Цэвэр цэмцгэр, эрүүл, халдваргүй байдал одоо цагт хэзээ ч байгаагүйгээрээ хамгийн чухал зүйл болжээ. Харин энэ байдлыг бүрдүүлэх хамгийн хүнд үүрэг эмнэлгийн цэвэрлэгч нарын нуруун дээр бууж байгаа.
Чикагогийн иргэд тагт, дээвэр дээрээ гарч зогсоод хонх жингэнүүлж, алга ташиж эрүүл мэндийн салбарт коронавирустэй тэргүүн шугамд тэмцэж буй эмч, сувилагч нар, үйлчилгээний ажилтнуудад гуравдугаар сарын 26-нд талархлаа илэрхийлсэн билээ. Гэхдээ эмнэлгийн цэвэрлэгч нар хэрхэн ажиллаж буйг хэн ч анзаарсангүй.
Эмнэлгийн үйлчлэгч 39 настай Кэндис Мартинез “Доод түвшний ажил хийж байгаа бидний ажлыг хэн ч үнэлэхгүй байгаа нь гомдмоор байна” хэмээн ярьжээ. Тэрбээр Northwestern Memorial эмнэлэгт өвчтөнүүдийн өрөөг тогтмол цэвэрлэх, гарсных нь дараа их цэвэрлэгээ хийдэг аж. Харин коронавирус хүчээ авч, эмнэлгийн өрөөнүүд халдвартай өвчтөнүүдээр дүүрч буй энэ үед түүний ажил маш хүнд бөгөөд эрсдэлтэй болсон байна.
Мартинез бол Чикагод цар тахлын үед ч ажиллах шаардлагатай байгаа хэдэн мянган нэн чухал ажилчдын нэг төдийгүй Чикагод бүртгэгдсэн 12 мянга 571 халдвар авагсдын нэг юм.
Түүнийг оролцуулаад Чикагод нийт 33 мянга орчим эмнэлгийн үйлчлэгч байдаг бөгөөд 2018 оны судалгаанаас харахад тэд жилдээ 26-31 мянган ам.долларын цалин авдаг гэнэ. Тэдний ажил хичнээн чухал ч цэвэрлэгч нар эмнэлгийн шинэ мэдээ мэдээлэл, зааврыг хамгийн сүүлд авдаг аж.
“Тахлын эхэн үед манай эмнэлгүүдэд аюулын харанга дэлдэж эхэлсэн. Учир нь эмнэлгийн ажилчид бэлтгэлгүй байсан юм. Мартинез шиг ажилчид үргэлж жагсаалтын хамгийн сүүлд байдаг. Хүмүүс тэднийг шууд алгасдаг. Коронавирус Чикагод илэрч эхлэхэд өглөөний хуралд зөвхөн эмч, сувилагч нар л сууж байсан. Харин үйлчлэгчдэд шинэ мэдээлэл бараг хүрдэггүй байсан” хэмээн эмнэлгийн үйлчлэгчдийн холбооны дэд тэргүүн Анне Игое ярьжээ.
Мартинез өмнө нь эх барих тасагт төрөх өрөөг цэвэрлэж, цагт 14.5 ам.долларын цалин авдаг байжээ. Тэрбээр “Бид өрөөг цэвэрлэж, халдваргүйжүүлэх үүрэгтэй. Өрөөний хогийг цэвэрлэж, хаалганы бариул, гэрлийн унтраалга зэрэг хүний хамгийн их хүрдэг хэсгийг онцгойлон ариутгадаг” хэмээн ярьсан байна. Энэ ажил бол ялангуяа цар тахлын үед хамгийн эрсдэлтэй ажил. Коронавирус бол хаалганы бариул гэх мэт хатуу гадаргуу дээр олон өдрийн турш тогтдог, наалдамхай вирус.
Түүнээс гадна Мартинез амьдралын хэрэгцээт зардлаа нөхөхийн тулд өглөө 07.00 цагаас эхлээд ихэнхдээ шөнө дунд хүртэл илүү цагаар ажилладаг гэнэ. Энэ хугацаандаа тэр олон тасаг цэвэрлэдэг бөгөөд халдвар авсан өвчтөний өрөөг цэвэрлэж байхдаа халдвар авсан хэмээн таамаглаж байгаа гэнэ. Тэрбээр “Би хэдэн долоо хоногийн өмнө бие өвдөж эхлэх үедээ илүү цагаар ажиллаж байсан. Тухайн үед нэг ээлжинд ажиллаж байсан хүмүүс ч бүгд одоо халдвар авсан байдалтай эмчлүүлж байна” хэмээн ярьжээ.
Түүний бие Ням гаригийн шөнө 00.00 цагийн үед ажиллаж байх үед нь өвдөж эхэлсэн байна. Бие нь таагүй байсанд Мартинез ажлаасаа эрт буусан бөгөөд маргааш нь биеийн байдал огцом хүндэрсэнд шинжилгээ өгч халдвар авсан гэдгээ мэджээ.
Мартинез бол цагаан арьстан. Харин бусад цэвэрлэгч нарын гуравны хоёр нь хар арьстнууд байдаг гэнэ. “Чикагогийн эмнэлгүүд эдгээр бага цалинтай, бага боловсролтой, их ажилтай ажилчдын ачаар одоог хүртэл ажиллаж байна. Тэднийг хамгаалах хэрэгтэй” хэмээн Чикагогийн эмнэлгийн эмч Бруно ярьжээ.
Хэдэн долоо хоногийн турш эмчилгээ хийлгэсний эцэст Мартинез эдгэрч, ажилдаа буцаж орсон ч дахин халдвар авахаас айхын эрхэнд бага цалин авахыг үл тоон илүү цагаар ажиллахгүй байгаа гэжээ.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ