Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орчихоод торгуулаад л өнгөрөх үү?

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орчихоод торгуулаад л өнгөрөх үү?

Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орчихоод торгуулаад л өнгөрөх үү?

Энэ 2020 оны эхээр УИХ Эрүүгийн хуулд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2017 оны долдугаар сараас эхлэн хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн 12.5 дугаар заалтыг өөрчлөлгүй хэвээр баталсан нь насанд хүрээгүй хүүхэд бэлгийн харьцаанд орж, хохирсон нөхцөлд гэмт этгээд торгуулиад өнгөрөх боломжийг олгосон гэдэг маргаан руу дахин хөтлөөд байна. Дээрх зүйл заалтад “18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орчихоод торгуулиад л өнгөрөх болж байгаа юм.

Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 2017 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “О.Баасанхүү гишүүн Эрүүгийн хуульд хүчингийн хэргийн ялыг эрс бууруулсан, мөнгө төгрөгтэй хүн торгууль төлөөд ял шийтгэлгүй гарахаар байна гэж худал мэдээлэл өгөөд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар зүйлийн нэгд, хүчиндэх гэж ямар гэмт хэргийг хэлэх вэ гэдгийг тодорхойлсон. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд шинэ хуулиар бүх насаар нь хорих эсвэл 12-20 жил ял шийтгэхээр хуульчилсан. Харин насанд хүрсэн хүнийг хүчиндсэн бол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорино” гэдгийг тодотгожээ.

Бид уг асуудлаар хуулчдын байр суурийг хүргэж байна.

АРВАН ЗУРГААН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНТЭЙ БЭЛГИЙН ХАРЬЦААНД

ОРСОН ХҮНИЙГ ТОРГОЖ БОЛОХГҮЙ

Хуульч Р.Булгамаагаас тодруулав.

Хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал хэрээс хэтэрлээ гэж ярьж байна. Үнэхээр бодит байдалд дээрх төрлийн гэмт хэрэг ихсэж байна уу. Та энэ төрлийн нэлээд олон хэрэгт ажилласан хүний хувьд дүгнэвэл?

-Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гаргасан Монгол Улсын Шүүхийн шүүн таслах ажиллагааны тайланд дурьдсан тоон мэдээнээс үзэхэд анхан шатны шүүхээр хүчиндэх гэмт хэрэг нь 2017 онд 191, 2018 онд 282, 2019 оны гуравдугаар улиралд 280 хянан шийдвэрлэгдсэн байна. Үүнээс дүгнэвэл хүчиндэх гэмт хэрэг нь жил тутамд нэмэгдэж байгаа үзүүлэлт гарч байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн практик судлалын хэлтсээс гаргасан судалгаанаас үзэхэд 2012-2018 онд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 3 дахь хэсэг буюу 14-өөс дээш 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан үндэслэлээр 294 хүнд холбогдох 243 хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хүчиндэх гэмт хэргийн 16.9 хувь, ял шийтгүүлэгчийн 17.3 хувийг тус тус эзэлж байна.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг нийт хүчингийн гэмт хэргийн 31.4 хувь, ял шийтгүүлэгчийн 28.3 хувийг эзэлж байна гэжээ. Уг судалгаанаас харахад дээр дурьдсан гэмт хэргийн үзүүлэлт жил тутамд өссөн үзүүлэлттэй байна.

Дээрх тоон мэдээнээс дүгнэвэл хүчиндэх гэмт хэрэг нэмэгдэж байгаа гэж дүгнэж болох бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн гурван тохиолдол тутмын нэг нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэл байгаа ноцтой тоон мэдээг судалгаанаас харж болно.

Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдэд ямар ял шийтгэл оноодог вэ. Монгол улсын ялын бодлогын тухайд?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байдаг. Эрүүгийн хуульд заасан “бага насны хүүхэд” гэж 14 насанд хүрээгүй хүнийг ойлгодог. Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болдог.

-Хүүхэд хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудал нийгэмд олширч байна. Энэ гэмт хэргийг бууруулахын тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй юу. Хүүхэд хүчирхийлэгчдийг яах вэ. Тэдэнд оноох ял шийтгэл нь хөнгөдөж байна уу?

-Хүчиндэх гэмт хэргийн тухайд 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг нэмэгдүүлсэн. Тодруулбал, уг зүйлийн 2.10 дугаар зүйлд заасан 2-8 жил гэснийг 5-12 жил гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 5-12 жил гэснийг 8-15 жил болгож ялыг чангатгасан.

Гэвч бодит амьдрал дээр энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь хорих ялыг нэмэгдүүлэх нь үр дүнд хүрэхгүй гэж дүгнэхээр байгаа юм. Тиймээс судлаачийн хувьд өөр төрлийн ял буюу хөнгөлөх, химийн тариа тарих зэрэг гадаадын улс орнуудад хэрэгжүүлж байгаа туршлагыг нэвтрүүлбэл энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж үздэг.

-Сүүлийн үед сошиалаар олны анхааралд өртсөн нэг асуудал бол 14 хүртэлх насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулах асуудал яригдах болжээ. Хууль эрх зүйн талаасаа 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрчихлөө гэж ойлгож болох уу. Та дээрх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заадаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд “18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн,16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол” 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл, 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Хуульд 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрсөн зүйл огт байхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага ямар байх дээр бодох зүйл байгаа.

Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэгт торгох ял байж болохгүй талаар судлаачийн хувьд удаа дараа байр сууриа илэрхийлж ирсэн. Мөн одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн зохицуулалтаас харахад 18 насанд хүрсэн хүн нь уг гэмт хэргийн субьект байхаар хуульчилсан. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дийлэнх гэмт хэргийн субьект нь 16 насанд хүрсэн хүн байдаг. 16-18 насны хүний хувьд Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйл хамаарахгүй байгааг хууль тогтоогчид анхаарах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

14 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ УНТСАН НЬ ШУУД ГЭМТ ХЭРЭГ БИШ МӨРДӨН ШАЛГАХ ЯВЦАД

“НӨХЦӨЛИЙГ НОТОЛЖ ЧАДСАН ТОХИОЛДОЛД” ГЭМТ ХЭРЭГ

Haliun Soronzonbold-н зураг.

Хуульч С.Халиунаагаас тодруулав.

Хүүхэд хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудал нийгэмд олширч байна. Энэ гэмт хэргийг бууруулахын тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй юу. Хүүхэд хүчирхийлэгчдийг яах вэ. Тэдэнд оноох ял шийтгэл нь хөнгөдөж байна уу?

-Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа хэрэг нийгэмд нэмэгдэж байна”, “Гэмт хэргийн гаралт ихэслээ” гэдэг аливаа мэдэгдэл сонсохдоо бид юуны түрүүнд хэн нэгний байр суурь гэхээсээ тоо баримт, статистик дээр тулгуурласан эх сурвалжтай мэдээлэл дээр дүгнэлт хийх ёстой гэдгийг хэлмээр байна. Учир нь, хүүхдийн хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийллийг хүмүүс хамгийн эмзэг хүлээн авч, нийгэмд хамгийн их бухимдал төрүүлдэг асуудлын нэг.

Судалгаагаар бага насны хүүхэд хүчирхийллийн хохирогч болсон тохиолдол тодорхой хэмжээгээр өссөн. Гэхдээ үүнтэй зэрэгцээд мэдээлэл, технологийн хурд өндөр байгаагаас бид бодит байдлаас өндөр тоо авч бас бухимдаж байгаа асуудал байгаа. Тэр бүр өмнө сонсдоггүй байсан хэргүүдийн талаар тухай бүр мэдээлэл авч байгаа сайн тал байгаа ч тэр дор нь бас мартагнадаг сөрөг тал бас бий.

Иймд ийм төрлийн гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн, цаашид ямар арга хэмжээ авч ажиллаж байгаад хяналт тавьж, гарсан алдаа болгоноос суралцдаг “нийгмээрээ нэхдэг” болмоор байна.

Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй юу. Мэдээж хэрэг хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Нэн ялангуяа бэлгийн халдашгүй байдлын эсрэг, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргүүд улам нарийсч байгаа энэ үед улам л нарийн зохицуулалт оруулах шаардлагатай. Тухай бүр нарийвчилсан зохицуулалт оруулж, зүйлчлэх хэрэгтэй. Хууль хүний амьдралыг зохицуулахдаа үргэлж хоцордог.

Барууны орнуудад гаж донтой хүмүүсийн бага насны хүүхдийн эсрэг үйлдэж буй хэргүүд улам л нарийн, хил дамнасан, технологийн нууцлал ашиглан үйлдэж, илрүүлэх, мөшгөх, нотлох боломжгүй хэцүү болж байгаа. Гэтэл манайх техник, технологи ашиглаагүй, хил дамнаагүй, энгийн хэргүүдээ ч “хэрэг болгож” чадахгүй хууль тогтоогчид нь гэмт хэрэгтнүүдэд “орон зай” олгон, хүчирхийлэгчийн өмнөөс хэргийг “өмгөөлөөд, тайлбарлаад, боломж олгож” сууж байна. Нөгөө талаар дан ганц “хуулиар бүх асуудлыг шийдвэрлэнэ” гэдэг бас ташаа ойлголт. Гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийг бий болгох шаардлагатай.

Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн талаар олон улсад нэртэй томоохон их сургуулиудын олон судалгаа бий. Хамгийн гол хүчин зүйлүүдийн нэг бол яах аргагүй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал. Ажилгүйдлийн түвшин өндөр, ядуурал ихтэй улс орнуудад хүүхэд ахуйн орчин хүчирхийлэлд өртөөд зогсохгүй бэлгийн мөлжлөгийн хохирогч болох хөрс нь тавигддаг.

Тухайн улсын иргэд хэр ядуу, мэдлэг боловсролгүй, “гадаад ертөнцөд нээлттэй” байна тэр хэрээр боломж хайсан гэмт хэрэгтнүүдийн амархан өгөөш болдог. Хамгийн эмзэг, өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүд хохирогч болдог.

Цахим ертөнц хөгжиж, мэдээлэл технологийн хүртээмж нэмэгдэж, нууцлал сайжрахын хэрээр бэлгийн хүчирхийллийг зөвхөн хойд эцэг, төрөл сандангийн хүн үйлдээд зогсохгүй төрсөн эх нь хүртэл хүүхдийнхээ зураг дүрсийг худалдах замаар гэмт хэрэг үйлдэж байна. Интернет, цахим хөгжихийн хэрээр нийгмийн хамгийн эмзэг гишүүд болох хүүхдүүдийн эсрэг гэмт хэргүүд улам нарийсч байна.

Нийгмийн суурь асуудлуудын нэг болох ядуурал, ажилгүйдэл, архидалтыг шийдэхгүй байж дан ганц шийтгэл өндөртэй зохицуулалт оруулаад энэ асуудлыг шийдэж чадна гэдэг нь ташаа ойлголт. Бид улстөрч, шийдвэр гаргагчдаас нийгмийн суурь асуудлуудыг шийдэхийг байнга шаардах хэрэгтэй. Үгүй бол ийм төрлийн хэрэг байнга л гарна.

Ийм үг бий “Цаазын ял бол хүчирхийлэлтэй нийгмийн үр дүн болохоос учир шалтгаан биш”. Нийгэм нь өөрөө хүчирхийлэлтэй байгаа учраас ялын хэмжээ өндөрсгөх, цаазын ял оногдуулахыг шаардаж байгаа болохоос цаазын ял байхгүй учраас хүмүүс гэмт хэрэг үйлдээд байгаа биш.

Гэмт хэрэг улам л нарийсч байна. Хууль тогтоогч, шийдвэр гаргагч, эрх баригч нар хурдацтай ажиллах хэрэгтэй байна. Гэтэл тэгж ажиллах хандлага ч байхгүй хамгийн энгийн “гэмт хэрэг үйлдэнэ шийтгэл хүлээнэ” гэсэн логиктой гэмт хэргийг гэмт хэрэг биш болгох орон зай олгож байна.

-Сүүлийн үед 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орохдоо хоёр талаас тохиролцсон бол мөнгөн дүнгээр торгуулна гэдэг асуудлыг ярьж байна. Хууль эрх зүйн талаасаа 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрчихлөө гэж ойлгож болох уу. Та дээрх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Хэн нэгэн улстөрчийн хэлсэн ярьсан зөв буруу гэхээсээ одоо байгаа хүчин төгөлдөр хууль ямар зохицуулалттай талаар л дүн шинжилгээ хийе. Цэвэр логик сэтгэлгээгээр. Улстөрчийн хэлсэн үгэнд анхаарал хандуулахаар тухайн асуудлыг авч үзэхээсээ илүү “улстөрч рүү дайрч байна” гэж асуудлыг булзааруулах, өмгөөлөх, ташаа тайлбарлах боломж гардаг. Хуулийн зүйл заалтыг нь логик сэтгэлгээгээр задлаад үзье.

Монгол Улсад 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэн боловч гэмт хэрэгтэн мөн үү. Үгүй. Ямар тохиолдолд гэмт хэрэгтэн болох вэ гэхээр “мэдсээр байж” мөн “мэдэх боломжтой” байсаар байж гэдгийг нотолсон тохиолдолд. Мөрдөн шалгах явцад тогтоож, нотолж, прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүгч гэм буруутай гэж үзсэн тохиолдолд л гэмт хэрэг болно. Хэрэв мөрдөн байцаах шатанд “мэдсээр байж” гэдгийг нотолж чадахгүй, гэм буруутай нь тогтоогдохгүй бол тэр хүн гэм буруугүй л гэсэн үг. Шүүхийн хаалгаар алхаад л гараад явна гэсэн үг.

14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон этгээдийн үйлдлийг хуулиар нэг мөр хориглоогүй. Харин “мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон”, “мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон” бол гэж субъектив талын нөхцөл оруулснаар гэмт хэрэг мөн эсэхийг шийднэ гэсэн үг.

Энэ тохиолдолд мөрдөгчид “хэргийг хэрэг болгох” том даалгавар эсвэл “мэдсээр, мэдэх боломжтой байсныг санаатайгаар нотлохгүй, ажиллагаа явуулахгүй, араас нь хайнга хандаж” санаатайгаар эс үйлдэхүй гаргах боломж байна л гэсэн үг. 14 настай хүүхэдтэй унтсан нь шууд гэмт хэрэг биш мөрдөн шалгах явцад “нөхцөлийг нотолж чадсан тохиолдолд” гэмт хэрэг.

Монгол Улсын нэгдэн орсон конвециор 18 нас хүрээгүй хүн болгон хүүхдэд тооцогдох ба 14 настай хүүхэдтэй унтсан, бэлгийн харьцаанд аливаа хэлбэрээр орсон л бол гэмт хэрэг байх ёстой. Гэтэл мэдсээр байж унтсан бол гэдэг нөхцөл оруулж өгснөөр тэр хүнд шийтгэлээс зугтаах “орон зай” олгоод байна.

Ихэнх улс орнуудад 14 нас хүрсэн ч 18 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол дор хаяж 10 жилээс дээш хорих ял оногдуулдаг. 25 нас хүрсэн залуу 16 настай охинтой үерхэж байсан ч педофайл гээд нийгмээрээ хүлээн авдаггүй эрс шүүмжилдэг. Эрэгтэй хүүхэд байсан ч 16 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүдийн хэргүүдийг эрс шүүмжилдэг, нийгмээрээ хүлээн авдаггүй. Бид энэ асуудлыг хүүхдийн бие махбодь хөгжсөн хөгжөөгүй, нүүрээ будсан будаагүй, хүүхэд төрүүлэхэд бие нь бэлэн эсэхийг ерөөсөө тайлбарлаж шинжлэх шаардлагагүй. Нэгэнт хуульд 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэнэ гээд заачихсан л бол гэмт хэрэг.

14-16 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНТЭЙ ӨӨРӨӨ ЗӨВШӨӨРСӨН БАЙСАН Ч

БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРВОЛ ГЭМТ ХЭРЭГ

Хуульч Б.Мэргэн "Зарим зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харилцаанд орсон л бол хүчингийн гэмт хэрэг. Тэрэнд хохирогч хэдэн настай байх хамаагүй 14-18 насанд хүрээгүй хүнийг хүчиндвэл бүр өндөр ялтай. Харин 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй хүнд хүч хэрэглээгүй бол хүчиндэх гэмт хэрэг биш боловч 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэдэг өөр гэмт хэрэг байхаар хуульчилсан.

Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэгч нь 18 насанд хүрсэн гэх нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Ингэж ялгаж зүйлчлэх нь онолын хувьд болоод практикт зөв үү, буруу юу гэж би хэлж мэдэхгүй байгаа. Хууль нь л ийм. Гэтэл 14 настай хүүхэд өөрөө зөвшөөрвөл гэмт хэрэг биш гэж яриад байгаа нь бол буруу. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг мөн гэхдээ хүчиндэх биш өөр гэмт хэрэг. Өмнөх хуулиудад ч ийм л байсан. Мөн шинээр бий болсон зохицуулалт биш юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
13
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж