“Citigroup” 75 саяын торгууль төлөхийг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

“Citigroup” 75 саяын торгууль төлөхийг зөвшөөрлөө

АНУ-ын аварга банк “Citigroup” хөрөнгө оруулагчдад моргейжнуудын өндөр эрсдлийн талаар үнэн бодитоор мэдээлэлгүй, буруу мэдээлэл өгсөн гэсэн иргэний нэхэмжлэлийн дагуу 75 сая ам.долларын торгууль төлөхийг зөвшөөрлөө гэж “BBC” агентлаг мэдээллээ. Тус банк АНУ-ын санхүүгийн салбарын зохицуулалтын Хувьцаа, Биржийн Комисстой (ХБК) торгуулийн талаар тохиролцоонд хүрсэн байна. АНУ-д хаусны зах зээл унаж эхлэх үед “Citigroup” банк удаа дараа моргейжын талаар буруу ойлгогдох мэдэгдэл хийж байсан гэж ХБК шүүмжилж байгаа юм. Дашрамд дурдахад ХБК “Goldman Sachs”-ийн эсрэг мөн иргэний нэхэмжлэл гаргаж шүүхэд өгсөн бөгөөд “Goldman Sachs” энэ сарын эхээр 550 сая ам.долларын торгууль төлөхөөр ХБК-тай тохиролцоонд хүрсэн нь ХБК-ын түүхэнд банкинд оноосон хамгийн том торгууль гэж тооцогдож байгаа юм.

2007 онд “Citigroup” банк моргейжийн хямралд 13 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь өртсөн гэж мэдэгдэж байсан ч энэ хэмжээ 50 тэрбум ам.доллар хүрнэ гэж ХБК үзэж байна. “Citigroup” банк санхүүгийн хямралын үеэр АНУ-ын засгийн газраас хамгийн том тусламж авсан байгууллагуудын нэг юм. АНУ-ын засгийн газар тус банкинд 45 тэрбум ам.долларын тусламж үзүүлснийхээ 25 тэрбум ам.долларыг тус банкны өмчинд оруулж, хувь эзэмших болсон бөгөөд үлдсэн 20 тэрбум ам.доллар нь эргэн төлөгдөх болно.

Хэдийгээр 75 сая ам.долларын торгууль төлөх ч энэ нь тус банкны балансын хүснэгтэнд төдийлөн нөлөөлөхгүй. Энэ оны хоёрдугаар улиралд тус банк 2.7 тэрбум ам.долларын орлоготой ажилласан. ХБК-той тохиролцоонд хүрч чадсандаа баяртай байгаа талаар тус банк мэдэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж