УДЭТ, УДБЭТ, Номын сангийн барилгыг хамгаалалтад авах уу?

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

УДЭТ, УДБЭТ, Номын сангийн барилгыг хамгаалалтад авах уу?

УДЭТ, УДБЭТ, Номын сангийн барилгыг хамгаалалтад авах уу?

Улаанбаатар хотын ой санамж болсон Улсын Драмын эрдмийн театр, Улсын Дуурь, Бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг нийслэлийн хамгаалалтад авах эсэх асуудал тодорхойгүй байна. Учир нь, улсын хамгаалалтад авах газрыг Засгийн газар баталдаг бол аймаг, нийслэлийн хамгаалалтад авах түүхэн дурсгалт барилга байгууламжийг салбар яам нь баталдаг. Харин сум, дүүргийн хамгаалалтад авах түүхэн дурсгалыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хуралдаж, саналаа яам тамгын газар өгдөг номтой. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн тушаал баталгаажихыг хүлээж буй гэсэн үг.

Өнгөрөгч 2019 онд Байгалийн түүхийн музейн барилгыг нураасны дараагаар эдгээр гурван  барилгыг шинэчлэх, буулгах асуудал олны анхааралд өртөөд буй. Нийслэлийн Соёл урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, нийслэлийн Хот төлөвлөлт, хөгжлийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, дүүргүүдийн нийгмийн хөгжлийн хэлтэс, Улаанбаатар хотын музейн мэргэжилтнүүд хамтран нийслэл хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын зүйлийн хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцах ажлын хэсгийг байгуулан, холбогдох дүгнэлтийг гаргажээ.

ШИНЭЭР ХАМГААЛАЛТАД АВАХ САНАЛТАЙ 22 БАРИЛГА БИЙ

Улсын Драмын эрдмийн театр, Улсын Дуурь, Бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын 2015 оны Улсын үзлэг тооллогоор бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. Одоо шинээр хамгаалалтад авах саналтай барилга байшингийн тоонд оруулжээ. Тодруулбал, уг ажлын хэсгийн хуваарьт улс, нийслэлийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад орсон 19, шинээр хамгаалалтад авах саналтай 22 барилга нийт 41 объект хамрагдсан байна.

Энэ талаар нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаа мэдээлэл өгөхдөө “Нийслэлийн Соёл, урлагийн газрын зүгээс жил жилийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хэрэгжүүлэх заалтуудыг тусгаж явдаг. Өнгөрөгч 2016-2020 оны үндсэн чиглэлд “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлнэ гэсэн заалтыг оруулж, жил бүр тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлээд явж байна. Нийслэлийн нутаг дэвсгэр дээрх түүх соёлын үл хөдлөх дурсгалт барилга, байшингуудын хадгалалт, хамгаалалтын асуудалд сүүлийн үед анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ жилийн хувьд “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хүрээнд нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын тушаал гарч, ажлын хэсэг байгуулан түүх соёлын дурсгалт барилга байгууламжуудаар явж, газар дээр нь танилцсан. Улаанбаатар хот сүүлийн найман жил Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болох зорилтыг тавин ажиллаж байгаа. Хоёрдугаарт, түүх соёлын дурсгалт барилгуудад тулгамдаж буй асуудал, зөрчил дутагдлыг арилгахын тулд дараа дараагийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг ажиллаж, дүгнэлтээ гарган, холбогдох байгууллагуудад танилцуулсан.

Мэргэжлийн урлагийн гурван байгууллагын барилга одоогоор нийслэлийн хамгаалалтад бүртгэгдээгүй байна. Эдгээр барилгыг 2015 оны улсын тооллогоор түүх соёлын үл хөдлөх дурсгалт барилга, байгууламжийн жагсаалтад оруулах саналыг өгсөн. Гэхдээ хараахан шийдвэрүүд гараагүй байна. Улсын хамгаалалтад байх түүхэн дурсгалт барилга байгууламжийн жагсаалт 2019 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын тогтоолоор баталгаажсан. Бусад барилга байгууламж нийслэлийн хамгаалалтад байна. Гэхдээ энийг БСШУСЯ-ны сайдын тушаалаар батлагддаг. Бидний зүгээс Соёлын өвийн үндэсний төвөөр дамжуулан холбогдох саналыг салбарын яаманд өгсөн. Шийдвэр гарахыг хүлээж байна” гэв.

“УДЭТ, УДБЭТ, ТӨВ НОМЫН САНГИЙН БАРИЛГАД ХҮЧИТГЭЛ, ЗАСВАР ОГТ ХИЙГЭЭГҮЙ”

Мэргэжилтнүүд эдгээр гурван барилга байгууламжийн нөхцөл байдалтай танилцаж үзэхэд тухайн цаг үед нь хүчитгэл, сэргээн засварлалтын ажлыг хийгээгүйгээс өнөөдөр нурж болохоор эрсдэл үүсээд байна. Сүүлийн 20-иод жил соёл, урлагийн байгууллагад бүрэн хэмжээний засвар хийх хөрөнгө оруулалтын ажил орхигдсоноос ийм нөхцөл байдалд хүрсэн гэдэг дүгнэлтийг гаргажээ. Цаашдаа архитектурын дурсгалт барилга талаасаа байх ёстой учраас мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн хүчитгэлийн ажлыг хийх ёстой гэж үзсэн” гэдгийг С.Дэлгэрмаа хэлж байв.

Мөн тэрбээр “Та бүхний сонирхон асууж байгаа мэргэжлийн урлагийн байгууллагын барилгын асуудалд нухацтай хандах ёстой. Өнөөдөр нийслэлийн хамгаалалтад аваагүй барилгыг тийм байх ёстой гэж ярих нь өрөөсгөл асуудал. Хүн харахад хотын төвд олон жил болчихсон, барилгын архитектурын хувьд түүхэн дурсгалтай гэж дүгнэж болно. Гэтэл цаанаа тодорхой эрх зүйн үндсээр баталгаажсан байх шаардлагатай. Энийг бодож, зөв мэдээллийг олон нийтэд мэдээлэх ёстой. Хэн ч ийм сайхан барилга байшингаа нураалгахыг хүсэхгүй. Бид маш олон талаас нь нухацтай харж, түүх соёлын дурсгалт барилга гээд дотор нь ажиллаж буй хүмүүсийн эрх ашгийг хөндөөд байж болохгүй. Хэзээ нэгэн цагт эдгээр барилгуудад нуралт үүсч, хүний амь эрсдэхэд хариуцлагыг хэн үүрэх вэ. Тийм учраас олон талаас нь судалж, анхаарч ажиллах ёстой. Олон улсын жишгээс харахад 50-иас дээш жилийн насжилттай барилгуудыг түүх соёлын дурсгалт барилгад бүртгэн авдаг. Тэгэхээр бид бүртгэн авах эрх зүйн орчин нь бүрдсэний дараагаар түүх соёлын дурсгалт барилга байгууламж гэж үзэх ёстой” гэдгийг яриандаа онцлон хэлсэн юм.

УДБЭТ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ДӨРВӨН ТОМООХОН АЖЛЫГ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Энэ ондоо багтан Улсын Драмын эрдмийн театр, Улсын Дуурь, Бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг засварлахаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүр хоёр тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Тиймээс эдгээр гурван байгууллага эхнээсээ засвар шинэчлэлтэй холбоотойгоор саналаа нэгтгэн, салбарын яамандаа хүргүүлээд байгаа ажээ.

Улсын Дуурь, Бүжгийн эрдмийн театрын хувьд театрын барилгын бодит байдлын оношилгоог Монголдоо ганц Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга архитектурын сургууль, Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвийн 13 мэргэжилтнээр хийлгэж, салбар яамандаа хүргүүлээд байгаа гэнэ.

“Улсын Дуурь, Бүжгийн эрдмийн театрт өнөөдрийн байдлаар сэргээн засварлалтын ажил эхлээгүй байна. Театрын зүгээс барилгынхаа бодит байдлын оношилгоог зургаан сарын хугацаанд хийж, гаргуулаад байна. Уг оношилгоог Монголдоо ганц Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга архитектурын сургууль, Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвийн 13 мэргэжилтнээр хийлгэсэн. Энэ оношилгоогоо болон эрсдэлийн үнэлгээг салбар яаманд саналаа гаргаж өгсөн. Бидний зүгээс улсын  төсөвт төсөвлөөд буй хоёр тэрбум төгрөгтөө багтаан театрын дээврээ нэн даруй шинэчилж засвар хиймээр байна. Манай театр хоёрдугаар сарын 1-нээс албан ёсоор амарсан. Энэ үеэр үзэгчдийн заалны дулааныг хэмжиж үзэхэд -2 хэм байсан. Тоглолтын үед олон хүн цугларахаар бага зэрэг дулаан бодлогоос гадна олон тооны тенн залгадаг учраас зардал их гардаг.

Хоёрдугаарт ашиглалтад орсноос хойш мэргэжлийн засвар үйлчилгээ бүрэн хийгдээгүй сантехникийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Тухайн үед хийгдэж байсан сантехникийн материалууд худалдаанд ч гардаггүй, таардаггүй. Энэ өвөл 6-7 удаа их хэмжээний ус алдах эрсдэл гарсан ч тухай бүрт нь өөрсдөө гал унтраах байдлаар арга хэмжээг авч ажилласан. Дараагаар нь цахилгааны асуудал, гадна фасад, цууралт өгсөн 4-5 газарт хүчитгэл хийх ажлыг багтаасан. Эхний ээлжид хоёр тэрбум төгрөгтөө багтаан дөрвөн ажлыг хийх шаардлагатай байгаагаас цаашид маш олон ажлыг хийх хэрэгтэй байгаа” талаар тус театрын Аж ахуй эрхэлсэн орлогч дарга Х.Одгэрэл хэлж байв.

Тэрбээр “Улсын төсөвт сууж байгаа хөрөнгө мөнгө нь барилгын засвар, шинэчлэлийн ажилд зориулна гэж байгаа учраас барилгын шинэтгэлд л зарцуулагдана. Өнгөрсөн долоо хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын даргатай уулзаж, ямар шатандаа явж байгаа талаар асуусан. Ерөнхийдөө театр маань есдүгээр сар хүртэл хөл хориотой байгаа үед энэ хугацааг ашиглан засвар шинэчлэлийн ажлаа амжуулах хүсэлтэй байгаа.

Гадна талын өнгө будгийг сэргээх ажлыг тухайн жилийнхээ төсөвт оруулж, 2-3 удаа шинэчилж будсанаас цахилгаан, сантехник, тайзны асуудлыг бүрэн сайжруулж байсангүй. Бодит байдал дээр театрын аюулгүй ажиллагаа, хүмүүсийн эрүүл мэнд, нөхцөл бололцоо гээд стандартаа барих юм бол бүхэл юм  нь зөрчигдсөн.

Өнгөрсөн 2016, 2017 онуудад урсгал засвар хийхэд ямар ч мөнгө төгрөг төсөвлөөгүй. Харин 2018 онд өөрсдөө дотоод нөөц бололцоогоо ашиглан, хөрөнгө орлогоо давуулсан орлогоо мэдүүлж, бага зэргийн давсан орлогоосоо Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамандаа мэдэгдэж, 70 орчим сая төгрөгийн урсгал засвар хийсэн. Энэ нь шат өрөө тасалгаа, коридор зэрэг будаж, өнгөн талын засвар хийсэн” гэлээ.

Тус театрын хувьд ашиглалтад орсноос хойш бүрэн хэмжээний их засвар, хүчитгэл нэг ч удаа хийгдэж байгаагүй гэдгийг ажилчид хэлсэн юм. Үүний шалтгаан нь хөрөнгө мөнгөний асуудал, хоёрдугаарт төр засаг урлаг соёлынхоо байгууллагынхаа барилгыг засварлахгүй олон жил болсонтой холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж