өссөн. Энэ өсөлтийг бид хадгалах хэрэгтэй. БНХАУ, БНСУ-д тулгуурласан аялал жуулчлалын бодлого дээр илүү анхаарч байж бид аялал жуулчлалын салбарт орлого олох илүү хурдан хугацаанд салбараа сэргээж авна. Өнөөдөр ганцхан Монгол Улс бус дэлхийн маш олон улс БНХАУ-ын эдийн засаг дээр тулгуурлаж явдаг. Бүх улс орон БНХАУ-аас хамааралтай байхад Монгол ганцаараа “Бид нар хятадад дургүй” гээд цамнаад хаа хүрэх юм. БНХАУ-ын аялал жуулчлалтай хамтарч ажиллаж байж элгээрээ хэвтсэн энэ салбарыг жаахан ч гэсэн сэргээх боломжтой.
-Таны таамаглаж байгаагаар аялал жуучлалын салбар буцаад сэргэхэд хэр хугацаа шаардагдах бол. Цар тахлын тархалт, мэдээллээс харахад гаднаас жуулчин авна гэдэг бараг худлаа болчихлоо шүү дээ?
-Бид 2021 оноо алдсан. Учир нь, 2020 оныхоо зун олдог орлогоороо 2021 оны намар, өвлийг авч гардаг. Гаднаас жуулчин авч ирэх процесс нь хамгийн багадаа нэг жил, хоёр жилийн хугацаанд товлогддог. Энэ жил ихэнх нь цуцлагдсан, хойшлуулж байгаа аяллууд орж ирэхийн хувьд орж ирнэ. Гэхдээ бага хувийг эзэлж байна. Тэгэхээр 2021 оныхоо намар, өвлийг алдсан гэдэг нь дор хаяж 16-18 сарын дараа л аялал жуулчлалын салбар сэргэх боломжтой гэж харж байна.
-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт 400 сая жуулчин хүлээх авах боломжтой гэсэн нь олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулсан Таны ярьж байгааг сонсоход Монгол Улс 400 сая жуулчин хүлээж авах ямар ч боломжгүй санагдаж байна?
-Л.Оюун-Эрдэнэ гишүүн асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж байна. Түүхэн аялал жуулчлалыг яагаад байшин барилга барихаар төсөөлөөд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Түүний яриад байгаа “Андлалын өргөө”-нд анд бололцож, тулганд гал өрдөөд, дээшээ гараад тангараг өргөнө гэдэг логик сэтгэлгээг одоогийн нийгмийн сэтгэлгээтэй харьцуулаад үз.
Мэдээж эх оронч сэтгэлгээ хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хамгийн гол нь дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага зорилгыг ойлгохгүй, хүмүүсийн хүсээд байгаа ногоон аялал жуулчлал зэргийг огт бодолцож үзээгүй, ямар ч судалгаагүй хийсэн гэдэг нь харагдаж байгаа юм.
Байгалийн материалд түшиглэсэн түүхэн аялал жуулчлалыг бодлого дотор нь оруулж өгөх ёстой болохоос биш түүхэн аялал жуулчлал дангаараа зүтгээд амжилт олохгүй. Монголчуудаас өөр бусад гаднын жуулчид тийшээ зүглэхгүй. Гаднын хүмүүс Монголын сайхан байгаль, хашигдаагүй ан амьтан харах, хашигдаагүй цэлийсэн гэр баазад буух хүсэлтэй. Гэхдээ хамгийн гол нь “Андлалын өргөө”-г Ордостой харьцуулаад байх юм. Ордост хэдэн байшин, гэр барьчихсан. Тэнд дан дотоодын иргэд нь л очдог. Түүнээс биш Ордосыг зориод очсон Европ, БНСУ, Япон жуулчдын тоог гаргаад ир гэвэл байхгүй.
Ордост хятадууд өөрсдөө л очдог. БНХАУ-ын хүн амтай харьцуулж өөрийн улсын аялал жуулчлал ярих нь хэзээ ч байж болохгүй зүйл. Ер нь Ордос бол Монголын түүхийг асар их гуйвуулсан газар. Худлаа түүх зохиож ярьдаг. БНХАУ-ын тайлбарлагч нар Чингис хааныг тэнд төрж, нас барсан болгочихсон. Яг нарийн түүхийг нь аваад үзвэл Чингис хаан Тангудыг дайлаад буцаж явахдаа тэр газраар дайрсан нь л үнэн болохоос биш Чингис хаантай холбоотой түүхэн чухал үйл явдал Ордост огт болоогүй.
ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД БҮСЧИЛСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
-Монголд орж, гарсан гадаадын хүн болгоныг жуулчин гэж тооцдог. Гэтэл зарим ажлаар, сурахаар орж ирсэн байж болно. Яг гаднаас аялж, жуулчлахаар ирсэн нь хэд байдаг юм бэ?
-2019 онд 577.262 жуулчин 609 сая ам.долларын орлого оруулсан гээд салбар яам нь мэдээлсэн. Энэ мөнгөн дүнг нь жуулчных нь тоонд хуваагаад үзэхээр 6-7 хоног аялдаг нэг жуулчнаас бид 1062 ам.доллар л авч байгаа. 1062 ам.долларыг 6-7 хоногт нь хуваагаад үзэхээр аялал жуулчлалын салбарт ашиг ерөөсөө байхгүй. Бид урд хормойгоо аваад хойд хормойгоо нөхөөд өнөөдөртөө мөнгөтэй байх л гэдэг асуудал яриад байгаа болохоос биш хуримтлалын асуудал энэ салбарт огт алга. Гэтэл 609 сая ам.доллар дотор ноолуурын аялал жуулчлалын орлого ордоггүй. Аялал жуулчлалын салбарын орлогыг яаж бодоод байгаа талаар яамнаас асуухаар япон жуулчны төлж байгаа нэг өдрийн мөнгөн дүнгээр хэмжсэн гэж ярьдаг.
Миний ажигласнаар орчин үед япон жуулчин үнэтэй байхаа больсон. Хамгийн үнэтэй жуулчин бол Англи, АНУ, Германаас ирж байна. Тэгэхээр аялал жуулчлалын салбарын орлогоо бодож байгаа аргачлал нь өөрөө яаж яваад байгаа нь ойлгомжгүй. Яам үүнийгээ тайлбарлаж чаддаггүй. Эдгээрийг бодлогын түвшинд бүрмөсөн өөрчлөх ёстой.
Тухайлбал, нэг жуулчнаас хамгийн багадаа хэр зэргийн хэмжээний ашиг харах уу гэдэг үнийн бодлого тогтоох ёстой. Энэ олон замбараагүй аялал жуулчлалд оролцогчдыг цэгцлэх хэрэгтэй. Тэгж байж аялал жуулчлалын салбарын бодит орлогыг тооцож чадна.
2019 онд ирсэн 577.262 жуулчны хэд нь Монголд аялахаар ирсэн жуулчин бэ гэдгийг ч гаргаж чадаагүй. Би хувьдаа эдгээр хүмүүсийг бүгдийг нь 100 хувь Монголд аялахаар ирсэн жуулчид гэж харахгүй байна. Хил гаалиар орж ирж байгаа хүмүүсийн зорилго нь аялах биш ч гэлээ аяллын шугамаар гэсэн хэсгийг нь албаар дугуйлчихдаг. Үүний учир нь албан ажлаар ирж байна гэх юм бол ямар ажлаар ирсэн ямар буудалд буух зэрэг олон асуулт асуугаад байдаг. Харин аяллаар гэх юм бол шуудхан оруулдагт байгаа юм.
–Тэгэхээр жуулчдын тоо нь бодит ашгаасаа хол зөрдөг гэсэн үг үү?
-Мэдээж. Тиймээс л Монгол Улс тандалт судалгааны төвийг мөнгө зарж байгуулах ёстой. Нарийн судалгааг хийхгүй бол аялал жуулчлалын салбарт хэрэгтэй байгаа зүйлийг тодорхойлж гаргах, болохгүй байгаа зүйлийг олж мэдэх, болох зүйлээ төлөвлөхөд хэцүү. Судалгаанд шинжилгээ хийж, зорилгод хүрэх арга замуудыг тодорхойлдоггүйгээс юу хийж, хаана хүрэх гээд байгаа нь тодорхойгүй өдийг хүрлээ. Тухайлбал, БНХАУ аялал жуулчлалын орлогоор АНУ-ыг гүйцдэггүй ч тус улсад аялал жуулчлалын салбар маш хурдтай хөгжиж байна. БНХАУ 2011 оноос эхлэн аялал жуулчлал хөгжиж буй хэд хэдэн бүсэд, мөн ядуурал ихтэй газар нутгуудад орон тоо гаргаж байгаад Тандалт, судалгааны төвүүд байгуулсан. Эдгээр төв тухайн газар нутагт жилд хэдэн жуулчин ирж байна, оршин суугаа хүмүүсийн орлого, амьжиргаанд яаж нөлөөлж байна, тэндхийн сүм хийд, хөшөө дурсгалын элэгдэл ямар байна, ирж, очиж байгаа хүмүүст зам хүндрэлтэй байна уу, үгүй юу, жуулчдыг машинаар явуулсан нь дээр үү, автобусаар уу, дотоодын нислэг хэрэгтэй юү, галт тэрэг нэмэх үү, хөл хөдөлгөөн ихсэхэд эерэг болон сөрөг ямар нөлөө байна гэх мэтээр бүх зүйлийг нарийвчлан судалсан.
Судалгаа хийхэд ийм дүн гарлаа, энэ үзүүлэлт тийм хугацаанд ингэж буурлаа, тэгж өслөө, эерэг, сөрөг нөлөө нь энэ гэх зэргээр шинжлээд, гарцыг тодорхойлоод Засгийн газартаа оруулахад цаг алдалгүй бодлого боловсруулан улмаар хэрэгцээтэй төсөв хөрөнгийг хүртэл шууд гаргаж өгсөн. Жан Зья Жи гэх “Тэнгэрийн хаалга” буюу “Аватар” киноны зургийг авсан гэх тэр газарт аялал жуулчлал ердөө гурав, дөрөвхөн жилд асар хурдтай хөгжсөн. Тийшээ Бээжингээс орон нутгийн хурдны галт тэргээр 12-14 цаг явж очдог байсныг Бээжингээс онгоц нисгэдэг болгосноор жуулчдын тоо эрс өссөн.
–Үндэсний баяр наадам бол Монгол Улсыг дэлхийд таниулсан хамгийн том арга хэмжээний нэг. Тиймээс долдугаар сард Монгол Улсад зочлох жуулчдын тоо харьцангуй нэмэгддэг. Ойролцоогоор 100 орчим мянган жуулчин ирдэг гэсэн. Харамсалтай нь, энэ жил цар тахлаас болж наадам болохгүй байж магадгүй нь?
-Нуулгүй хэлэхэд наадмаар бид жуулчдад зориулж онгоц, галт тэргээ ч нэмж чаддаггүй. Наадмын 16 мянган төгрөгийн тасалбар 180-190 мянгад хүрнэ гэдэг нь яаж ч бодсон аялал жуулчлалд ашигтай хувилбар биш. Жишээлбэл, би наадмын аялал дээр төсөв хийхдээ 25 ам.долларын тасалбарыг 100 ам.доллароор авна гэж төсөвлөж байж багахан ашиг олно. Гэтэл өнгөрсөн жилийн наадмаар 25 ам.долларын тасалбар 200 ам.долларт хүрсэн шүү дээ. Миний төсөвлөж байсан төсвөөс нэг дахин илүү болчихож байгаа юм. Нуулгүй хэлэхэд наадам жуулчдыг татахын хувьд татдаг, гэхдээ аялал жуулчлалын салбарын эдийн засгийн хувьд ашигтай байж чаддаггүй.
Цаашдаа бид наадмаар аялал жуулчлалын салбараа эдийн засгаа ашигтай байлгахын тулд Төв цэнгэлдэхийн асуудлыг шийдэх ёстой. Тур оператор компаниуд жуулчдад зөвхөн Төв цэнгэлдэхийн наадмыг үзүүлэх бус жуулчны наадмыг тусдаа нэг аймаг дээр тулгуурлан хийж болно. Нэг аймгийн цэнгэлдэхийг улсын наадмаас дутахааргүй хөгжүүлж чадах юм бол тухайн аймагтаа ч хэрэгтэй, аялал жуулчлалын компаниудад 16 мянган төгрөгийн захын хамгийн мухарт байгаа суудлыг 170-180 мянган төгрөгөөр худалдаж авах ч шаардлаггүй болно.
Монгол Улс дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд тусгай хамгаалалтын бүс нутаг дээр бүсчилсэн аялал жуулчлалын бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.
Тухайлбал, нуур байлаа гэж бодоход нуурын эргийг 2-3 хуваах хэрэгтэй. Нэг эргийг хөгжүүлэлтийн эрэг болгоод, тэнд зөвхөн амралтын бааз, буудал барина. Нөгөө бүсэд нь шувуу амьтдыг нь дайжуулахгүй хөгжүүлэлт бус хамгаалалтын бүс гэсэн үг. Нэг ёсондоо нуурынхаа нэг эргийг тэр чигт нь хөгжүүлж нөгөө эргийг нь хамгаалчих юм бол илүү зохимжтой. Тухайн хөгжүүлэлтийнхээ бүс дотор майхантай хүмүүс энд бууна гээд буух газрыг нь зааж өгчихөөд дотоодын аялагч нараасаа хураамж авч цэгцлээд явах нь зөв.
-Сүүлийн жилүүдэд дотоодын аялагч нарын тоо эрс ихэссэн. Тэгэхээр хүнд хэцүү, хөл хориотой үед гадаадын биш дотоодын аялагч нарт зориулсан стратеги хэрэгжүүлэх ёстой биш үү. Дотоодын жуулчдыг татахын тулд аялал жуулчлалынхан ч гэсэн анхаарах ёстой байх?
–Үнэндээ бид дотоодын аялал жуулчлалаас буусан газраас нь ч мөнгө авч чаддаггүй. Нөгөөдүүл нь хогоо хаячихаад явна. Дуртай газраа очиж буудаг. Дотоодын аялагчид амралтын баазад бараг мөнгө төлдөггүй. Мөнгө төлдөг хүмүүс нь тодорхой түвшний баян, чинээлэг хүмүүс байдаг.
Тиймээс тухайн гол нуур руу 3-4 газраар орж ирдэг биш орц, гарцыг нь нэг болгомоор байна. Хаа хамаагүй уул даваад энд тэндээс хулгайгаар орж ирээд байгаа хүмүүсийг бүгдийг нь болиулах хэрэгтэй.
Орон нутагт байдал ийм байхад дотоодын аялал жуулчлалаас мөнгө олно гэж горьдох хэрэггүй. Энэ бүхнийг журам, эмх цэгц, хууль, эрх зүйн асуудлаа шинэчилж байж л шийдэх байх. Аялал жуулчлалынхаа хуулийг 2011-2012 оноос хойш одоог хүртэл шинэчилж чадаагүй. Аялал жуулчлалын хуулийг шинэчлэх төсөл дээр асуудлаа мэддэг дуугарч чадах хүмүүсийн төлөөллийг оруулж чадахгүй байгаа учраас гацчихаад байна. Тухайлбал, аялал жуулчлалд буудал, жолооч, хөтөч, аялал жуулчлалын сургалт явуулдаг хүмүүс, жуулчны бааз, техник хэрэгсэл оруулж ирдэг хүмүүс бүгд л хамаатай.
Тэр бүх хүмүүсийнхээ топ төлөөллийг оруулж ирэх бус 4-5 аялал жуулчлалын компанийн захирал, яамны төлөөлөл, хуулийн 1-2 хүн байх жишээний. Нөгөөдүүл нь дандаа л онолын зүйл яриад, аялал жуулчлалын компаниудын захирал нь өөрсдийгөө манасан өөрсдөд нь ашигтай зүйл заалтыг зүтгүүлээд хоорондоо зөрчилдөөд хуулийн төсөл явахгүй байна. Дээрх хуулийн төслийг урагш нь явуулахын тулд аялал жуулчлалын салбарт хамааралтай бүх төлөөллийг оруулж, бүх газраас санал авах ёстой.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ