Улсын их баяр наадам хойшлох уу?

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

Улсын их баяр наадам хойшлох уу?

Улсын их баяр наадам хойшлох уу?

Сүүлийн өдрүүдэд Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг коронавирусийн цар тахалтай холбоотойгоор цуцлах санал гарч эхэлсэн. БСШУС-ын яамнаас энэ тал дээр судалгаа хийж, аль болох зөв зүйтэй хувилбарыг сонгон Улсын Онцгой Комисс/УОК/ болон Засгийн газарт өргөн барина гэдгээ мэдэгдсэн. Тиймээс бид албаны хүмүүстэй холбогдож, тэдний байр суурийг сонслоо.


БСШУС-ын яамны сайд Ё.Баатарбилэг: Үндэсний Их Баяр Наадмын комисс хуралдсан байгаа. Манай яамнаас дэд сайд тус комисст ордог. Энэ жилийн Үндэсний Их Баяр Наадмыг зохион байгуулна гээд бэлтгэл ажлаа хангаад явж байгаа. Гэхдээ цар тахлын байдлыг харах байх. Наадам зохион байгуулагдаасай гэж монгол хүн бүхэн хүсч байгаа нь дамжиггүй. Тийм учраас наадмын тухай шийдвэрүүд тодорхой цаг хугацааны дараа гарах байх. Одоогийн байдлаар зохион байгуулагдана гээд бэлтгэлээ хангаад явж байгаа.


Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүний түр орлон гүйцэтгэгч Улсын Заан Ц.Магалжав:

-Дэлхий дахинд цар тахал гараад хүнд байдалтай байна. Энийг хүн бүхэн ойлгож байна. Гэхдээ Монгол улсад гамшгийн хэмжээнд хүрээгүй байгаа учир олон нийтийг цуглуулаад Улсын Их Баяр Наадмын нээлт, тоглолтыг зохион байгуулахгүйгээр, нэг ёсондоо үзэгчгүй гэсэн үг л дээ. Ийм аргаар Улсын Их Баяр Наадмыг зохион байгуулж болохоор юм шиг санагдсан. Манай төв цэнгэлдэх хүрээлэн чинь 15 мянган хүний суудалтай учир төрт ёсны үндэсний бөхийн барилдаанаа тасалдуулахгүй зохион байгуулах боломжтой. 15 мянган хүний суудалтай төв цэнгэлдэхдээ 512 бөхөө тодорхой хэмжээний зайтай суулгаад засуулуудаа тодорхой хэмжээний зайтай байрлуулаад гарын дааг нь ажлуулаад ингээд хийвэл болох юм шиг ээ. Харин бусад морины цол дуудах, урлагийн тоглолт зохион байгуулахгүй болвол 512 бөх төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ гарч барилдахад зургаа, долоон цагийн л хугацаа зарцуулна шүү дээ.

Үзэгчид болон бөхчүүдийг дагаж орж ирдэг хүмүүс байхгүй болоод зөвхөн бөхчүүд орж ирвэл бас нэг шинэлэг давуу тал харагдаад байгаа юм. Юу вэ гэвэл үзэгчдэд бөхийн найраа гэдэг зүйл явагдаад байна гэсэн шүүмжлэл үргэлж байдаг. Харин энэ жил найраагүй наадмыг зохион байгуулж засч, шинэчилж болохоор юм шиг миний хувьд санагдаад байгаа юм. Бөхчүүдийг эрэмблэж суулгаад барилдуулах юм бол жинхэнэ цэвэр өрсөлдөөн гарч ирэх байх. Тэрнээс биш нутаг усаараа, найз нөхдөөрөө, цүнх хувцсыг нь барьж явдаг нөхөд хамт суугаад байвал хэрэг байхгүй. 1955 онд сугалааны бөхийн барилдааныг хийж байсан тохиолдол байдаг юм билээ. 256 бөх сугалааны бөхийн барилдаанд барилдах үед санал, шүүмжлэл их гарч байсан. Энэ үед бид наадмын барилдаанаа сайн зохион байгуулалттай  хийвэл болохоор юм шиг харагдаж байгаа. Энэ зөвхөн хувь хүний бодол шүү дээ.


Улсын Аварга С.Мөнхбат:

-Цаг үе ийм ээдрээтэй байх үед ард иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Бөхчүүд бид чинь бүтэн нэг жилийн хугацааг зөвхөн нэг л удаагийн наадамд л бэлдэж өнгөрүүлдэг шүү дээ. Ид барилдаж буй бөхчүүдийн хувьд нэг жил алдах нь таагүй ч үүнээс илүү том зүйл бол эрдэнэт хүний эрүүл мэнд.


Улсын Аварга Ч.Санжаадамба:

-Энэ тал дээр хэлэх ч юм алга даа. Гэхдээ төр, засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн үзнэ.


Монголын Үндэсний Сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатар:

-Манай холбооны зүгээс Улсын Онцгой Комисс/УОК/-ын шийдвэрийг л дагана. Ер нь байдал хүндэрвэл наадмыг зохион байгуулах ч хэрэггүй. Олимпийн наадам хүртэл цуцлагдаад байна шүү дээ. Тиймээс манай холбоо УОК-ын шийдвэрийг л дагаж ажиллах болно.


Монголын Морин Спорт Уяачдын холбооны ажлын албаны дарга Б.Батбаатар:

-Монголын Морин Спорт Уяачдын холбоо бол 21 аймаг, нийслэл, зургаан дүүрэг, 330 суманд салбартай, 120 мянга гаруй гишүүнтэй мэргэжлийн холбоо. Энэ 2020 онд манай холбооны 25 жилийн ой тохиож байгаа. Үүний хүрээнд бид 2020 оны нэгдүгээр улиралдаа багтаан засгийн газрын тогтоолын дагуу Их-Хурд болон бүсийн уралдаануудынхаа саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Дэлхийн нийтийг цочроогоод буй covid-19 өвчний үед уяачид маань “Морьтны хийморь” аяныг өрнүүлж, УОК болон Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжиж буйгаа илэрхийлж, эмч, эмнэлгийн байгууллагын алба хаагчдадаа 120 сая төгрөг хандивласан. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч БНХАУ-д айлчлах үеэрээ 30 мянган хонь хандивласан. Манай уяачдын зүгээс үүний мянган хонийг нь гаргахаар болсон. Эдгээр жишээн дээрээс л авч үзэхэд уяачид, малчид маань хүнд хэцүү цагт нэгдэн нийлж байгаагаа харуулж чадаж байгаа юм. Одоо бол хүн бүр эрүүл байх нь чухал. Их зохиолч Д.Нацагдорж “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж хэлсэн байдаг шүү дээ. Тиймээс хамгийн түрүүнд өвчингүй, эрүүл энх байх хэрэгтэй. Манай холбоо бол УОК болон Засгийн газрын шинэ коронавирусийн эсрэг гаргасан бүхий л шийдвэрийг дагана гэдгээ танай сайтаар дамжуулан илэрхийлж байна.


Монголын Шагайн Харвааны холбооны ерөнхийлөгч Ц.Энхбат:

-Шагайн харвааны спорт маань 1998 оноос хойш Улсын Их Баяр Наадмын дөрөвдэх дагавар төрөл болж нэмэгдсэн. Улс, аймаг, сумын гээд олон олон тэмцээн уралдаан зохион байгууллаа. Гэвч энэ жил шинэ коронавирусийн улмаас улс, аймаг, нийслэлийн тэмцээнүүдээ хийж чадалгүй хойшлууллаа. Шинэчлэгдсэн хуваарийн дагуу ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн тэмцээнүүдээ зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Ахмадын УАШТ маань ирэх тавдугаар сард байсан ч мөн хойшилсон. Уг нь 2004 онд ЮНЕСКО-д бүртгүүлсээс хойш хүүхэд, залуучууд их идэвхитэй хичээллэж байсан юм. Үүний илрэл болж саяхан 20 минутын теле хичээлийг явууллаа. Харин энэ жилийн баяр наадмын хувьд манай холбоог Хүй долоо худаг руу нүүлгэх асуудал яригдсан л даа. Уг нь Хүй долоо худагт асарт болж зохион байгуулагдаж байснаас Төв цэнгэлдэхийн асартаа зохион байгуулагдвал зүгээр байх юм. Гэхдээ төр, засгийнхаа гаргасан шийдвэрийг хүндэтгэж, даган хэрэгжүүлнэ дээ.


 

Дээрх хүмүүсийн ярианаас авч үзэхэд Улсын Их Баяр Наадам зохион байгуулагдах эсэх нь шинэ коронавирусийн тархалттай шууд холбогдож байгаа нь ажиглагдаж байна. Хэрвээ коронавирусийн тархалт энэ хэвээрээ улам цааш даамжрах юм бол энэ жилийн наадам зохион байгуулагдахгүй байх аюултай. Ямартай ч эцсийн шийдвэрийг УОК болон Засгийн газар гаргана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж