Хотын дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудайд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.04.21/ товлогдсон ч нэр бүхий өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурал ирэх тавдугаар сарын 13-ны өдөр хүртэл хойшлов. Хурлын дараа хотын дарга асан Э.Бат-Үүл сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрбээр “Шүүх хурал 2020 оны тавдугаар сарын 13-ныг хүртэл хойшиллоо. Миний зүгээс үүнд харамсч байна. Яагаад гэхээр шүүх хурлууд цаг хугацаандаа явагдаж асуудлаа хурдан шийдмээр байгаа юм. Шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч байна. Хамгийн гол нь АТГ, прокурорын зүгээс хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль зөрчиж, хэт нэг талыг барьсан. Ноцтой нь иргэн биднийг хэргийн талаар мэдээлэл өгч болохгүй гэдэг ч өөрсдөө нийгмийн тархийг угааж биднийг гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулаад байна. Тиймээс шүүх хурал ил тод явах ёстой.
Хоёрдугаарт, намайг гэм буруутай болгож харуулахын тулд гэм зэмгүй арван хүнийг яллагдагчаар татсан. Энэ бол АТГ, прокурорын зүгээс явуулж буй бузар булай үйлдэл.
Энэ хэрэг бол намайг ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэх дуулианаар үүссэн хэрэг. Намайг 2016 онд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байхын тулд хотын даргын ажлаа өгөөд л энэ хэрэг үүссэн. Тэгэхээр намайг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхэд дургүй хүмүүсийн зүгээс хийгдсэн гэмт хэрэг өнөөдрийг хүртэл явж байна” гэлээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ