СЕХ Солонгос, ЭМЯ-аас зөвлөмж хүсчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

СЕХ Солонгос, ЭМЯ-аас зөвлөмж хүсчээ

СЕХ Солонгос, ЭМЯ-аас зөвлөмж хүсчээ

Хуулиараа хоёр сарын дараа буюу зургадугаар сарын 24-ны өдөр УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ удаагийн сонгууль цар тахлын үед зохион байгуулагдахаараа онцлог бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос ЭМЯ-аас сонгуулийн үед хэрхэн ажиллах, хариуцлага алдахгүй байх чиглэлээр зөвлөмж, мэдээлэл авахаар саналаа хүргүүлжээ. ЭМЯ-аас ч хэрэв сонгууль зохион байгуулбал ямар нөхцөл, ямар байдлаар ажиллах талаар судалгаа хийж, СЕХ-нд хүргүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Дэлхийн олон оронд тархсан коронавирусийн цар тахлын үед парламентын сонгуулиа хийсэн улс бол БНСУ. Тус улсын хувьд энэ удаагийн сонгууль нь түүхэнд байгаагүй өндөр ирцтэй байснаас гадна халдвар ч өсөөгүй гэнэ. Иргэддээ сонгууль өгөх тусгай журам гаргаж, иргэд нь ч түүнийг нь даган, амжилттай сонгуулиа явуулсан. Тэгвэл манай улсын хувьд хоёр сарын дараа болох сонгуулиа хэрхэх вэ. Ерөнхийлөгчийн зүгээс ээлжит сонгуулийг хойшлуулахыг удаа дараа шаардаж байгаа ч эрх баригчдын хувьд сонгуулиа хойшлуулахгүй гэсэн байр суурьтай байгаа юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос зөвлөмж авахаар БНСУ-ын Сонгуулийн хороонд хүсэлтээ гаргажээ. Тэд цар тахлын үед парламентын сонгуулиа хийж, иргэд нь ч идэвхтэй оролцсон учраас бид хэрэв ийм нөхцөлд сонгууль зохион байгуулбал хэрхэх, юунд анхаарах, ямар зохион байгуулалт хийх зэрэгт зөвлөмж, мэдээлэл авахаар БНСУ-ын тал руу хүсэлтээ явуулжээ. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо тухайн бичиг ирсний дараа, мөн Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дараа хэрхэхээ шийдвэрлэж, Улсын онцгой комисст саналаа хүргүүлэхээр бэлтгэж байгаа гэв.

НАМ, ЭВСЭЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЭСЭХЭЭ МЭДЭГДЭНЭ

 УИХ-аас баталсан хуулийн дагуу Бямба гариг буюу дөрөвдүгээр сарын 25-наас өмнө нам, эвсэлд УИХ-ын сонгуульд оролцох эсэхээ албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд мэдүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, нам, эвсэл, сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэх ёстой. Энэ хугацаа энэ Баасан гаригаар дуусгавар болно. Харин СЕХ дөрөвдүгээр сарын 29-ны дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх шийдвэрээ гаргана.

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл Аудитын ерөнхий газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн учраас тийм тооны нам, эвсэл УИХ-ын сонгуульд оролцоно гэсэн үг. Үндэсний аудитын газарт нийт 15  нам, 4 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Нам, эвслээс ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах чиглэлийн хүрээнд дүгнэлт гарган 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Аудитын шалгалтад “бүдэрсэн” нам, эвсэл энэ удаагийн сонгуульд оролцох боломжгүй болно.

НАМААСАА ДЭМЖЛЭГ АВЧ ЧАДААГҮЙ БОЛ БИЕ ДААХ ЭРХГҮЙ

УИХ-ын сонгуулийн тухай хуульд бие даан нэр дэвших горилогчдын Аудитын ерөнхий газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хугацаа дөрөвдүгээр сарын 24-ны өдрөөр дуусгавар болж буй. Өөрөөр хэлбэл, бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө аудитын ерөнхий газраар хянуулаагүй бол нэр дэвших боломжгүй болно. Өмнө нь намаасаа жийгдэгсэд, тойроггүй үлдэгсэд хуулийн дагуу бие даан нэр дэвших эрхтэй байсан бол энэ удаагийн хуулиар энэ боломжийг нь хассан. Хэрэв дөрөвдүгээр сарын 24-ны өдрөөс өмнө Аудитын ерөнхий газар мөрийн хөтөлбөрөө өгөөгүй бол нэр дэвших эрх үүсэхгүй гэсэн үг. Намын даргадаа гологдогсод, намаасаа мандат авч чадаагүй л бол 2020 оны сонгууль баяртай гэсэн үг. Тиймээс бие даан нэр дэвших үү, нам дагах уу гэдгээ өнөө, маргаашдаа эцэслэхгүй бол олон хүн нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагдах магадлал өндөр. Ялангуяа МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-чдээ, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бол нэр дэвшүүлэхгүй гээд ам гарчихсан учраас эрх баригч намаас даргатайгаа “тохиролцож” чадахгүй бол гэсэн хувилбартай хүмүүс олон бий.

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгах учиртай. Өөрөөр хэлбэл энэ хугацаа нь тавдугаар сарын 10-16-ны өдрүүдэд таарч буй. Тэгвэл МАН-ын хувьд нэр дэвшигчээ тодруулах Бага хурлаа тавдугаар сарын 26-нд хийх сурагтай байна. Ардчилсан намын хувьд тавдугаар сарын 10-ны өдөр Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаар товлосон бөгөөд дээрх намуудын хурал онлайнаар явж магадгүй байгаа юм. Учир нь цаг үеийн нөхцөл байдал, олон хүн нэг дор цуглуулахгүй байх хорио цээрийн дэглэм цуцлах эсэхээс шалтгаалах юм.

Нэр дэвшигч тодорсноос хойш АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг, лавлагаа авах, баримт бичгийг СЕХ-нд хүргүүлнэ. Харин Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн материалыг тавдугаар сарын 21-ны дотор хүлээн авч, материал хүлээн авснаас хойш тав хоногийн дотор шийдвэрлэх юм.

Сонгуулийн бэлтгэл ажлын хуанли:

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж