“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн удирдах зөвлөлийн 6 дугаар хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн удирдах зөвлөлийн 6 дугаар хурал боллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нар өнөөдөр /2015.12.01/ УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн удирдах зөвлөлийн 6 дугаар хуралд оролцлоо.

Хуралаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн 2015 оны ажлын тайлан болон 2016 оны хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Энэхүү төсөл нь орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх механизм бий болгох, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог сайжруулах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын үүргийг нэмэгдүүлэх, ИТХ-уудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, мэдээлэл, мэдлэг солилцох механизмыг боловсруулж орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр ажилладаг. Мөн төлөөлөгчдийн үндэсний сургалтын хөтөлбөр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын сайн туршлагыг баримтжуулах түгээх, хурлуудын хамтын ажиллагааг хангах, мэдлэг, мэдээлэл солилцох механизм бүрдүүлэх Khural.mn цахим хуудастай болсон зэрэг олон сайн үр дүн гарчээ. Үндэсний сургалтын хөтөлбөрийг бий болгоход ИТХ-ын төлөөлөгчдийн сэдэвчилсэн болон манлайллын сургалтын хөтөлбөр, гарын авлага, стандартыг боловсруулж, сургалтын хөтөлбөр агуулга стандартыг баримтлан аймаг, сумдын нийт төлөөлөгчдөд төлөөлөгчдийн, сэдэвчилсэн болон эмэгтэй төлөөлөгчдийн манлайллын сургалтыг зохион байгуулжээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар энэ үеэр хэлэхдээ, 2016 оны 12-р сарын 31-ээр төслийн 1 дүгээр үе шат дуусгавар болж, 2016-2020 оны хооронд 2-р үе шат үргэлжилнэ. Тиймээс дараагийн үе шатны баримт бичгийг боловсруулах ажил 2016 оны эхний хагас жилд хийгдэхээр төлөвлөгдсөн. Мөн ирэх жил сургалтын хөтөлбөр агуулгыг боловсронгуй болгох, сургалтыг институтчлэх зэрэг төслийг хэрэгжилтийг сайжруулана гэлээ.

Хуралд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Томас Эриксон, Швейцарийн хөгжлийн агентлагийн Гүйцэтгэх захирал Габриелла Спирли болон албаны бусад хүмүүс оролцож, талууд төслийн үр дүнгийн болон зорилго, зорилтуудын талаар харилцан санал солилцлоо

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж