Ц.Нямдорж: Тусгай албаны зардлыг өөр зүйлд зарцуулж, дургиж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Тусгай албаны зардлыг өөр зүйлд зарцуулж, дургиж байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.04.21/ дөрвөн асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийв.  Төслийн талаар гишүүд асуулт асуусан юм.

 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

Аудитын байгууллагын өнөөгийн хүчин чадал, нөөц нь ямар түвшинд байна вэ. 567 бодлогын баримт бичиг Монгол Улсад үйчилдэг байсан. “Тогтвотой хөгжил 2030” хөтөлбөрт аудит хийсэн үү. Алсын хараа-2050 бодлогын баримт бичиг шинээр шаардлага байсан юм уу. Дэлхий нийтээр дижитал эдийн засаг руу шилжиж байна. Байгууллагад очоод баримт бичиг ухаад байх нь нэг хэрэг. Алсын зайнаас аудит хийх боломж байна уу. Мэдээлэл, технологийн боломжийг ашиглаж, аль болох цаг хэмнэж аудит хийх тал дээр юу хийж байна вэ.

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ДАРГА, ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ЗАНДАНБАТ:

Төрийн аудитын байгууллагад 396 хүн ажиллаж, жилдээ 6782 шат шатны төсвийн захирагч нарт аудит хийдэг. Мөн гүйцэтгэлийн нийцлийн 100 гаруй аудит хийж, нийтдээ жилдээ 7 мянга орчим аудитад 396 хүний бүрэлдэхүүнтэй хийж байна. Үүн дотроо аудит хийх 284 хүн бий. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд 2017 онд аудит хийсэн байдаг. Тухайн үед тайланг УИХ-д танилцуулсан юм билээ. Мэдээллийн технологийн дэвшлийг үйл ажиллагаанд ашиглах тухайд хангалтгүй байгаа. Энэхүү хэлэлцэж буй төсөлд мэдээллийн технологийг зохих түвшинд нь байлгая гэдэг үүднээс аудитын байгууллага мэдээлэл технологийн төвтэй байж болно, мөн аудит хийлгүүлдэг байгууллагуудаас  мэдээллийн баазаа бүрдүүлэх зохицуулалт тусгагдсан. Цаашид технологийн хөгжлийг ашиглаж цаг хугацааг хэмнэх  мөн дата дээр ажиллаж оновчтой дүгнэлт гарах тал дээр ажиллана гэж үзээд хуулийн төсөлд оруулсан. “Тогтвотой хөгжил 2030” хөтөлбөрт аудит хийгээгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:

Төрөөс санхүүжилт авдаг бүх байгууллагын захирагч нарт хяналт тавих эрх нь энэ хуулиар үүсч байгаа. Үүнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч, УИХ-ын дарга хүртэл орно. Хараат бус байх зарчмаа бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтдөө тусгаж өгсөн. Аудитын байгууллагын нэгдэж орсон олон улсын аудитын байгууллагын дээд байгууллагуудын тунхаглалд Аудитын байгууллага Үндсэн хуулийн байгууллага байж хараат бус байна гэсэн зарчим бий. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн байгууллага болсноор аливаа мөрдөлтөөс хамгаалагдсан байх ёстой гэж тунхагласан байдаг юм билээ. Тиймээс энэ оруулж ирсэн хуульд аудиторыг УИХ-ын гишүүдээс давуу эрхтэй оруулж ирсэн зүйл алга. Аудитын байгууллагад хөндлөнгийн аудитын байгууллагууд аудит хийсэн юм билээ. Тиймээс Монголын аудитын тогтолцоо болон байгууллагынх нь эрсдэлийг тооцоолоод үзэхэд хөндлөнгийн дарамтууд их байдгийг харуулсан байгаа юм. Ерөнхий аудитор ерөнхий шүүгчид аудит хийсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар мэдүүлэг, тайлбар авах нөхцөл байдал үүсвэл яах вэ. Ийм байдал үүссэн тохиолдолд хараат байдлыг нь яаж хангах юм бэ. Хөндлөнгийн мэдүүлэг өгнө гэж оруулсан байна. Хамгаалагдаж байгаа зүйл алга. Бусад орнуудын тогтолцоог судалж байж оруулах хэрэгтэй. Байцаалт, мэдүүлэг авахыг нь хасчхаж байгаа юм уу. Ирээдүйд үүсэх эрсдэлүүдээ яаж тооцоолох вэ.

УИХ-ЫН ГИШҮҮН, АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Г.ТЭМҮҮЛЭН:

Оруулж ирсэн хуулийн төслийг ажлын хэсэг дээр хуульд нийцүүлэх хүрээнд ажилласан. Гол зарчим маань бие даасан хараат бус байдлыг бэхжүүлэх, аль болох олон улсын нийтлэг жишиг дээр харьцуулах үндсэн дээр хийсэн. Таны асуусан төслийн 38.3 дээр тусгагдсан байсан Ерөнхий аудиторыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хориг, баривчлах орон байр, албан тасалгаа, унаанд нь  нэгжлэг хийх, мэдүүлэг авахыг шаардахыг хориглоно гэж заасан байсан. Үүнийг ажлын хэсэг дээр ярилцаад мэдүүлэг, тайлбар авахыг хориглоно гэдгийг хасч  бусдыг нь хуучин хэвээр нь үлдээсэн. Хараат бус байдлын гол шалгуур нь хууль зүйн баталгааны асуудал. Мэдүүлэг, тайлбар өгөх асуудлыг хуулийн хүрээнд хязгаарлахгүйгээр  тусгаад явах нь зөв гэж ажлын хэсэг үзсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:

Өргөн барьсан төсөлд хэрэв нэгжлэг, үзлэг тайлбар авахаар бол УИХ-аас зөвшөөрөл авна гэж оруулж ирсэн. Түүнээс хэн нэгэнд илүү эрх ямба эдлүүлэх заалт биш. Нөгөө талаасаа Ерөнхий прокурор, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулиудад тайлбар, мэдүүлэг авахыг хориглоно гээд заачихсан.  Хөндлөнгийн нөлөөлөл гарвал ерөнхий аудиторын хараат бус байдлыг хангах ямар боломж байна вэ. Энэ талаар ажлын хэсэг дээр ярилцсан уу.

УИХ-ЫН ГИШҮҮН, АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Г.ТЭМҮҮЛЭН:

Судалж үзсэн.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд тухайн холбогдох албан тушаалтнуудыг явуулж байгаа үйл ажиллагаатай нь холбогдуулан тайлбар, мэдүүлэг авахыг хориглоно гэж заасан байдаг. Олон улсын туршлагуудыг ч судалсан. Канад улсын хуульд ч ийм байдлаар тусгагддаг. Нийтлэг жишгийг харахад хуулийнхаа хүрээнд ЛИМА-гийн тунхаглалаас баталсан хараат бус байдлыг бэхжүүлэх бусад зохицуулалтуудыг бүрэн утгаар  нь оруулсан. Ажил үүргээ хэвийн явуулж байх үед нь гарч болзошгүй эрсдэлээс  УИХ хамгаалах заалт байгаа гэж үзэж байгаа. Өмнөх хуульд ч тодорхой хэмжээний хязгаарлалтууд байсан.Энэ хүрээнд үлдээх нь зөв гэж санал хураалтаар шийдвэрлэсэн.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД, АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН:

Хуучин хуулиараа ерөнхий аудитор хангалттай хамгаалагдсан гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл гэдэг агуулгаар хамгаалагддаг шиг ерөнхий аудитор хамгаалагдсан. Тайлбар, мэдүүлэг өгөхгүй гэдэг нь арай хэтэрчхээд байгаа юм. Шүүгч нартай харьцуулж үзэх нь учир дутагдалтай. Цаашдаа байцаалт, мэдүүлэг өгдөггүй байж болохгүй. УИХ-ын гишүүний байцаалт өгдөггүй байсан эрх дархыг ч байхгүй болгосон. Төрийн албан тушаал хашиж байгаа хүн хууль бус үйлдэл хийсэн бол  үүнийг нь халхавчилж болохгүй. Энэ албан тушаал дээр 12 жил ажиллах бүрэн боломжтой. Өмнө нь байсан хуулиар хангалттай хамгаалалтыг хийж өгсөн. Байцаалт өгдөггүй байвал аудит хараат бус байдал бий болно гэж үзэж болохгүй. Хангалттай дархлаа бий, ажлаа л сайн хийх хэрэгтэй.

Төрийн албаны эрх мэдлээр дарамталж, далайлгадаг явдал байгаа учраас нэг хүнд хэт их эрх мэдэл өгөхийг нь хязгаарлах ёстой гэж бодож байна. Цаашдаа төлөвшил, ёс зүй,төрийн албаны дархлаа бий болсон цагт нь өөр байж магадгүй. Сэргээгдэх эрчим хүч дээр хүртэл харж байхад дарамт шахалт явах юм. Тиймээс төрийн албанд хамаагүй их эрх мэдэл өгөх асуудал нь цаг үетэйгээ ёс зүй, төрийн албаны төлөвшилтэйгөө уялдаж явах ёстой гэж үзэж байна. Төрийн албаны хуулиар төрийн албаны нөөцөө нөхөж чадахгүй болчихсон. Өнөөдөр гэхэд манай яам 16 ажилтан авч чадахгүй байна. Хэтэрхий өндөр шалгуур тавьчихсан. Уг нь бол зөв, нөгөө талдаа хууль нь хэрэгжихээ больсон. Хүнтэй л холбогдох учраас хуулийн асуудлыг ёс зүй, төрийн албаны төлөвшилтэй уялдуулж явуулах нь зөв.

 Шинжээчийг ажлуулах зардал нь төрийн аудитын байгууллагын тухайн жилийн төсвийн урсгал зардлын 20 хувиас хэтрэхгүй буюу ойролцоогоор 4.4 тэрбум байхаар оруулсан саналын талаар Үндэсний аудитын газрын дарга, ерөнхий аудитор Д.Занданбат2020 оны төсөвт манай шинжээчийн зардалд 1,9  тэрбум төгрөг суусан. Одоогийн хуулийн зохицуулалтаар шинжээчийн зардлын дээд босгыг 20 хувиас хэтрэхгүй гэж заасан. Энэ жилийн тухайд манайх 22.1 тэрбум төгрөгийн урсгал зардалтай. Цалин хөлсөнд 14.7 тэрбум төгрөг. Ажлын хэсэгт ярьж байгаад шинжээчийн зардлын дээд босгыг тогтоосон. Энэ хавар Оюутолгойд аудит хийнэ гэсэн төлөвлөгөө гаргана. Шинжээч бол нарийн мэргэжил учраас өртөг өндөртэй” гэв.

Эрчим хүчний сайд,  ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн:

Онцгой тохиолдолд буюу Оюутолгой зэрэг олон улсын онцгой төсөл дээр гарах шинжээчийн зардлыг өөр хэлбэрээр зохицуулж болно. Олон улсын арбитрын шүүх дээр зардал гарахад нөөцөөс зохицуулдаг шиг тусгай зохицуулна. Энэ нь байнга гэсэн байдлаар хандаж болохгүй. 20 хувь гэдэг бол асар өндөр төсөв.

Уг саналыг байнгын хороогоор дэмжив. Онцгой тохиолдлуудад дээрх зардал гарна гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн тодотгов.

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ:

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар байх үед Тусгай албаны санхүүгийн зардалд аудит хийсэн. УИХ-ын захиалгаар. Энэ шалгалтын дүгнэлтийг танилцуулахгүй юм уу. Тухайн үед аудит хийлгэх санал гаргаж байсан гишүүдийн нэг нь би.  Тусгай албаны зардлыг шал өөр зүйлд зарцуулаад дураараа дургиж байна. Хүний эрхийг зөрчих, хүнийг шоронд хатаах хүртэлх арга хэмжээнд зарцуулж байна. Шалгалтын дүнг танилцуул гэж хэлээд удаж байна. Нууц бол нууцынх нь хүрээнд дүнг танилцуул, би нууцлалыг задруулахгүй. Тусгай албаны арга хэмжээний зардлаас өөрт нь таалагддаг хүмүүст их хэмжээний мөнгөн тэтгэмж өгсөн асуудал хүртэл бий. Ийм юмнуудаа нуугаад байх юм.

Үүгээр Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусав.

Дараа нь “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүн 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийж ,зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулснаар, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах болов.

Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл Монгол Улсын Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн “Төслийг энэ хэвээр нь явуулбал шүүмжлэл дагуулахаар байгаа юм. Зөвхөн өөрийг нь НӨАТ-аас чөлөөлж худалдан авахдаа цуглуулсан НӨАТ-ыг чөлөөлөхгүй гэж оруулж ирээгүй учраас энэ хэвээр нь баталбал Тавантолгой Түлш компани нийт НӨАТ-ынхаа 50 орчим хувийг эдлэхээр байгаа юм. Үүнийг байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй саналаар өөрчлөх боломжгүй.  Засгийн газрыг  төслөө татаж аваад засах чиглэлийг өгөөд хэлэлцэхийг дэмжсэн юм. Тиймээс Засгийн газар долоо хоногийн хугацаанд засах эсвэл байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулж засах саналыг оруулж байна” гэв.

УИХ-ЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН:

Шахмал түлшний компанийн НӨАТ-ын асуудал агаарын бохирдолтой шууд холбоотой. хэрэв одоо НӨАТ-тай нь үлдээвэл иргэдэд НӨАТ-тай очно. Өнгөрсөн хугацаанд НӨАТ-гүйгээр зарсан учраас шийдэхгүй бол болохгүй. Аль болох энэ асуудлыг хурдан шийдэх шаардлагатай байна. Ажлын хэсэг байгуулахгүйгээр шийдэх боломжгүй юу.

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.ЧОЙЖИЛСҮРЭН:

Ц.Даваасүрэн сайдаа, таны оруулж ирсэн энэ хувилбараар явуулбал Тавантолгой түлш компани өөрийнхөө өртөг бүрдүүлэлт буюу нүүрсээ зөөлгөсөн  үед НӨАТ-тай ААН-үүдээс үйлчилгээ авна. Борлуулалтынхаа шатанд яваа НӨАТ-ыг буцааж авч болохгүй. Үүнийг чөлөөлөхгүйгээр Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэсэн шахмал түлшний НӨАТ-ыг 0 хувьтай байна гээд оруулчихвал хасалт хийгдэнэ шүү, анхаарууллаа. Дараа нь шүүмжлэлд өртөх вий. Бусад угаах үйлдвэрүүд бүгд өртөг бүрдүүлэлтийнхээ НӨАТ-ыг буцааж авна. Харин энэ төслөөр бол Тавантолгой түлш компани буцааж авахгүй нь байна шүү. Танай яам үүнийг ойлгож байгаа юм уу. Дараа нь шүүмжлэл гарна шүү.

Үүгээр төслийг байгаагаар нь хэлэлцэхээр болов. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Ц.Даваасүрэн сайд зарчмын зөрүүтэй санал гаргав. Тэрбээр хуулийн  хэрэгжиж эхлэх хугацааг ердийн журмаар гэж оруулъя гэв.  Тус саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэнээр  УИХ-аар танилцуулахаар тогтов.

Дараа нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн боловч маргаантай асуудлууд байгаа гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга хэлээд төслийг долоо хоногоор хойшлуулав. Энэ хугацаанд ажлын хэсэг байгуулж, Б.Чойжилсүрэн өөрөө ахлахаар болов.

Үүгээр байнгын хорооны хуралдаан дуусав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж