2030 он гэхэд уур амьсгалын дулаарлаас болж дэлхий дээр 100 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй гэдгийг судалгаа харуулжээ.
Олон улсын төрийн тэргүүд Парис хотноо чуулж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар өргөн цар хүрээтэй хэлэлцэж буй нь НҮБ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хуралдаж буй 21 дэх хурал юм. Уур амьсгалын өөрчлөлт, дулаарлыг биеэр мэдэрч харж буй дэлхийн иргэд энэ хурлаас их зүйл хүлээж байгаа. Гэвч Ойрхи Дорнодын ужиг хямрал, Украины хэрэг явдал, Орос-Туркийн муудалцаан зэрэг асуудлууд уур амьсгалын өөрчлөлтөөс илүү анхаарлын төвд байдаг нь харамсалтай. Уур амьсгалын өөрчлөлт хэдийн нөлөөгөө үзүүлж эхэлсэн ч дэлхийн улс орны лидерүүд сая л нэг уур амьсгалын өөрчлөлтийг багасгах арга хэмжээ авахаар цуглаж байгаа нь энэ юм.
Озоны цоорхой буюу озоны давхаргын сийрэгжилтийн тухай асуудал 1980-аад оноос сөхөгдсөн бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн нөлөөний талаар эрдэмтэд 100 гаруй жилийн өмнөөс анхааруулж байжээ.
Аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үед нүүрс зэрэг түлшний хэрэглээ асар хурдацтай нэмэгдэхтэй бараг зэрэгцэн ийм хэрэглээ яваандаа агаарт ямар үүрэг гүйцэтгэж болохыг тогтоосон юм.
19-р зууны сүүлчээр Шведийн эрдэмтэн Сванте Аррениус нүүрснээс ялгардаг нүүрстөрөгчийн давхар исэл уур амьсгалд нөлөөлөхийг тогтоосон байна. Гэвч тухайн үед эрдэмтний “контемпорари санааг” хүмүүс дооглон тохуурхаж байжээ.
1950-аад он хүртэл энэ асуудлыг хэн ч сонирхсонгүй. Хүйтэн дайны жилүүдэд шинжлэх ухааны ололт амжилт болон компьютерийн нээлтийн ачаар энэ сэдвээр өргөн хүрээтэй судалгаа явуулах зайлшгүй нөхцөл байдал үүсэж, 1957-58 оны Олон улсын геофизикийн жил болгон зарласан байдаг.
Тэр үед Далайн зураг авалтын институтийн судлаач Рожер Ревелл нэгэн судалгаа явуулжээ. Түүний судалгаа орчин үеийн хүний мангас шиг хэрэглээ асар их нүүрстөрөгчийн давхар ислийг агаар мандалд ялгаруулахыг харуулж байв. Рожер хэдийгээр судалгааны дүнд итгэхгүй байсан ч бусад эрдэмтэд хүлэмжийн хий нь сүүлийн жилүүдэд ажиглагдаж, мэдрэгдэх болсон уур амьсгалын дулаарлын гол шалтгаан гэдэг дүгнэлтэд хүрсэн билээ.
Цаашид нүүрстөрөгчийн давхар ислээс болж температур нэг, хоёр градусаар нэмэгдэхэд л дараагийн тааварлашгүй үр дагавар урган гарах ажээ.
Цаг агаар дулаарахад далайн ус халж, нүүрстөрөгчийн давхар исэлтэй ус ууршин, агаарт дэгдэх юм. Далайн ус ихээр уурших тусам хүлэмжийн хийн ялгаруулж буй нүүрстөрөгчийн давхар исэлийн үзүүлэх хор хохирол нэмэгдэх юм. Үүний уршгаар Өмнөд туйл, Грийнландын мөсөн бүрхүүл хайлж, далайн эрэг хавийн жижиг арлууд усан доор орох ажээ.
Харин геофизикчид агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг тогтоон, ажигласаар байна.
1957-58 оны Олон улсын геофизикийн жил эрдэмтэд CO2 агаар мандал, далайн усанд хэрхэн шингэн, улам нэмэгдсээр ямар үр дагавар авчрахыг тогтоосон. Судалгааны баримт сэлтийг боловсруулан, үйлдвэр, автомашины яндангийн утаа далайн усанд шингэн эцэстээ Нью-Йорк, Лондонд хүрч болохыг таамагласан юм.
Харин дэлхийн иргэд энэ өөрчлөлт ирээдүйд ямар аюул дагуулж болохыг сая л ойлгож байна.
Н.ЭНХ