А.Цэрэнбат: Сайд Б.Энх-Амгаланг АТГ-аар шалгуулна

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

А.Цэрэнбат: Сайд Б.Энх-Амгаланг АТГ-аар шалгуулна

А.Цэрэнбат: Сайд Б.Энх-Амгаланг АТГ-аар шалгуулна

Иргэн А.Цэрэнбат өнөөдөр /2020.04.21/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дархан-Улаанбаатар хотыг холбосон хатуу хучилттай 200 гаруй км авто замыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон гэж үзэж буй юм.

Тэрбээр “Дарханы замд хохирсон 300 хүн бидэнд бүртгүүлсэн. 200 сая төгрөгийн хохиролтойгоор бүртгүүлээд Сүхбаатар дүүргийн шүүх дээр анхны маргаанаа үүсгэсэн.

Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “иргэд амь насаараа хохирсон гэдгийг хэн нотлох юм бэ” гэж мэдэгдэж байсан. Бидэнд нотлох баримт бүрдсэн, хариуцагчаар Зам тээвэр, хөгжлийн яамыг татсан. Өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 18-нд Дарханы замд ажиллалаа. Иргэд хүсэлт тавьсан учраас Төв аймагт харьяалагдах Баянчандмань, Борнуур, Сүмбэр суманд ажилласан. Замын гол хүртэл 130 км ажиллахад нэг ч зам анги хараагүй, хагархай дугуй л байна лээ. Нотлох баримтууд бидэнд байгаа. Баянчандмань, Сэлэнгэ аймгийн зам засвар арчлалтын компанид бид хандсан, яагаад засвар арчлалт хийсэнгүй вэ гэхэд “Тогтмол засвар хийх шаардлагатай зардлыг шийдэж өгөөгүй учраас хариуцахгүй” гэсэн. Энэ бол нотлох баримт болно. Төсөв байхгүйгээс иргэд амь нас өмч хөрөнгөөрөө хохирч байна.

Түр замыг хийж байгаа гэж байгаа боловч ажиллаж байгаа компани алга. Бид өмнө нь энэ асуудлаар Засгийн газарт хандаж, Зам тээврийн хөгжлийн сайдад хариуцлага тооцооч ээ. Яагаад гэвэл Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын эхний хэсгийг 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гээд чадаагүй, 2020 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна гэсэн бас чадаагүй. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Бямбасүрэнгээс ямар хариу ирүүлсэн бэ гэхээр “Таны бичигт дурдсан албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн.

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам хугацаандаа ашиглалтад ороогүйгээс Тээврийн цагдаагийн албанд 140 гаруй авто осол бүртгэгдсэн байна. Бүртгэгдээгүй осол ч бий. Бид Цагдаагийн ерөнхий газарт хандсан байсан. Тус газраас хариу ирүүлсэн,аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа боловч тоосжилт ихтэй, замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүйгээс тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй байна гэдэг тайлбар ирүүлсэн. Гэтэл түр зам тавихад шаардагдах хөрөнгө хаачив, яагаад аюулгүй байдал хангагдсангүй вэ.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланг Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Авлигатай тэмцэх газарт хандаж, шалгуулна” гэсэн юм.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж