Хөл хорионы уршгаар нисгэгчид чадвараа алдаж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

Хөл хорионы уршгаар нисгэгчид чадвараа алдаж байна

Хөл хорионы уршгаар нисгэгчид чадвараа алдаж байна

Коронавирусийн халдвар дэлхийн олон оронд тархаж, цар тахал болтлоо томорсноор бүх улс хилээ хаан, гадаад, дотоодын нислэгүүдээ зогсоосон билээ. Харин хэзээ нэгэн цагт энэ бүхэн дуусах үед онгоцны нисгэгчид их хичээх шаардлагатай болж магадгүй нь.

Хичээх гэдэг нь тэд  нарны чамин шилээ арчиж, зангиагаа зүүгээд, дэгжин хөх хослолоо индүүдэж өмсөхөөс илүү зүйл байх нь мэдээж. Хичээх гэдэг нь онгоц нисгэх чадвараа сэргээн санаж, аюулгүй байдлаа маш сайн хангахыг хэлж байгаа аж. Гэртээ суугаа нисгэгчдэд энэ нь хүндхэн сорилт болох бололтой.

“Нисгэгчдэд ажилдаа эргэн орохоос өмнө ур чадвараа сэргээн санах түргэвчилсэн сургалт  хэрэгтэй болно” хэмээн Их Британийн нисгэгчдийн холбооны Брайн Страттон ярьжээ.

Ур чадвараа сайжруулахын тулд онгоцны нисгэгчид сүүлийн 90 хоногт гурван удаа шөнийн нислэг үйлдэх хэрэгтэй болдог гэнэ. Учир нь, шөнө агаар мандалд нисэхэд  үзэгдэх орчин хязгаарлагдмал тул нисгэгчээс маш их ур чадвар шаарддаг ажээ. Гурван удаагийн шөнийн нислэг үйлдсэн бол өөрийнхөө ур чадварыг дахин батлах шаардлагагүй болдог юм байна.

Нисгэгчид тэнгэрт дүүлэхэд мэдээж, мэргэжлийн үнэмлэх хэрэгтэй.  Нисгэгчийн үнэмлэхийг жил бүр шалгаж сунгадаг аж. Мөн тухайн нисгэгчийн ажилладаг агаарын тээврийн компанийн зүгээс нисгэгчийн ажлыг зургаан сар тутамд нэг шалгадаг гэнэ.

“Эдгээр шалгалтуудын ихэнхийг “D түвшин” симульятор дээр хийж болдог” хэмээн туршлагатай нисгэгч, PrivateFly компанийн гүйцэтгэх захирал Адам Твиделл ярьжээ. Дээр дурдсан “D түвшин” симулятор гэдэг нь одоогоор хамгийн бодит мэт, өндөр нягтаршилтай, амьдралд ойрхон, яг л жинхэнэ юм шиг виртуал нислэгийн сургалтын төхөөрөмж юм.

Энэ мэт симуляторууд нисгэгчдийг чадвараа алдахгүй байхад их чухал үүрэгтэй байдаг гэнэ. Жишээ нь Microsoft Flight симулятор гэх цахим тоглоом ч байдаг ажээ. Энэ мэт мэргэжлийн бус программ дээр хичээллэж, сургуулилж болох хэдий ч албан ёсны шалгалтыг жинхэнэ нислэгээр эсвэл мэргэжлийн симулятор төхөөрөмжөөр өгөх хэрэгтэй нь мэдээж.

Нисгэгчид чадвараа алдахгүй байхад симулятор төхөөрөмжүүд нээлттэй байх хэрэгтэй ч Их Британи зэрэг орнуудад ихэнх нь хаалттай байгаа аж. Мөн энэ бүхнээс гадна туслах нисгэгчийг ч гэсэн маш нарийн шалгах хэрэгтэй гэнэ.

“Боломжтой симуляторуудыг ажиллуулж эхлэхгүй бол хөл хорио тавигдмагц агаарын тээврийн компаниуд даруй ажилдаа ороход олон асуудал тулгарна” хэмээн Твиделл ярьжээ.

Гэхдээ үүнд өртөг бас том асуудал болно. Учир нь симуляторыг нэг цаг ажиллуулахад 300-400 ам.доллар зарцуулдаг аж.

Мөн бүх ажилтнуудад онцгой байдлын сургалтад суух шаардлага тавьдаг аж. Энэхүү сургалтын дагуу нисгэгчид утаа дүүргэсэн онгоцонд орж, утааг гадагшлуулах чадвартай болох юм. Бас анхны тусламжийн болон нислэгийн багийнхны багаар ажиллах талаар сургалтуудыг заавал оруулах шаардлагатай.

Одоогийн байдлаар дэлхийн нийт 290 мянга гаруй идэвхтэй нисгэгч гэртээ сууж байгаа бөгөөд хөл хорио удаан үргэлжилбэл нисгэгч тус бүр дээр дээрх бүхнийг гүйцэтгэхэд улам их хугацаа, хөдөлмөр, ажил зарцуулагдах болно.

ХЯЗГААРЫГ ТЭЛЖ БАЙНА

Нисгэгчийн эрүүл мэндийн баталгаа, чадварын үнэлгээ зэрэг эргээд ажилдаа ороход шаардлагатай бичиг баримтуудын дуусах хугацааг дэлхийн олон орнуудын эрх баригчдын зөвшөөрлөөр сунгаж байгаа гэнэ.

Европт бол Европын холбооны нислэгийн аюулгүй байдлын агентлагийн зүгээс агаарын тээврийн компаниуд нисгэгчээ дахин сургах шаардлага хангасан, нарийвчилсан төлөвлөгөө танилцуулбал нисгэгчдийнх нь бичиг баримтын дуусах хугацааг сунгахаар болсон байна. Харин АНУ-д холбооны нислэгийн удирдлагын ахлах зөвлөх Наоми Цудагийн хэлснээр үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, нисгэгчдийн бичиг баримтын хугацаа 2020 оны гуравдугаар сарын 31-ээс зургадугаар сарын 30-ны хооронд дууссан бол холбооны нислэгийн удирдлага ямар нэг хуулийн арга хэмжээ авахгүй аж. Их Британид иргэний агаарын тээврийн удирдлага бүх оператор, нисэх баг, зөвлөх, шалгагчдын бичиг баримтын дуусах хугацааг 2020 оны аравдугаар сарын 31 хүртэл сунгажээ.

АЖИЛЧДЫН АСУУДАЛ

“Дэлхийн олон том орны 40 гаруй агаарын тээврийн компани үйл ажиллагаагаа 80-90 хувь зогсоогоод байна. Эндээс хэчнээн нисгэгч гэртээ сууж байгааг таамаглаж байгаа байх” хэмээн AeroProfessional агентлагийн захирал Сэм Спрюлс ярьжээ. Түүнээс гадна нислэгийн багийн бусад ажилчид хамгийн доод хэмжээний цалинтай, эсвэл цалингүйгээр гэртээ сууцгааж байгаа гэнэ.

Зарим оронд агаарын тээврийн компаниуд нь ажилгүй болсон ажилчдадаа цалин олгож чадахгүйд хүрсэн бөгөөд энэ хэвээрээ олон сар үргэлжилбэл ажилчдаа халах, цомхотгох хүртэл арга хэмжээ авах юм байна. “Нислэгийн багийнхныг цалинжуулах нь компаниуд тэсч үлдэхийн төлөө санхүүгийн хатуу бэрхшээлүүдтэй тулгарч байгаа энэ үед хүнээ халах нь маш хэцүү зүйл” хэмээн Спрюлс ярьсан байна.

Цар тахал дэгдэхээс өмнө эрчимтэй хөгжиж байсан салбарт энэ бүхэн маш том цохилт болж буй чжижиг компаниудын хувьд сэргэх цаг удахгүй ирнэ гэх өөдрөгөөр төсөөлж байгаа аж. “Тэдний хүсч төлөвлөж буй зүйл бол зах зээлд маш олон чадварлаг ажилтнууд гарч ирсэн энэ үеийг ашиглах" гэсэн хандлагаар компаниуд ажил горилогчидтой цахимаар уулзаж, бүртгэж авч байгаа бөгөөд ийнхүү маш олон ажил горилогчтой болсноор хөл хорио дуусахад хамгийн чадварлаг хүмүүсийг сонгож, түргэн хугацаанд эргэн ажилдаа орох боломж бүрдэх юм.

НИСГЭГЧИД ЗАРИМ ЗҮЙЛСИЙГ МАРТАЖ БАЙНА

Гэртээ суугаа нисгэгчид онгоцны бүхээгт хэрхэн ажиллах ёстойгоо мартаж эхэлж буй нь нислэгийн аюулгүй байдалд маш их аюул заналхийлж байна. АНУ-ын Боинг 777 онгоцны нисгэгч Карлен Петитт нисгэгчдийг гэртээ байх хугацаандаа боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна.

Түүний хэлснээр нисгэгч хүн онгоцны бүхээгт юу байдгийг, автомат жолоодлогогүй үед ямар товч дарж, гарын авлагын аль хуудсыг унших ёстойгоо маш сайн мэдэж байх ёстой гэнэ. Мөн нисгэгч танин мэдэхүйн мэдлэг өндөр байх шаардлагатай бөгөөд энэ мэдлэгээ хуримтлуулж байвал чадвараа алдахгүй байх боломжтой аж.

“Агаарын тээврийн компаниуд сургалт, шалгалтад ашигладаг цахим хэрэгслүүдээ нээлттэй болговол гэртээ сууж байхдаа ч тэнгэрт нисэх бэлтгэлээ хангах боломжтой. Компанийн зүгээс  чухам аль нисгэгч нь өөрийгөө хэрхэн бэлдэж буйг хянах бүрэн боломжтой. Эсвэл гэртээ гар аргаар хийсэн хэрэгсэл ч үр ашгаа өгч чадна. Өмнө нь би агаарт нисэхгүй удах үедээ цахим  цаасан хайрцгаар гэртээ онгоцны бүхээг дуурайлган хийж, тэндээ бэлтгэл хийдэг байлаа.  Тэр үед цахим технологи байдаггүй байлаа. Бүхээгт хийдэг хөдөлгөөнүүдээ биеэр давтсаар байх нь чадвараа мартахгүй байхад их тус болдог” хэмээн Петитт зөвлөжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж