Ерөнхий сайд асан М.Энхсайхан болон нэр бүхий хуульчдын төлөөлөл хамтарч шүүхийн ил тод нээлттэй байдлыг шаардан өнөөдөр /2020.04.21/ мэдээлэл хийлээ.
М.Энхсайхан “Болж буй үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа байх. Тавантолгойн гэрээний төсөл дээр Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын хэсэг ахлан ажиллаж, уг гэрээний төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан нь өөрөө гэмт хэрэг болчхоод байна. Өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу ажилласан олон хүнийг буруутгах хэлбэр рүү орж байгаа нь ноцтой үйл явдал юм. Тавантолгойн гэрээ бүтээгүй шалтгаан нь цэвэр улстөржилтөөс үүдсэн. Үнэн хэрэгтээ маш амжилтай төсөл байсан. Энэ төсөл дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа юм бол өмнө нь ажиллаж байсан төслүүдийг давхар шалгаж өгөөч. Давхар шалгасан байдлыг олон нийтэд зөв мэдээлэхийг би Ерөнхий прокурорт хэлж байгаа юм.
Хэрвээ хорлон сүйтгэгч хэмээн намайг буруутгаж байгаа бол ийм сэдэл санаа бусад үйл хэрэгт байсан байж таараа гэж үзэх ёстой. Монголчууд дарааг нь том олон төслийг хэрэгжүүлэх л болно. Тиймээс мега төслүүдэд ажиллах дараагийн хүмүүсийн зоригийг мохоох вий гэсэн үүднээс УИХ-ын даргад хандсан.
Төмөр замын 267 км газар, өргөн, нарийн зам барих уу гэж байгаад Чингис бондоос мөнгө гаргаад бид овоолсон шороотой үлдсэн. Миний мэдэхээр цагдаагийн байгууллага хэргийг боосон байсан. Ер нь бол мэдэхгүйн зовлонгоор ийм том хохирлыг учруулсан байж магадгүй. Энэ хэргийг миний ажиллаж байсан хэрэгтэй давхар шалгаад өгөөч гэж хүсэлт тавьсан. Одоогоор хариу байхгүй байна. Надад олон хуульч саналаа хэлж байна. Өмгөөлөгчөөр ажиллаж буй хоёр хүн бий. Тэд юу гэж байна уу гэхээр “таны асуудлыг уншихаар хэрэг гээд байх юм байхгүй. Улс төрийн хэрэг болчихсон байна” гээд мухардалд орчихлоо. 1992 оноос хойш ийм хэрэг анх удаа зүйлчлээд яваа юм билээ. Надад нэг хэргээр хоёр ял төлөвлөөд байгаа. Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шүүх хурал явагдана. Миний зүгээс шүүх хурал нээлттэй ил тод яваасай гэж хүсч байна” гэв.
Э.АРИУН
Холбоотой мэдээ