Сөүл, Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэнэ | News.MN

Сөүл, Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэнэ

COVID-19

Сөүл, Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэнэ

Улсын онцгой комиссийн Шуурхай штаб мэдээлэл хийлээ. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа, УОК-ийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаярын хэлснээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл, тавдугаар сарын 2-нд Франкфурт руу МИАТ-ийн тусгай үүргийн онгоц нисгэхээр шийдвэрлэжээ. Тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчдод тодорхой шаардлагуудыг өмнө нь тавьж байсан. Энэ удаад ч мөн дээрх шаардлагууд тавигдах бөгөөд нэмж онгоцонд суухаас өмнө 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх ёстой юм.

Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр :

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын зүгээс шинэ коронавирустэй тэмцэх, бэлтгэлийг хангах, хүндэрсэн нөхцөлд хариу арга хэмжээг шуурхай авах хүрээнд дадлага сургууль хийх үүрэг чиглэл өгсөн. Уг дадлага сургуулийг  тавдугаар сарын эхээр зохион байгуулна. Энэ үеэр ард иргэдийг олноор нь бөөгнүүлэхгүй байхаар зохион байгуулж ажиллана. Улсын онцгой комиссын 18 дугаар хурал өчигдөр /2020.04.20/ болсон. Улсын онцгой комиссоос ойрын хугацаанд ээлжит тусгай үүргийн онгоц хөөргөх, шийдвэр өгсөн. Энэ нислэгийн үеэр өмнө нь тавигдаж байсан таван шаардлагыг ягштал баримтална. Өвчтэй, жирэмсэн, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан иргэдээ хамруулна. Мөн Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу тухайн улсдаа шинжилгээнд заавал хамрагдсан байх ёстой гэдэг шалгуурыг тавьж байгаа. Өмнө нь энэ шаардлагын хүрээнд тодорхой эрсдэл буурч, зөв шаардлага байна гэдэг нь практикт нотлогдсон. Тийм учраас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд зайлшгүй шинжилгээнд хамрагдсан байна. Бид өнөөдөр ес хоногийн өмнө мэдээллээ олон нийтэд зарлалаа.

Шуурхай штаб дээр сүүлийн үед тусгай үүргийн нислэгтэй холбоотойгоор гадаад улс орноос ард иргэдээ татан авах талаар маш их өргөдөл ирсэн. Өмнө нь ирсэн өргөдлүүд ч бий. Шуурхай штаб дээр ажлын хэсэг байгуулж, иргэдийнхээ өргөдөл гомдол дээр дүн шинжилгээ хийж байгаа. Бид өргөдөлд дүн шинжилгээ хийж, таван шаардлага, шинжилгээнд хамрагдсан байх, эх орондоо ирээд холбогдох зардлынхаа асуудлыг шийдсэн иргэдээ татан авна. Бид цаг минуттай нь дүн шинжилгээ хийж, Консулын газартай хамтран ямар хүчин чадалтай онгоц явах вэ, суудлынхаа тоогоор нэрсийг нь гарган, “МИАТ” компанид онгоцны билетийг баталгаажуул гэдэг хүсэлтийг өгч байгаа. Тиймээс ажлын хэсэг ард иргэдийн дунд хардалт сэрдэлт төрүүлэхгүйн  тулд энэ удаагийн нислэгээс эхлэн Гадаад харилцааны яамтай хамтран иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулна.

Дамжин өнгөрөх нислэгээр хүмүүс нэмэгдэж магадгүй. Тиймээс 48 цагийн дотор шинжилгээ хийлгэсэн байх шаардлагыг тавина. Хэрэв энэ хугацаанаас өмнө шинжилгээ хийлгэсэн бол хүчинтэй гэж үзэхгүй. Энэ шаардлага нийцсэн бол иргэдээ шууд татан авна. Мөн транзитээр ирж буй хүмүүс дунд 18 наснаас доош, шинжилгээнд хамрагдсан оюутныг татан авна. Тэрнээс дээш насны оюутнуудыг татан авч амжихгүй нь ээ гэдгийг хэлье.

Бид тодорхой хугацааны дараа иргэдээ хүлээн авах тусгаарлалтын байраа бэлтгэчихээд, дараагийн нислэгээ хийж байгаа. Ингэж үе шаттай энэ арга хэмжээ хэрэгжиж байгаа юм. Замын-Үүд боомтод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийг нэвтрүүлэхтэй холбоотой түр журам боловсруулж, үүрэг чиглэл өгсөн. Өнөө өглөө 07.30 цагт Шуурхай штабаас ажлын хэсгийн бүрэлдэхүүн Замын-Үүдэд очиж, газар дээр  нь танилцсан.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМДАД ШИНЭЭР БҮРТГЭЛ ХИЙХГҮЙ

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

Өнөөдрийн байдлаар гадаадын 35 улсаас манай улсын 9412 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байна. Бүсчилбэл, Европын бүсээс 2335, Азийн бүсээс 4243, АНУ-аас 1691, Австрали улсаас 1143 иргэн эх орондоо буцах хүсэлтээ гаргаад байна. Энэ удаагийн нислэгээр нэг онгоцонд 250-260 зорчигч ирнэ. Элчин сайдын яамдад шинээр бүртгэл хийгдэхгүй. Учир нь бид өнөөдрийн байдлаар авсан 9412 иргэнийг Улсын онцгой комиссоос тавьж буй шаардлагын дагуу хүндэтгэн үзэх шалтгаанаар  нь ангилсан. Энэ мэдээлэлд тулгуурлан Гадаад харилцааны яам иргэдэд мэдээллээ өгч, ажлын хэсэгт орсон хүмүүстэйгээ ярилцан нэрсээ эцэслэнэ. Энд транзит зорчигчид орно. Транзит зорчигч дамжин ирж байгаа гэдэг утгаараа ХӨСҮТ-д хуваарилж байгаа. Тийм учраас эмнэлгийнхээ орны нөөц бололцоотой уялдуулж, хэчнээн транзит зорчигч авахаа шийднэ.

Эхний нислэг дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл рүү ниснэ. Аль болох олон иргэдээ гадаадаас авчрах үүднээс тавдугаар сарын 2-нд Франкфурт руу ниснэ. Нийтдээ 500 орчим иргэнийг авна. Дараагийн нислэгийг тусгаарлах байр, эмнэлгийн нөөц бололцоог харгалзан үзсэний үндсэн дээр шийднэ. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлт гаргасан  иргэдийн дунд бага насны хүүхэдтэй 1452, эрүүл мэндийн шалтгаантай 376, өндөр настан 854, жирэмсэн 141, санхүүгийн боломжгүй 813, бусад шалтгаантай 2670 гаруй иргэн байгаа.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс зарим зүйлийг тодрууллаа.

-БНСУ, ХБНГУ-ын Франкфурт хот руу үйлдэх тусгай үүргийн онгоцонд ирэх хүсэлтэй иргэдийг ямар шалгуураар бүртгэж, нислэгт хамруулах бол?

-Улсын онцгой комиссын даргын өгсөн чиглэлийн дагуу дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл хот руу, тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэдгийг мэдэгдлээ. Энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр ирэх хүмүүсийг хэрхэн бүртгэж, нэрсийг баталгаажуулах вэ гэдэг горимыг сая маш тодорхой танилцууллаа. Одоогоор бүртгүүлсэн байгаа иргэдийнхээ жагсаалтад тулгуурлан Улсын онцгой комиссоос тавьж буй хүндэтгэн үзэх шалтгаанаас шигшиж, тусгай үүргийн нислэгт хамруулна. Бид зөвхөн Германд байгаа иргэдээ авах гэж байгаа юм биш. Европт байгаа 2400 гаруй хүний хүсэлтээс хүндэтгэн үзэх шалтгаанаар Европын өнцөг булан бүрээс ирэх боломжийг олгох үүднээс олон улсын транзит заалттай Франкфурт хотын томоохон нисэх буудлыг сонгосон. Хоёрдугаарт, Элчин сайдын яамдад хийгдэж буй бүртгэлд нутаг буцах хүсэлтэй зөвхөн Монгол Улсын иргэнийг бүртгэж байгаа.

-БНСУ-аас ирж буй хүмүүс тухайн улсдаа шинжилгээнд хамрагдах боломжтой байгаа. Харин Европын улс орнуудаас ирж буй иргэдэд ийм боломж бий болов уу?

-Эрүүл мэндийн яамнаас өгсөн энэ зөвлөмж, шаардлагыг бүхий л Элчин сайдын яам, тусгай үүргийн нислэгээр ирэх хүсэлтэй зорчигчдод тавина. Чех, Унгар, Австрали, Энэтхэг ч бай бид тусгай үүргийн нислэг үйлдэх боломжуудыг судалж, хийсэн зүйл бий. Гэхдээ энэ судалгаа мэдээллийг Улсын онцгой комисст танилцуулж, өгсөн үүрэг, шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоцоор нислэг үйлдэж байгаа. Өмнө нь Гадаад харилцааны сайд яриандаа “МИАТ” компанийн нислэг үйлдэж болох хотуудаас иргэдээ татан авах чартер нислэгийг үйлдэх зарчим баримталж байгаа гэдгийг мэдэгдсэн.

-Энэ удаагийн хоёр тусгай үүргийн онгоцоор эх орондоо буцах хүсэлтэй гадаад иргэдийг авч явах уу?

Гадаад улс руу явж буй тусгай үүргийн нислэгүүдэд Улаанбаатараас эх орондоо буцах хүсэлтэй гадаадын иргэдэд боломж олгохыг зорьдог. Бид өнөөдөр тусгай үүргийн нислэг үйлдэх болсон гэдгээ Германы Элчин сайдын яаманд мэдэгдсэн. Ингэснээр Герман болон Европын холбооны гишүүн бусад улсын иргэдэд боломжийг олгоно. Одоогоор хэчнээн хүн эх орон руугаа буцах талаар эцэслэгдсэн тоо гараагүй байна.

“АМРАЛТЫН ГАЗАР, САУН, ФИТНЕСС БАГТААМЖААСАА ИЛҮҮ ХҮНД ҮЙЛЧЛЭХГҮЙ”

Мэргэжлийн  хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат:

Өмнөх хурлаас хойш Шуурхай штаб болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг товч дурдъя. Нэгдүгээрт, энэ цар тахлын үед төв цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлаар хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Улсын онцгой комиссын 12 дугаар хурлаас өгсөн чиг үүргийн дагуу удирдамжтай хяналт шалгалтыг Ус сувгийн удирдах газрын харьяа төв Биокомбинат, Нисэх, Дамбадаржаагийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж, арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрийн “Харгиа” цэвэрлэх байгууламж, ХӨСҮТ-ийн Урьдчилан цэвэрлэх байгууламж болон ажиглан тусгаарлалтын байрны Цэргийн амралт, “Жаргалант”, “Энхсаран” зэрэг газруудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалтад шалгалт хийлээ. Уг шалгалтын явцад цэвэрлэсэн бохир уснаас 18 дээж авч, нян судлалын шинжилгээнд хамруулаад байна. Хяналт шалгалтын удирдамжийн дагуу 19 аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. ХӨСҮТ-ийн Бохир ус, урьдчилан цэвэрлэх байгууламжтай. Энэ байгууламжийн үйл ажиллагаанд долоо хоног тутам хяналт шалгалт хийж байна. Сүүлийн хоёр долоо хоногт хийсэн шинжилгээний үр дүнд хэрэглэгдэж буй ахуйн бохир стандартын шаардлага хангаж, нян болон бусад зүйл илрээгүй. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн лагийн таван талбайгаас авсан дээжний шинжилгээгээр гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илрээгүй байна. Бас Туул голын найман цэгээс дээж авч, хими, нян судлалын шинжилгээ хамруулаад байна.

Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн А/521 дүгээр захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, жуулчны бааз, саун, фитнессийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 17-нд нээсэн. Ингэхдээ цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээг уялдуулан Эрүүл мэндийн сайдын дөрөвдүгээр сарын 17-ны А/249 тушаалаар “Үйлчилгээний зарим байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуй, халдвар сэргийлэх, хяналт”-ын түр журмыг гаргасан. Энэ журмынхаа дагуу амралтын газар, саун, фитнессийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд ажиллана. Энгийн нэг жишээгээр  тайлбарлавал, аж ахуй нэгжүүд өөрсдийн багтаамжаасаа илүү хүн авахгүй. Амралтын газрууд хоол хүнсээ нийтийн зааланд өгөхгүйгээр өрөөнд нь үйлчлэх шаардлагатай. Харин фитнессийн хувьд агааржуулалтыг тогтмол хийж, хоёр метрийн зайтай тоног төхөөрөмжөө байршуулж ажиллах үүрэгтэй.

“ШУУРХАЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВД 2400 ОРЧИМ САНАЛ ХҮСЭЛТ ИРСЭН”

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан:

Улсын онцгой комиссоос цар тахлын үед хүндрэл бэрхшээлтэй байгаа ч дотоодынхоо аж ахуй нэгж байгууллагыг дэмжих бодлогыг барьж байна. Орон нутгийн удирдлагын зүгээс гаргаж буй түр даган мөрдөх журмыг аж ахуй нэгжүүд сайн дагаж мөрдөөрэй. Иргэдээс олон тооны хүсэлт мэдээллийг авч, холбогдох газруудад шилжүүлэн шийдвэрлүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагын Шуурхай мэдээллийн төвд 2400 орчим санал хүсэлт ирсэн. Ихэнх нь иргэд амны хаалт зүүхгүйгээр хэсэг бүлгээр бөөгнөрч явж байна, хүүхдүүд гадаа их тоглож байна, ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн ажлыг шуурхай хийх талаар 80 гаруй хувь нь хүсэлт ирүүлсэн. Мөн 30 орчим хувь нь ялаа батганыг устгах, ариутгалыг хийх хүсэлтэй байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
8
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж