Шинэ төрлийн коронавирус нь зөвхөн уушгийг гэмтээгээд зогсохгүй судасны ханыг гэмтээж, улмаар цусны эргэлтийг зогсоох аюултайг эрдэмтэд судалгаагаар нотолжээ.
“The Lancet” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн шинэхэн судалгааны тайланд дурдсанаар коронавирусийн халдвар цусанд орсноор судасны хамгаалалтын давхарга болох эндотелийг гэмтээж, хамгаалалтыг нь сулруулж, цусны эргэлтийг зогсоох хүртэл эрсдэл үүсгэдэг байна.
Энэхүү судалгааг Холбооны Бүгд Найрамдах Швейцарь улсын Цюрихийн их сургуулийн эрдэмтэд удирдан явуулсан бөгөөд тус сургуулийн Зүрх судасны тасгийн эрхлэгч Фрэнк Русчицкагийн хэлснээр ингэж судасны ханыг гэмтээснээр зүрх, бөөр, гэдэс дотор гээд бүхий л эрхтэнд очих цусан хангамжийг тасалдуулж, улмаар эдгээр эрхтнүүдийг үйл ажиллагаа алдагдаж эхлэх аж.
Түүнчлэн өмнө нь судасны хана нь гэмтэж байсан, эндотелийн үйл ажиллагаа нь суларсан хүмүүс коронавируст илүү өртөмтгий, нас барах магадлал өндөр байх магадлалтай юм байна. Цусны даралт ихсэх, чихрийн шижин, хэт таргалалт, зүрх судасны өвчтэй хүмүүсийн судасны хана гэмтсэн, хамгаалалтын давхаргын үйл ажиллагаа муудсан байдаг учир ийм өвчтэй хүмүүс коронавируст илүү өртөмтгий байгаа аж.
Тиймээс дээрх төрлийн ужиг өвчтэйн дээр коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдэд судасны ханыг халдваргүйжүүлэх, эндотелийг тогтворжуулах эмчилгээ хийх нь үр дүнтэйг судлаачид онцолжээ.
Эх сурвалж: KOREATIMES
Холбоотой мэдээ