НЭМЭЛТ:
Ковид-19!!! Цаг үеийн асуудлаар..
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, April 20, 2020
Эрүүл мэндийн яам Covid-19-ийн дахин нэг тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн талаар өнөөдөр /2020.04.21/ 14.10 цагт мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Интермед эмнэлгийн өвчтөний шинжилгээний хариу сөрөг буюу коронавируст халдвараар өвчлөөгүй болох нь батлагдлаа. Энэ хүнтэй ойр байсан гурван хүний хариу мөн сөрөг гарлаа. ХӨСҮТ 24 цагаар хоёр лабораторид коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна. Эдгээр лабораторид ажиглалтад байгаа, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 80-500 гаруй шинжилгээг хийж байна. Эдгээр хүмүүсийн нэгээс коронавирус илэрлээ. Энэ тохиолдол нь дөрөвдүгээр сарын 18-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч хүн байгаа. Алтанбулагийн боомтоор орж ирсэн хүмүүсийг нэг нэгээр нь буудалд тусгаарласан байсан. Уг хүн мөн тусгаарлагдсан байсан бөгөөд гэр бүлийн хүнийх нь хамт ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа. Эхнэрт нь одоогоор шинж тэмдэг илрээгүй ч тусгаарлаж байгаа. Мөн энэ хүн нь хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Будапешт хот хүртэл явсан байсан" гэлээ.
Ийнхүү Монгол Улсад covid-19 вирусийн нийт тохиолдол 34 боллоо. Үүнээс найман хүн нь эмнэлгийн тусламж авч, эдгэжээ.
"Интермед"-ийн өвчтөний хариу сөрөг гарчээ
НЭМЭЛТ:
“Интермед” эмнэлгийн өвчтөнөөс түргэвчилсэн оношлуураар Covid-19 илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин нарийвчилсан буюу PCR-ийн шинжилгээний хариу сөрөг буюу вирус илрээгүй гэдгийг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Тухайн иргэн нь 69 настай амьсгал нь бачуурсан, хоёр талын уушгины хүнд хэлбэрийн хатгаатай гэсэн шинж тэмдэгтэй тус эмнэлэгт эмчлүүлж байсан ажээ. Мөн тухайн иргэн өндөр халуурсан тул “Интермед” эмнэлгийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуураар оношилж үзэхэд шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймээс тус өвчтөнөөс өнөөдөр өглөө /2020.4.21/ 05.00 цагт ХӨСҮТ сорьц авч, PCR шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь сөрөг гарчээ.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Monday, April 20, 2020
Эрүүл мэндийн яам covid-19 вирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.04.22/ хийлээ.
Covid-19 дэлхийн 213 улсад бүртгэгдлээ. ОХУ-д 24 цагийн дотор 4000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 44 хүн нас барлаа. Буриадад өвчлөл 24 цагийн дотор 28 тохиолдлоор нэмэгдэж, нийт тохиолдол 153 боллоо. Өвчлөлийн өсөлт Москвагаас бусад хотод шилжиж, 2-3 долоо хоногт оргил үедээ хүрэх магадлалтай байна. Тус улсад өдөрт 7.7 сая маск үйлдвэрлэж, хүн бүрийг амны хаалт зүүхийг уриалж байна. Үүний зэрэгцээ, ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг хүн дээр туршиж эхэлж байгаа бөгөөд туршилтын хоёрдугаар үе шатыг эхлүүлсэн байгаа аж.
ЭМЯ-ны шуурхай утсанд ОХУ, Австрали улсаас гурван иргэн холбогдож, зөвлөгөө авчээ.
ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлах байранд 1228 иргэн байна. Нэгдүгээр сарын 9-өөс хойш 5155 иргэн тусгаарлагдан, тандалт судалгаанд хамрагдлаа. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэрийн тусгаарлалтад 1069 иргэн байна. Гэрийн тусгаарлалтаас 949 иргэн гарснаас 380 иргэн хөдөө орон нутаг руу явсан.
Онош батлагдсан иргэдэд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эмчилгээ, оношилгоог хийж байна. Уламжлалт анагаах ухааны эмч нартай мөн хамтран ажиллаж байна. Уушгины хатгалгааны үед Монголын уламжлалт анагаах ухааны эм үр дүнгээ өгч байна.
Сонгуулийг явуулах үед коронавирусийн халдвараас сэргийлэх заавар зөвлөмжийг боловсруулж байна. Ингэхдээ ДЭМБ болон Солонгос улсын туршлагыг харгалзан үзэж байна.
Гадаадад онош батлагдсан иргэд утсаар байнга зөвлөгөө өгч байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд нийт 341 хүний шинжилгээ хийсэн. Тандалтын зорилгоор цуглуулсан 11 сорьцод коронавирус илрээгүй. 11 сорьцыг Баянгол дүүрэг болон Хан-Уул дүүргээс цуглуулсан. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдөр 154 хүний эмчилгээ хийгдэж байна.
Өнөөдөр өглөө 05.00 цагт Интермед эмнэлгээс нэг сорьц авчирсан бөгөөд PCR шинжилгээ хийгдэж байна. Тухайн иргэн нь 69 настай амьсгал нь бачуурсан, хоёр талын уушгины хүнд хэлбэрийн хатгаатай гэсэн шинж тэмдэгтэй тус эмнэлэгт эмчлүүлж байсан юм билээ. Тухайн иргэн өндөр халуурсан тул Интермед эмнэлгийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуураар оношилж үзэхэд шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймээс ХӨСҮТ PCR шинжилгээг яг одоо хийж байна. Үдээс хойш шинжилгээний хариу гарна.
“ГАДААД ОРОНД COVID-19-ЫН ХАЛДВАР АВСАН НАЙМАН МОНГОЛ ХҮН ЭДГЭСЭН”
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү болон ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэлээс зарим асуудлыг тодрууллаа.
-Гэрийн тусгаарлалтаас 949 иргэн гарсан. Эдгээр иргэд халдвар тараах ямар нэгэн эрсдэлгүй юу?
Д.Нямхүү: Халдвар тараах ямар нэгэн эрсдэлгүй болоод л гэрийн тусгаарлалтаас гарсан. Эдгээр иргэдийн 380 нь хөдөө орон нутаг руу явсан.
-Халдвар авсан хүмүүсийг ХӨСҮТ-ээс гаргаж, сувиллын газар 14 хоног ажиглаж, төлбөрийг нь өөрсдөөр нь гаргуулдаг. Туркийн Элчин сайдын гэр бүлийн хоёр хүн эдгэсэн ч ХӨСҮТ-д ажиглалтад байгаа. Энэ хугацаанд төлбөрийг нь хаанаас гаргах вэ. Халдвартай нэг хүнийг эмчлэхэд өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байгаа энэ үед ачааллыг улам нэмээд байгаа хэрэг биш үү?
-Төлбөр мөнгөтэй холбоотой асуудлыг эмнэлгийн ажилчид бид мэдэхгүй. Бид зөвхөн эмчлэх л үүрэгтэй.
-Гадаадад байгаа, Covid-19-ийн халдвар авсан монгол иргэд 119 дугаарт холбогдож, эмчилгээний заавар зөвлөгөө авч байна гэсэн. Тэд яагаад шууд эмнэлэгт очихгүй байгаа юм бол. Мөн тариа хийлгэх ч юм уу, заавал эмнэлэгт хандах шаардлага тулгарвал яах вэ?
Д.Нарангэрэл:
-Гадаад орнууд хөнгөн хэлбэртэй өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэхгүй байгаа. Энэ нь эмнэлгийн ачаалал өндөр байгаатай холбоотой. Энэ утгаараа биднээс утсаар зөвлөгөө, мэдээлэл авч байгаа.
-Одоогоор гадаад оронд хэчнээн монгол хүн Covid-19-т халдвараар өвчлөөд байна вэ?
-Биднээс утсаар 19 орноос 96 монгол хүн зөвлөгөө авсан. Эдгээр хүмүүсээс 13 нь лабораторийн шинжилгээгээр Covid-19-ийн халдвараар өвчилсөн болох нь батлагдсан байсан. Мөн эдгээр хүмүүсийн найм нь эдгэж, тав нь хяналтаас гарсан.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ