Улс төрийн намуудын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийв

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Улс төрийн намуудын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хөтлөн явуулж, УИХ-ын гишүүд, УИХ дахь намын бүлгүүдийн ажлын албаныхан, парламентад суудалтай болон суудалгүй намуудын удирдлага, улс төр судлаачид, УБЕГ, СЕХ, ТББ, иргэний нийгмийн байгууллын төлөөлөл, иргэд оролцлоо.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Түүх сөхвөл Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх асуудал олон удаа яригдаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Сосормаагаар ахлуулсан ажлын хэсэг анх 2011 онд байгуулагдан энэ төсөл дээр ажиллаж байсан. Үүний дараа 2013 онд УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулж улс төрийн намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг тодорхой хугацаанд ажилласан ч харилцан ойлголцолд хүрч чадаагүй. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчид Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг санаачилна уу гэсэн хүсэлт ирсэн тул энэ 2015 оны эхээр Ерөнхийлөгчийн захирамж гарч уг хуулийн төслийг шинэчлэх ажилд орсон. Өнгөрсөн хугацаанд ардчиллын 25 жилийн хугацаанд улс төрийн намуудтай холбоотой гарсан туршлага, санал шүүмжлэл, санаа оноо, олон улсын байгууллагуудын мэргэжлийн хүмүүсийн санал, зүүн Европын орнуудын туршлага, ХБНГУ, Гана зэрэг тодорхой орны улс төрийн намуудын туршлагыг судалж үзсэн.

Энэ ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн байгууллагын зөвлөх Ч.Өнөрбаяр ахалж ажиллаж байна. Гишүүдэд Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Баатархүү, ХБНГУ-ын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөтөлбөрийн дэд захирал Батболд, МУБИС-ийн багш, доктор Гэрэлт-Од, хуульч, ХБНГУ-ын Бонн хотын их сургуулийн магистр Үүрцайх, Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал Эрдэнэжаргал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах референт Бямбадулам нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан. Өнгөрсөн хугацаанд энэ ажлын хэсэг 11 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж 500 гаруй оролцогч хамрагдсан. Энэ удаагийнх бол хуулийн төслийг УИХ-д өргөн барихын өмнөх хариуцлагатай хэлэлцүүлэг юм.

Шинэчилсэн найруулгын хуулийн төслөөр Улс төрийн намуудын тухай хуульд 10 шинэчлэл хийгдэж байна. Эдгээрийг дурдвал:

Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө

Намыг хянах хариуцлагын тогтолцоо бий болно

– Намын зүгээс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог хатуу зааг ялгаатай, хүлээх хариуцлагатай болгоно

– Намын хатуу гишүүнчлэлээс татгалзана

– Нам шилэн данстай болно

Намын үйл ажиллагааг  явуулах доод босгыг тогтооно

– Нам дотооддоо улс төрийн маргаанаа шийддэг болно

– Намын бүтэц, зохион байгуулалтын уян хатан тогтолцоог санал болгож байна

Намууд ТББ , фракцтай, одон медальтай  байхыг хориглох нь зүйтэй

Намуудыг дахин шинээр бүртгэж, өмч хөрөнгийн асуудлыг цэгцэлнэ

гэсэн 10 багц асуудлыг тусгах нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдрийн хариуцлагатай хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд дахин талархал илэрхийлье” гэлээ.

Үүний дараа ажлын хэсгийн гишүүн Гэрэлт-Од, Үүрцайх нар хуулийн төслөөр дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Тэд хэлэхдээ “Улс төрийн нам нь: 

  1. Судалгаа – бодлого боловсруулах институт;
  2. Манлайлагч – хүний нөөцийг бэлтгэх газар;
  3. Төрөөр дамжуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэгч бүтэц гэж тодорхойлсон.

Намуудыг олон шинэ гишүүнтэй байхын төлөө кампаничилж элсүүлдэг биш олон асуудлын шийдлийг олохын төлөө бодлогоор өрсөлддөг болох ёстойг хуулинд заасан. Энэ хуулийн төслөөр улс төрийн намыг бүртгэдэг, хянадаг тогтолцоог шинэчилж, Сонгуулийн төв байгууллага хэрэгжүүлж, жилд 2 удаа намуудын тайланг авна. Намууд  сонгуульд нэр дэвших эрхийн төлөө гишүүдээсээ хандив, барьцаа, дэнчин, мөнгөн тусламж авсан бол улсын орлогод хурааж, төрөөс олгох санхүүжилтийг бууруулна. Нэг хүн нэг л намын  гишүүн байж  анхан шатны нэг л газар бүртгэлтэй байхыг хатуу заасан. Шинээр гишүүнээр элсэх бол заавал өөрийн биеэр очиж үлгэрчилсэн маягт бөглөж, гарын үсэг зурснаар баталгаажна. Намуудын гишүүнчлэлийн бүртгэлийг Улсын бүртгэлийн төв байгууллага дээр байх бөгөөд  мэдээллийн цахим бааз иргэдэд нээлттэй шилэн  байна.

Улс төрийн намуудад улсын төсвөөс олгох санхүүжилтийн зориулалтыг зааж 30 хувиас доошгүйг бодлого боловсруулах, мөн 30 хувиас доошгүйг гишүүд, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, 10 хувиас доошгүйг намын бүтцийн нэгж дэх сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцооны эрхийг хангахад гэж хатуу заасан. Үүнийг зөрчиж санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулбал санхүүжилтийг зогсоож, нөхөн төлүүлнэ. 3000-аас доош хүн амтай засаг захиргааны нэгжид намын салбар нэгж байгуулахыг хориглосон. Ингэснээр дээрх тоонд хүрэхгүй нийт баг, мөн 200 орчим сумдын иргэд улстөржилт, намын дарамтаас чөлөөлөгдөнө. Энэ хуулийн босгыг давж чадаагүй сум, суурин газрууд нэгдэж нийлэх замаар анхан шатны салбар нэгжийг байгуулж болно.

Энэ хуулиар улс төрийн намын гишүүдийн тоо цөөн байх тохиолдолд нүсэр бүтцийг сонгохгүй байх эрхийг олгож байгаа. Нийт гишүүд 3001 хүрэхгүй тохиолдолд Их хурлын оронд Бүх гишүүдийн хуралтай байх, мөн Их хурлаас Төлөөллийн төв байгууллагыг зохион байгуулахгүйгээр Гүйцэтгэх төв байгууллагаа байгуулж болох, намын олон  даргатай байх эрх нь нээлттэй, нам дүрмээрээ өөрийн бүтэц, зохион байгуулалтаа тодорхойлох боломж нээгдсэн. Мөн 31-ээс доошгүй гишүүнтэйгээр нам байгуулах, 3001- ээс дээш гишүүнтэй бол сонгуульд оролцох нөхцөлийг оруулсан” гэж байлаа.

Танилцуулгыг сонссоны дараа оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм. МНН-ын дарга О.Бум-Ялагч, БНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Зоригоо, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, МСДН-ын дарга А.Ганбаатар, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МҮАН-ын Цогтгэрэл нарын зэрэг олон хүн санал бодлоо илэрхийллээ.

Тэдний дийлэнх нь хуулийн төсөлд 31 хүн нэгдэж улс төрийн нам байгуулна гэсэн нь хэтэрхий намхан босгоор олон нам байгуулах боломж нээх гэж байгаа болон намуудыг төрийн хяналтад оруулахуйц санал тусгагдсан, СЕХ-нд хэтэрхий их эрх мэдэл өгөхүйц байгааг шүүмжилж байлаа. Олон хүн хуулийн төсөл дутуу дулимаг болсон, буцаан татах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан юм. Хэрэв 31 хүн нэгдэж нам байгуулбал Монголд одоо байгаа улс төрийн 24 нам удахгүй 240 болно гэж байлаа. Мөн намууд гишүүнчлэлийн хойноос улайрч үндэсний нам болохын төлөө хөөцөлдөн нийгмийг талцуулах бус, бодлогын нам байх ёстой гэсэн санал давамгайлж байв.

Хэлэлцүүлгийг хааж  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Олон гишүүнтэй намуудын удирдлага, ерөнхий нарийн бичгийн дарга нар ирж үнэтэй санал онол хэлсэнд талархаж байна. Олны санаа оломгүй далай гэдэг. Үнэхээр 31 хүн нийлж нам байгуулах асуудал, СЕХ-нд их эрх мэдэл өгөх гэсэн заалт зэргийг шүүмжилсэн олон үнэтэй санал гарлаа. Асуудалд авах гээхийн ухаанаар хандах болно. Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг цааш нь зөвшлилцлийн зарчмаар явуулах нь зүйтэй гэсэн уур амьсгал давамгайллаа. Явуулахгүй гэвэл өнөөгийн байдал үргэлжилнэ. Хэлэлцүүлэгт ирсэн та бүхэнд их баярлалаа” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж