ХЗБХ: Улс төрийн намууд баримтаа архивын сан хөмрөгт өгдөггүй

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

ХЗБХ: Улс төрийн намууд баримтаа архивын сан хөмрөгт өгдөггүй

ХЗБХ: Улс төрийн намууд баримтаа архивын сан хөмрөгт өгдөггүй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.21/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд  Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус нэмэлт, өөрчлөлтөөр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасч, 8 дугаар зүйлийг нэмж оруулсан бөгөөд тус зүйлээр батлан хамгаалахын, эсхүл улс төрийн шууд оролцоотой буюу удирдах албан тушаалтан тус гэмт хэргийн (үйлдэгч) субъект болохоор заасан нь Ромын дүрэмд дурдсан бусад 3 төрлийн олон улсын гэмт хэргээс ялгаатай юм.

Мөн Ромын дүрмийн 13 дугаар зүйлийн (а) болон (с) дэд хэсэгт нийцүүлэн түрэмгийллийн гэмт хэргийг Шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан 15 дугаар зүйл нэмсэн. Уг зүйлийн дагуу түрэмгийллийн үйлдэл гэж тооцоход НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дүгнэлт заавал гарах хэрэггүй бөгөөд оролцогч улс эсхүл Олон улсын эрүүгийн шүүхийн дэргэдэх прокурор түрэмгийллийн үйлдэл гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд мөрдөн байцаалтыг эхлүүлэх эрхтэй байхаар болсон. Мөн энэ зүйлээр түрэмгийллийн гэмт хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд хоёр төрлийн хязгаарлалт тогтоосон. Нэгдүгээрт, Ромын дүрмийн оролцогч биш улсын иргэн, эсхүл түүний нутаг дэвсгэрт түрэмгийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд шүүх тус хэргийг харьяалан шийдэхгүй. Хоёрдугаарт, аливаа оролцогч улс түрэмгийллийн гэмт хэргийн хувьд Олон улсын эрүүгийн шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тусгайлан мэдэгдсэн тохиолдолд уг гэмт хэргийн таслан шийдвэрлэх ажиллагааг Олон улсын эрүүгийн шүүх явуулахгүй байхаар тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:

Ромын дүрмийн наймдугаар зүйлд дайны гэмт хэрэг, түрэмгийллийн үйлдлүүд гэдгийг маш тодорхой заасан байдаг. Гэтэл энэ төсөлд дайныг төлөвлөсөн, бэлтгэсэн эсвэл өдөөсөнд ял өгөхөөр байна. Заалт бүрийг нэг нэгээр нь задалж харвал маш дэлгэрэнгүй буюу дайны үед эмнэлгийн туслалцаа үзүүлээгүй, буу зэвсэг хэрэглэсэн гээд нарийн тусгасан байдаг. Үүнийг Эрүүгийн хуульд тусгах шаардлага байдаггүй юм уу. Эсвэл Ромын дүрэмд нэгэнт орчихсон учраас тэр нь Монгол Улсын хууль тогтоомж болчихлоо гэж үзээд явж болж байгаа юм уу. Манай шүүгч нар Ромын дүрмийг шууд Эрүүгийн хуульд оруулаад хэрэглэж чадахгүй. Гэмт хэрэг заавал Эрүүгийн хуульд тусгагдсан байх ёстой.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Х.НЯМБААТАР:

Ц.Мөнх-Оргил гишүүний хоёр дахь удаагаа гаргаж буй энэ саналыг Хууль зүйн байнгын хороон дээр ярилцаад Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцүүдийн хэрэгжилт, түүний үндэсний хууль тогтоомжуудад хэрхэн тусгасан талаарх байдлыг ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газартай хамтарч шалгах ажлын хэсэг байгуулах талаар ярилцъя.

Хоёрдугаарт Ц.Мөнх-Оргил гишүүний хэлсэнчлэн, Ромын дүрмийн наймдугаар зүйлд нэгдэн орсноор ямар үүргийг дотооддоо хүлээх вэ гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 29.1 дүгээр зүйлд Түрэмгий дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх гэдгийг түрэмгийлэл эсвэл дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх гэдэг нэр томьёог өөрчилж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага түүний хэргийн харьяалал гэдэг зургаадугаар зүйлтэй Тагнуулын дэргэдэх Мөрдөн байцаах алба Ромын дүрэмд заасанчлан түрэмгийлэл эсвэл дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх гэмт хэргийг мөрдөн шалгах, хэргийн харьяаллыг нь тодруулж өгч байгаа юм.

ХЗДХЯ-НЫ ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА П.САЙНЗОРИГ:

Манай улс олон гэрээ, конвенцэд нэгэн орсон боловч нарийвчлан тусгаагүй асуудлууд бий. НҮБ-аас баталж буй конвецод яг үг, үсэггүй оруулах асуудлыг бусад нэгдэн орсон гишүүн орнуудаа шахах байдал байгаа юм. Ц.Мөнх-Оргил гишүүний хэлж байгааг бид агуулгынх нь хувьд тусгасан. Хэлэлцсэн асуудлын талаар урьдчилж бичгээр гаргасан санал байгаагүй юм. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хоёр санал гаргасан юм. Эрүүгийн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар зүйлийг хасах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар зүйл нь хуулийг буцаан хэрэглэхээр байгаа тул хасах санал гаргасан нь санал хураалтаар дэмжигдсэн юм.

Гишүүд үүгээр асуулт асууж, үг хэлж дууссанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг баталлаа.

Дараа нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Төслийн эцсийн хэлэлцүүлгийн талаар байнгын хорооны гишүүд асуулт тодруулсан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД:

Үндэсний архивын сан хөмрөгт ямар баримт орох вэ. Парламентад суудалтай улс төрийн намын тухайн үеийн бичиг баримт бол монголын төрийн салшгүй чухал бичиг баримт. 1990 оноос өмнө ганц намын тогтолцоотой “Нам гэдэг бол төр, төр бол нам” гэдэг байсан. 1990 оноос өмнөх МАХН-ын архив Монголын төрийн хамгийн үнэт бичиг баримт. Энэ архив одоо бий юу, Үндэсний архивын гол хөмрөг байх ёстой. Мөн УИХ-д суудалтай зөвлөлийн баримт бичиг үндэсний архивт орох уу.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.БИЛГҮҮН:

Хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар УИХ-д суудалтай улс төрийн нам гэж оруулсан. Тэгэхээр УИХ-д суудалтай бүх улс төрийн намын баримт бичиг Үндэсний архивт хадгалагдана. Зөвлөл гэдгийг бид энэ хуулийн төсөлд оруулах боломж байгаагүй. Учир нь УИХ-ын тухай хуульд УИХ-д суудалтай улс төрийн нам эсвэл гэдэгт зөвлөл гэдэг үг байгаагүй. Гэхдээ УИХ-д суудалтай улс төрийн нам гэж томьёолсон учраас нэг, хоёр суудалтай байхаас үл хамааран баримт бичиг нь архивт хадгалагдана. Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивт 2014 он хүртэл МАХН буюу одоогийн МАН-ын  баримтын архив гэж байсан. 2014 онд Үндэсний төв архивт бүтцийн өөрчлөлт хийж, МАХН-ын архив гэдгийг улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архив гэж нэрийг нь өөрчилсөн. Тус оноос эхлэн бүх улс төрийн нам, хүчнүүдэд Архивын ерөнхий газраас санал тавьж баримтаа өгнө үү, Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалуулаач гэдэг хүсэлтийг тавьсан боловч өнөөг хүртэл ямар ч нам, эсвэл баримтаа өгөөгүй. Зөвхөн УИХ-д суудалтай нам, эвсэлд дээрх саналыг тавиагүй. Бүх улс төрийн намуудад тавьсан санал. МАХН-ын байр 2008 онд шатах үед тодорхой тооны баримт бичгүүд нь шатсан гэдэг мэдээллийг өгсөн. Гэхдээ Архивын ерөнхий газарт ийм ийм баримт шатсан гэдэг нарийн мэдээллийг өгөөгүй юм билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД:

Хариултаас маш тодорхой байна. Энэ хуульд л тодорхой зааж өгөх ёстой. Бүх нам, эсвэл гэж туйлшрахгүйгээр ядаж парламентад суудалтай намуудын баримтыг архивтаа хадгалах шаардлагатай. Улс төрийн нам, эвслийн баримт гэж өөрчлөх найруулгын санал гаргаж байна.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Х.НЯМБААТАР:

Төсөлд УИХ-д суудалтай улс төрийн нам, эсвэл, бүлгийн баримт гэсэн. Мөн 10.6-д улс төрийн нам, шашны байгууллагын архивын баримт гэж аль аль нь архивын сан хөмрөгийг бүрдүүлнэ гэж заасан. Эцсийн хэлэлцүүлэг учраас санал хураах боломжгүй.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.БИЛГҮҮН:

Төслийн 10.6-д улс төрийн нам, шашны байгууллагын архивын баримт гэж орсон учраас үүнд зөвлөлийн баримтууд орно гэж бодож байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД:

Орон нутгийн архивын байгууллагуудын ажиллаж байгаа орчин нөхцөл, архивын баримтыг хадгалж буй байр савны асуудлыг анхаарахгүй бол хүнд нөхцөлд байна. Жишээ нь манай аймгийн хувьд орчин нөхцөл нь хүнд. Тэнд хувь хүн болон төрийн байгууллагуудын гаргасан шийдвэрүүд хадгалдагдаж байгаа. Тэтгэвэрт гарах гэхээр ажилд томилсон тушаал нь олдоггүй зэрэг асуудал их бий. Орон нутгийн төсвөөс нь дэмжлэг муутай, төвөөс нь анхаардаггүй. Архивын байр савны асуудалд анхаарах шаардлагатай байна.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Х.НЯМБААТАР:

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг хэзээ хийгдэх вэ. Бэлтгэл ажил нь ямар шатанд байна вэ. Байгууллагуудын хэдэн хувь нь сан хөмрөгөө бүрдүүлж, хуулийн хэрэгжилт хэр байгаа талаар мэдээлэл өгнө үү.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА С.ЭНХБААТАР:

Улсын үзлэг дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг. Сүүлд 2019 онд улсын үзлэг хийгдсэн, 2023 онд зохион байгуулагдана. Сүүлийн дөрвөн удаагийн улсын үзлэгийг Төрийн албаны зөвлөлтэй хамтарч зохион байгуулсан.

Үүгээр гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тул төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулснаар, эцсийн хэлэлцүүлгийг чуулганы байнгын хороонд танилцуулахаар боллоо.

Үргэлжлүүлэн Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлгийг хийснээр байнгын хорооны хуралдаан дууслаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж