Гадаад оюутнууд: Монголд байх нь илүү аюулгүй санагдаж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

COVID-19

Гадаад оюутнууд: Монголд байх нь илүү аюулгүй санагдаж байна

Гадаад оюутнууд: Монголд байх нь илүү аюулгүй санагдаж байна

Сүүлийн үед дэлхий даяар шинэ коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир улс орнууд гадаадад ажиллаж, хөдөлмөрлөж сурч байгаа ард иргэдээ татан авах ажиллагаа ихээр зохион байгуулж байна. Монгол Улсын хувьд ч энэ тал дээр анхаарч БНХАУ, ОХУ, Солонгос болон Европын улсуудаас ард иргэдээ авчрах арга хэмжээнүүдийг нь зохион байгуулж байна. Бид энэ удаад Монголд сурдаг нутаг буцалгүй үлдсэн гадаад оюутнуудтай уулзаж, цар тахлын үед тэднийг хэр мэдээлэлтэй байж, өөрсдийгөө хамгаалж байгаа талаар байр суурийг нь сонслоо.


Монгол Улсын Их Сургуулийн эмч З.Гаравсүрэн:

-Манай оюутны гурван байранд нийт 167 гадаад оюутан бий. Оюутнуудад сургуулийн зүгээс хангалттай мэдээлэл өгч байгаа. ДЭМБ-аас өгч буй зөвлөмж, мөн дээрээс нь өдөр болгон хүрдэг эрүүл мэндийн яамны мэдээллийг гадаад оюутнууддаа цаг тухай бүрт нь хүргэдэг. Сургуулийн зүгээс ч оюутнууддаа үзлэг тогтмол хийдэг. Нийт найман үзүүлэлтээр өдөр бүр оюутнуудынхаа эрүүл мэндийг хянаад сургуульдаа рапорт бичиж тайлагнадаг. Ганц коронавирус гэлтгүй бусад эрүүл мэндийнх нь тал дээр томоохон хяналт тавьж байна. Үзлэгийн хувьд эхлээд тухайн оюутан ямар нэгэн зовиур байна уу гэдгийг шалгадаг. Ханиалгаж, толгой нь өвдөж байна уу? Эсвэл халуурч байна уу гэдгийг үздэг. Мөн биеийн температурыг нь, зүрхний цохилтыг нь, хоолой амыг нь, уушгины амьсгалыг нь, тунгалагийн зангилааг нь гээд бүхий л зүйлийг нь өдөр бүр нарийн үзэж байгаа. Харин ариутгалын тал дээр манайх эрүүл ахуйчтай. Хөдөлмөр, аюул ахуйн мэргэжилтэнтэйгээ эмчийн хувиар миний бие хамтарч ажилладаг. Коронавирусийн тархалтаас өмнө ерөнхийдөө гадаад оюутнууд маань өвлийн амралтаараа нутаг буцсан. Харин хил хаагдсан хойно гурван оюутан эргэж ирсэн. Одоогийн байдлаар дотуур байранд нийт 34 гадаад оюутан амьдарч байгаа. Нэгдүгээр байранд 22, хоёрдугаар байранд 12 оюутан байна.

Сургуулийн зүгээс ч тэр, миний зүгээс ч тэр гадаад оюутнуудаа нутаг буц эсвэл Монголд үлд гэсэн ямар нэгэн шаардлага тавиагүй.

Тухайн хүний өөрийнх л хүсэл, санаа бодлыг харгалзаж байгаа. Миний бодлоор ихэнхи гадаад оюутнууд маань Монголд үлдэх сонирхолтой байгаа юм шиг санагдсан. Яагаад гэвэл манай улс чинь коронавирусийг маш сайн хянаж чадаж байгаа учир оюутнууд маань айх аюул багатай хэмээн бодож үлдэхийг илүүд үзэж байгаа байх. Залуучууддаа хандаж хэлэхэд гар утас, компьютер тоглоом их тоглож нойр муутай хонож байна. Хичээл сургууль орохгүй чөлөөт цаг ихтэй байгаа учир шөнө нойргүй хоноод даралт нь өндөрсч, ядарч дархлаа нь муудаж байна. Вирустэй ганц тэмцдэг зүйл чинь дархлаа учир дархлаагаа дэмжих хэрэгтэй гэж зөвлье.


МУИС-ийн Хууль Зүйн салбар сургуулийн V курсын оюутан, Лаос улсын иргэн П.Петтапон:

-Сургуулийн зүгээс өглөө бүр эрүүл мэндийн үзлэг хийж байгаа. Эмч, жижүүр гээд бүгд л байрны дотоод дүрмээ дагаж, маскаа зүүж, гараа угааж, ариутгал хийхийг зөвлөдөг. Монголд байх нь аюулгүй санагдаж байгаа. Лаос улсад маань ч халдвар авсан хүний тоо бага буюу 19 байгаа учир айх зүйлгүй алга. Аль, аль улсад нь айх юм алга. Хаана ч зөвлөмж, дүрмийн дагуу байж чадвал халдвар авах хүний тоо багасна шүү дээ. Гол нь зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Монгол, Лаос, Тайланд гэх зэрэг улсуудын мэдээг үзэж, тэнцвэртэй зөв мэдээлэл олохыг хүсч байгаа. Заримдаа фэйсбүүкээр худал мэдээлэл их тархдаг юм шиг санагдсан. Монголчуудад хандаж хэлэхэд маскаа зүүгээрэй, гараа угаагаарай гэж хэлье.


МУИС-ийн Монгол хэлний бэлтгэл курсын оюутан, Солонгос улсын иргэн Ён Үн Ким:

-Монголд байх нь зүгээр юм шиг санагдсан. Үнэндээ Солонгос улсад маань олон хүн коронавирусийн халдвар авсан учир энд байх нь илүү аюулгүй санагдаж байгаа. Их сургуулийн зүгээс ч бидэнд “ Гадагшаа битгий гараарай”, “ Маскаа зүүгээрэй”, “Гараа угаагаарай” гэж дандаа хэлдэг. Энд байх нь Солонгост байснаас илүү аюулгүй санагдаж байгаа.

Дотуур байрны харуулын хэлж буйгаар сургуулийн зүгээс гадаад оюутнуудыг өдөрт нэг л цагийн хугацаатай гадагшаа гарч өөрт хэрэгцээтэй хоол хүнс болон бусад нэн шаардлагатай зүйлсээ авахыг сануулж, шаардлагагүй бол гадагш гарах хэрэггүй хэмээн зөвлөж байгаа аж. Мөн гадаад оюутнуудын зүгээс аль болох нутаг буцалгүй Монголд байж, гэр орноосоо илгээмж авч байгаа талаар ярьсан. Тэдэнд ирсэн илгээмжүүдийг маш сайн ариутган, тэр дор нь задлан тарааж байгаа юм байна. Одоогийн байдлаар Монголд үлдээд буй гадаад оюутнуудын ихэнх хувийг Өвөрмонгол, Хятад болон Лаос оюутнууд эзэлж байна. Өвөр Монгол болон Хятад оюутнуудын хувьд эх орон руугаа явах боломжтой байсан ч Монголд үлдэхийг илүүд үзсэн гэнэ.

Сонирхуулахад,  Монгол Улсад жил бүр 900-1100 гаруй гадаад оюутан ирж суралцдаг бөгөөд эдгээр оюутнууд нь МУИС, MIU, АШУҮИС, СУИС, МУБИС, ХААИС болон Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Монгол дахь салбар сургуульд ихэвчлэн сурдаг байна. Харин Монгол улсад ирж суралцаж буй гадаад оюутнуудыг харьяалах улс орноор нь авч үзвэл ОХУ (Буриад, Халимаг), БНХАУ(Өвөр Монгол), БНСУ, Лаос, Вьетнам зэрэг улсуудын оюутнууд ихэнхи хувийг эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж