Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг цаг хугацаанд нь бариулж чадаагүйгээсээ чихнээсээ хонхтой явах болсон Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Говь-Алтай аймагт нэр дэвшихээр хаяагаа манаж эхэлжээ. Тэр бүр Алтайг зориод байдаггүй хүн дөрөвдүгээр сарын 11-нд гэнэт морилсон нь Байдрагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажил байдалтай танилцах гэхээсээ ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулийн сунгааныхаа мессежийг хаясан хэрэг байж.
УИХ-ын 2020 оны сонгуульд дээрх тойрогт МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар нэр дэвших бэлтгэлээ базааж, үе, үе “усалгаа” хийж байсан ч Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компанидаа зээл авснаас эхлээд “но”-той, ноцтой асуудлууд чих дэлсэх болсон нь МАН нэр дэвшигчээ өөрчлөхөөс өөр сонголтгүй болгосон бололтой. Эхнээсээ сэлгээнийх нь хүн тодорч эхлээд байна.
Алтайчуудын хувьд УИХ-ын долоон удаагийн сонгуульд саналаа өгөхдөө зөвхөн нэг нам буюу МАН-аас нэр дэвшигчид итгэл үзүүлсэн байдаг. Гэвч Говь-Алтай хөгжлөөрөө бусад аймгуудаасаа хоцрогдсон төдийгүй өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд МАН тус аймагт засаглахдаа дотроо дайтаад ажил хийж өгөөгүй зэрэг нь ард олных нь хилэнг хөдөлгөж, Ардчилсан намаас горилогчдынх нь рейтингийг ч суга өсгөж дэм өгсөн тухай дуулдана. Иймээс сайд Б.Энх-Амгалан Хан-Уул дүүргээ хаяж, Говь-Алтайд очоод амжилт олох нь юу л бол гэж "төлөг хаях" нэгэн ч байна. МАН-ын гишүүд нийслэлийг барахгүй болохоороо хөдөөг зорьдог зуршил бас бий.
Алтай нутгийн уугуул тэрбээр Засгийн газрын гишүүнээр томилогдсоныхоо дараахан сэтгүүлчид “Аав маань тээврийн жолооч хүн. Тийм учраас би энэ салбарыг мэднэ” гэж хэлээд онигоонд орж байсан удаатай.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ