Улс төрийн намын тухай хуулийг эсэргүүцэж байна гэлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Улс төрийн намын тухай хуулийг эсэргүүцэж байна гэлээ

Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан, ажлын хэсэг байгуулж боловсруулсан. Уг хуулийн төслийг өргөн барихын өмнө улс төрийн намуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийлээ. Өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд өрнөсөн энэ хэлэлцүүлэгт оролцсон намын төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ.   

Хэвлэлийн хуралд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж, Хамаг монгол хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын  дарга Ш.Төмөрсүх, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, Ардчилсан хөдөлгөөний намын дарга ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганзориг, Ногоон намын дарга О.Бум-Ялагч, Бүгд найрамдах намын нарийн бичгийн дарга Б.Зоригоо, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийлээ.

Тэдний хэвлэлийн хурал хийж байгаа шалтгаан нь “Бидний хамгийн эхний сэтгэл дундуур байгаа асуудал бол нэг нам нэг минутын хугацаанд багтааж өөрийн байр суурийг илэрхийлэх шаардлага тавьсан. Нэг минутад ямар ч асуудал илэрхийлж амжихгүй. Хоёрдугаарт, Монголд байгаа бүх намуудыг татан буулгаж Сонгуулийн ерөнхий хороо шинээр бүртгэнэ. Бүртгэх үйл явцад санхүүжилт олгох, тараах, татан буулгах асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо, Иргэний бүртгэл мэдээллийн төв мэддэг болж байгаа гэсэн ийм төсөл орж ирлээ. Сонгуулийн ерөнхий хороо эрх баригч намын нөлөөлөлд байдаг гэсэн шүүмжлэл байнга дагадаг. Тиймээс энэ бол ардчилсан нийгэмд нийцэхгүй нэг үгээр хэлбэл эрх баригч хүчин улс төрийн намуудыг өөрийн эрх мэдэлд оруулах санаархал гэж харж байна. Гуравдугаарт, улс төрийн нам байгуулах асуудлыг 801 хүнээр босго тавьсан байдаг. Гэтэл энэ хуулийн төсөл дээр 31 хүнээр оруулж ирлээ. Үүнийг дэмжихгүй байна. Мөн Улс төрийн намтай хариуцлага тооцох асуудал дээр сэтгэл дундуур байна. Учир нь улс төрийн намын гишүүн ёс зүйн алдаа гаргавал тухайн намыг татан буулгана гэж байна. 1000 гишүүнтэй ч нам байна, 100 мянган гишүүнтэй ч нам байна. Энэ олон хүмүүсийг бүгдийг нь ёс суртахууны хариуцлага гаргахгүй байна гэдэг бол улс төрийн нам өөрөө хянаж чадахгүй. Дээрээс нь гурван удаагийн захиргааны хэргийн шийтгэл оноосон бол тухайн намыг татан буулгана гэсэн заалт, санхүүгийн тайлангаа гурван удаа алдаатай гаргавал татан буулгана гэж байна. Эдгээр заалтуудыг дэмжихгүй” гэсэн тайлбарлалаа. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ хуулийн төслийг эргүүлэн татах хүсэлт гаргана гэдгээ мэдэгдлээ.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж