УБТЗ экспортын тээврээ нэмэгдүүлж чадлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

УБТЗ экспортын тээврээ нэмэгдүүлж чадлаа

УБТЗ экспортын тээврээ нэмэгдүүлж чадлаа

Өнгөрсөн онд УБТЗ 28.1 сая тонн ачаа тээвэрлэв. Задалбал,10.2 сая тонн буюу 36.3 хувийг экспорт, 13.8 хувийг дамжин өнгөрөх, үлдсэнийг орон нутаг, импортын ачаа эзэлжээ. Мөнгөн утгаараа экспортоос 39, дамжин өнгөрөх тээврээс 29 гээд нийт орлогынхоо 68 хувийг ердөө хоёрхон төрлийн тээвэрлэлтээс бүрдүүлэв. Энэ жил төмөр замчид хөдлөх бүрэлдэхүүний хүрэлцээ, тээврийн захиалга, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш болон өмнөх жилийн гүйцэтгэлдээ үндэслэн 28.3 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн. Харамсалтай нь, Дэлхий нийтийг цочроосон цар тахлын улмаас хоёр болон гуравдугаар сард дамжин өнгөрөх ачааны хэмжээ 16-18 хувиар буурав. Ялангуяа, урд хөршөөс манай улсаар дамжин өнгөрөх байсан 102 транзит чингэлгийн галт тэрэгний аялал цуцлагдсан. 2019 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр тээврийн 13.8 хувийг бүрдүүлж, орлогын 29 хувийг эзэлсэн хамгийн өндөр тарифтай тээврийн хэмжээ ийн буурлаа. Шалтгаан нь, БНХАУ-д хөл хорио тогтоосноос аж үйлдвэрүүд зогсонги байдалд орж ОХУ, Европ руу гарах барааны нийлүүлэлт тасалдав. Гуравдугаар сарын 18-ны байдлаар л гэхэд Хятадаас ирэх чингэлэг байхгүй шалтгаанаар Замын-Үүдээс ОХУ руу 66 транзит галт тэргийг хоосноор буцаасан байна. Тянжинь болон Хятадын өмнөд бүсийн боомтууд хаагдсанаас гуравдагч орноос ирэх транзит чингэлэг ч нүдний гэм болж ховордсон. Эсрэг талдаа баруун Европ, ОХУ-д цар тахлын өвчлөл олноор бүртгэгдсэн нь эрэлт буурах шалтгаан дагуулж мэднэ. Хэдий саяхнаас БНХАУ дотооддоо өвчний тархалтыг харьцангуй тогтоон барьж, үйлдвэрлэлээ хэсэгчлэн сэргээсэн ч нэгэнт эрэлт буурвал глобаль эдийн засгийн эрэг шураг, эрэлт нийлүүлэлтийн механизм ажиллах нь юу бол.

Алдагдлаа хаадаг өндөр тарифтай ганц тээвэр буурсан нь УБТЗ-ыг эхний улиралд 16 орчим тэрбум төгрөгийн орлогоо алдахад хүргэв. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд гаргаж буй төлөвлөөгүй нэмэлт зардлыг оруулан тооцоод тэр шүү. Ийм байдал мэдээж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Гэтэл нэмээд импорт найм, орон нутгийн тээвэр 10 орчим хувиар буурчихдаг. Ёстой л “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч боллоо. Энэ тохиолдолд бид яах ёстой вэ. Хямралаас хэрхэн зөөлөн газардах вэ. Биет болон орлогын хэмжээгээрээ жин дарж буй ганц л тээврийг орхигдуулж болохгүй. Тэр нь хямралаас гарах экспортын гарц. Сүүлийн сар гаруйн хугацаанд УБТЗ-ын удирдлага экспортын тээврийг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлсний дүнд орлогын тасалдлыг тодорхой хэмжээгээр нөхөж чадсан юм.

Тээврийн олон тоон үзүүлэлтээс экспортын тээврийг “сугалж” яриад байсан нь ийм учиртай. Гэрэл, гэгээтэй ганц мэдээгээ орхиж болохгүй. Тээврийн төлөвлөгөө эхний улиралд 102 хувьд хүрч төлөвлөснөөс давж биелэв. Учир нь, экспортод гарах уул уурхайн бүтээгдэхүүний тээврийг 25 хувиар нэмэгдүүлсэн нь алдагдсан боломжоо тодорхой хэмжээгээр нөхөх “шанс” олгосон гэхэд болно.

УБТЗ 2020 оны нэгдүгээр улиралд 6.9 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн. Эхний улирлын тайлангаар 7.1 сая тонн ачаа тээвэрлэв. Өөрөөр хэлбэл, 7.1 сая тонн ачаа тээвэрлэж төлөвлөгөөгөө 102 хувиар биелүүлсэн. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 508 мянган тонн буюу 7.7 хувиар өсгөжээ. Энд экспортын ачаа 3.1 сая тонн буюу орлогын 49 хувийг бүрдүүлсэн байх юм.

Нэгэнт дамжин өнгөрөх тээврийн хэмжээ буурсан учир экспортын тээврийг үр ашигтайгаар нэмэгдүүлэх хэд хэдэн шалтгаан бий. Монголын түүхий эд Хятадад бараа бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгдэж буцаад дэлхий даяар тардаг болсон ертөнцөд амьдарч байгаагийн хувьд бусдын адил урд хөршийн зах зээлээс хуваалцах нь зүйн хэрэг. Хятадын үндэсний статистикийн хорооноос зарласан мэдээллээр энэ оны эхний хоёрдугаар сард аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар буурч, жижиглэн худалдааны борлуулалт 20.5 хувиар агшиж магадгүй гэнэ. Хөрөнгө оруулалт 24.5, экспорт оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 24.9 хувь болж буурсан бол импорт 20.6 хувиар нэмэгдэх төсөөлөлтэй байна. Блүүмбергийн шинжээчдийн таамаглалаар вирусийн нөлөө эхний хагаст үргэлжилж, эдийн засаг 2020 оны II улиралд 3.7, III, IV улиралд 6.6 хувиар өсөхөөр таамаглаж байгаа нь энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт жилээрээ 1.4 хувьд хүрэх төлөвтэй юм. Тус улс I улиралд вирусийг хяналтадаа авч эдийн засгийн үйл ажиллагаа хэвийн түвшин рүү ойртож, сэргэх хэдий ч Америк болон Европын холбоонд тархалт нэмэгдсэнээс эхний хагаст идэвхжил сул байх хүлээлттэй. Харин III улирлаас тренд түвшин болох 6 хувь руу ойртох боломжтой болох юм.

БНХАУ-ын эдийн засаг энэ оны хоёдугаар сарын эцэст 60-70, гуравдугаар сарын 27-ны байдлаар 90, дөрөвдүгээр сарын 3-наас 90-95 хувийн потенциалаар ажиллаж эхэлсэн. Өнгөрөгч сарын эцэст Хятадын томоохон аж ахуй нэгж, компаниудын 98.6, жижиг аж ахуй нэгжүүдийн 76.8 хувь нь үйл ажиллагаагаа сэргээсэн бөгөөд нийт ажилчдын 90 хувь нь ажилдаа эргэн орлоо. Сүүлийн нэг сарын турш Хятадын түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байна. Коронавирусийн тархалтын улмаас тус улс руу гарах Австрали, Бразилийн томоохон компаниудын төмрийн хүдрийн нийлүүлэлт буурсаар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Австрали, Бразилийн нийлүүлэх төмрийн хүдрийн импорт 3.17 сая тонноор буурч 19.81 сая тоннд хүрчээ. 2019 оны арваннэгдүгээр сарын эхэнд 80 ам.долларт хүрч байсан төмрийн хүдрийн ханш тасралтгүй өссөөр 2020 оны эхний сард 95 ам.доллартай байв. Хоёрдугаар сарын эхэнд төмрийн хүдрийн үнэ 15.3 хувиар огцом унаж, 78.3 ам.долларт руу буусан. Нөгөө талд, төмрийн хүдрийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудал болон Хятад улсад вирусийн тархалт намжиж, гангийн болон бусад үйлдвэрийн үйл ажиллагаа дахин сэргэсэнтэй зэрэгцэн төмрийн хүдрийн үнэ эргэж өсөн эхний улирлыг дуустал 90 орчим ам.долларт хэлбэлзлээ. Харин сүүлийн долоо хоногийн хугацаанд төмрийн хүдрийн үнэ 10 хувиар буурч 82 ам.долларт хүрэв.

Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, энэ оны эхний  улирлын байдлаар 262.7 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өссөн дүн. 2019 оны есдүгээр сараас хойш Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 1.2 хувиар өсөж, 86.23 ам.долларын ханштай байгаа. Энэ нь, гуравдугаар сарын 18-наас хойших хамгийн өндөр үнэд тооцогдоно.

Манай улс хоёрдугаар сард зогсоогоод байсан нүүрсний экспортыг нээснээр Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги зэрэг дөрвөн боомтоор нүүрс тээвэрлэж эхэлсэн. Цагаан сарын өмнө нэг тонн нүүрсний үнэ 830 юань байсан бол дөрөвдүгээр сар гарснаас хойш 900 орчим юань дээр тогтжээ. Коронавирусийн тархалтаас шалтгаалан эрэлт төдийлөн сайжрахааргүй байгаа тул коксжих нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ болон Хятадын эрчим хүчний нүүрсний үнэ тав дахь долоо хоногтоо тогтвортой байгааг “SXCoal” дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн тоймдоо мэдээлэв. Тухайлбал, “SXCoal”-ийн судалгаанд оролцсон коксжих нүүрсний уурхайнуудын хүчин чадал гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 2-ны хооронд өмнөх долоо хоногоос 0.75 нэгж хувиар буурч, 114.2 болсон. Түүхий болон угаасан нүүрсний нөөц өмнөх долоо хоногийн түвшнээс 9.1 хувь болон 14.6 хувиар тус тус нэмэгдсэнээр тав дахь долоо хоногтоо нөөц нэмэгдлээ. Хэрэв II улиралд хийхээр төлөвлөж буй дэд бүтцийн төслүүд эхэлснээр, гангийн эрэлт нэмэгдэж жилийн үйлдвэрлэл өмнөх оны түвшинд байх хүлээлттэй байна. Ингэвэл коксжих нүүрс, төмрийн хүдрийн нийлүүлэлт нэмэгдэх хандлага бий.

Манай улсын экспортын гол эрдэс бүтээгдэхүүнүүдийн үнэ өнгөрсөн долоо хоногт харьцангуй өссөн үзүүлэлттэй гарлаа. Тухайлбал, сүүлийн 18 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байсан газрын тосны үнэ ОХУ, Саудын Араб улсууд гарцаа танах хэлэлцээртэй зэрэгцэн 40 хувиар өсөж, 32.8 ам.долларт хүрэв. Мөн алт болон зэсийн ханш тав орчим хувиар өсжээ.

Зэсийн хувьд олон улс, дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал, эрсдэл бий болгосонтой холбоотойгоор үнэ нь огцом унаж эхэлсэн. Гуравдугаар сарын 23-ны байдлаар 4.609 ам.долларт хүрч унасан. Харин сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд зэсийн үнэ буцаж сэргэн 5.021 ам.долларт хүрчээ. 2019 оны эхний улиралд зэсийн ханш өсөх хандлагатай байсан бөгөөд оны эхнээс 10 гаруй хувиар чангарч, 6500 орчим ам.долларт хүрч байлаа.

УБТЗ-ын экспортын тээврийн 98.1 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Төрлөөр нь харвал, төмрийн хүдэр  68, экспортын нүүрс 13, зэсийн баяжмал зургаа, жонш таван хувийг эзэлнэ. Эдгээрээс хамгийн өндөр хувийг эзэлж байгаа төмрийн хүдэр ашгийн хувьд дөнгөж балансаа барьдаг. Бусад нь ашигтай гардаг. 2019 онд төмөр замаар долоон сая тонн хүдэр гаргасан бол энэ жил мөн долоон саяыг гаргахаар төлөвлөжээ. Экспортын нүүрс өнгөрсөн онд 1.3 сая тонныг экспортолсон бол энэ жил 1.6 сая тонноор төлөвлөсөн. Харин зэсийн баяжмал өнгөрсөн жилийнхтэй адил 640 мянган тонн. Жонш 2019 онд 512 мянган тонныг экспортолсон бол энэ жил 650 мянган тонныг экспортолно гэж тооцсон.

Эцэст нь, энэ бүхнээс дүгнэхэд Монгол Улсын экспортын орлого эхний улиралд бууралттай гарсан ч УБТЗ шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2020 оны I улиралд экспортын тээврээ нэмэгдүүлж чадлаа. Төлөвлөгөөгөөр 2.4 сая тонн экспортын ачаа тээвэрлэхээс 3.1 сая тонн ачаа тээвэрлэж, 128 хувиар биелүүлэв. Энэ нь, өнгөрсөн оны мөн үеэс 0.7 сая тонноор буюу 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Бидэнд тээврээ үр ашигтайгаар нэмэгдүүлэх ийм том боломж бий гэдгийг мартаж болохгүй. Ямар ч хямралын үед зэрэгцээд боломж оршиж байдаг. Гагцхүү түүнийг олж харах л чухал. Тиймээс алдсан боломжоо нөхөж экспортын тээвэрт анхаарал хандуулах нь төмөр замчдын хямралын гарц ч байж мэдэх юм.

Б. МӨРӨН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж