Япон улсад морин хуур урладаг монгол залуу

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

Япон улсад морин хуур урладаг монгол залуу

Япон улсад морин хуур урладаг монгол залуу

Японы алдартай уран бүтээлч Токоро Жоожи саны нэвтрүүлгийн зочноор монгол залуу уригдан оролцжээ. Түүнийг Баатаржавын Болд-Эрдэнэ гэдэг. Тэрбээр урлаг судлаач мэргэжилтэй бөгөөд хөөмийч, морин хуурч, урлаач нэгэн. Монголыхоо урлаг соёлыг олон  улсад сурталчилж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа түүнийг урлагийн хүрээнийхэн “Хонхон хоолойт” Ш.Даваахүү хэмээн тухайн цаг үедээ үзэгчдийг бишрүүлж байсан дуучны хүү гэдгээр нь андахгүй.

Японы “Тэрэби Токио” телевизийн “Сургуульд заадаггүй ” гэсэн утгатай бүх насны хүмүүст зориулсан танин мэдэхүйн нэвтрүүлэг нь Япон орон даяар сард гурван удаа Баасан гариг бүр гардаг. Түүний хувьд нэвтрүүлэгт оролцох болсон тухайгаа ярихдаа "Би байнга үйлчлүүлдэг морин хуур хийх мод болон багаж худалдан авдаг дэлгүүрт мод хараад явж байсан чинь нэг камертай залуу ирээд “Та юу хайж байгаа юм бэ. Энэ модоор яах гэж байгаа юм бэ” гэж асуусан. Тэгээд би монголын үндэсний хөгжим морин хуур хөгжим хийдэг тухайгаа ярьснаар намайг нэвтрүүлэгтээ урьж, оролцуулсан" гэв.

Япон улсад 10 гаруй жил амьдарч буй тэрбээр үндэсний язгуур урлагийн “Их татлага” хамтлагийн ахлагч ажээ. Хамтлаг үүсгэн байгуулагдаад таван жил болж байгаа ч жил бүр бүрэн хэмжээний концерт тавьж, хамтлагаараа нийт гурван цомог гаргасан. Тэд анхны тоглолтоо 2016 онд Японы алдарт “Сантори” танхимд толилуулж байсан удаатай. Мөн "Их татлага" хамтлагийн гишүүд тусдаа хэд хэдэн цомог гарсан гэдгийг хэлж байв. Мөн Япон улс даяар аялан тоглолт хийж, Монгол Улстай холбоотой үйл ажиллагаануудад тогтмол оролцож, үндэсний язгуур урлагаа танилцуулдаг ажээ.

Тэрбээр "Би бага байхдаа хөөмийлдөг байсан ч урлагийн хүн болно гэж бодож байгаагүй. Харин өвөө, аав шигээ мужаан болно гэж боддог байсан. Тэгээд анх Барилгын коллежид гэр ахуйн нарийн мужааны ангид элсэн орж, мужаан мэргэжилтэй болсон юм. Коллежоо төгсөөд Улсын Драмын эрдмийн театрын тайзны мужаанаар нэг жил ажиллаж байхдаа хугацаат цэргийн албанд татагдаж, Хилийн цэргийн 0151-р ангийн тусгай батальонд алба хаасан.

Би цэргээс халагдаж ирэхдээ урлагийн хүн болно гэж шийдээд ирсэн дээ. Хөөмийг анх Баатарын Одсүрэн багшаараа заалгаж Улсын ардын дуу, бүжгийн чуулгад орсноос хойш Сэрхэний Зулсар багшаар заалгасан. Морин хуур хөгжмийг анх талийгаач И.Цогбадрах багшаар заалгаж байсан" тухайгаа ярьсан юм.

Урлагийн гэр бүлд хүмүүжсэн тэрбээр бага наснаас морин хуур, хөөмийг бие даан суралцаж, Монголын шилдэг хөөмийчдийн тоонд дээгүүрт бичигдэх болсон. Байгалиас заяасан авьяасыг нь түүний ээж Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Даваахүүтэй холбон үзэж ч болох биз. Тэрбээр ээжийнхээ тухай дурсахдаа "Миний ээж бол Монголд цор ганцхан байсан хөгжимлөг хоолойтой маш ховор дуучин хүн байсан. Үр хүүхэд, ач, зээ нараа эрхлүүлсэн сайхан эх хүн байлаа. Тоглолтынхоо дээлийг нэг шөнө суугаад өөрөө оёчихно. Хүнийг их шоглоно. Ер нь ямар л насны хүүхэд байна яг тэр насны хүүхэд шиг ааш авираар хүүхдүүдтэй харьцаж чаддаг хүн байсан даа.

Ээж маань Улсын багшийн их сургуулийг шанз хөгжимчнөөр төгсч, Дорнодын театрт анх ажлынхаа гарааг эхлүүлсэн гэдэг. Тухайн үеийн аймаг, сумын уран бүтээлчид 2-3 мэргэжилтай шахуу байдаг. Ээж маань Дорнодын театрт дуулж, жүжиглэж бас хөгжимддөг байсан. Тэгээд дуулах ур чадвар нь онцгой сайхан байсан болохоор дуугаа дуулаад явсан. Бага байхад хааяа шанзаа гаргаад гэртээ тоглодогсон" хэмээн ярилаа.

Монгол Улсын их сургуулийг урлаг судлаач мэргэжлээр төгссөн тэрбээр хөөмийн бүх төрлийг гаргуун эзэмшсэн уран бүтээлч. "Би 2002-2008 онд Монгол Улсын их сургуулийг урлаг судлаач мэргэжлээр төгссөн. Дунд нь Япон улсад байж байгаад хоёр жил өнжсөн. Үргэлжлүүлж их сургуульдаа сурч, төгссөн дөө. Морин хуур хөгжмийг 2000 онд Улсын ардын дуу, бүжгийн чуулгад ороод тухайн үед хөгжим засварын Энхболд багшаараа морин хуур хийхийг заалгаж, өөрийнхөө хуурдах хөгжмөө анх хийж байсан юм.

Мужаан мэргэжилтэй байсан болоод ч тэр үү, хийц тал дээр бол нээх их түүртэлгүй сурсан. Харин дуу, дуугаралт болон хөгжимдөх арга барилд амар хялбар тоглогдох хөгжим хийхийн тулд одоо ч судалгаа хийж, найзуудаасаа болон морин хуур хөгжимчдөөсөө суралцаж байгаа" гэлээ.

Чадварлаг морин хуурч маань "Хялгасыг хялгасаар хөрөөдөж дуу авиа үүсгэдэг ард түмэн бол монголчууд юм. Морин хуур эгшиглэсэн газар 1000 бурхан заларсантай дүйцэх буян хурдаг гэж эртнээс ярьдаг. Тийм учраас аливаа найр, наадмын эхлэл төгсгөлд айлын жавар, хүүхдийн сэвлэг үргээхэд морин хуур хөгжин эгшиглүүлдэг учиртай. Тэр их хүч энерги нь морин хуур хөгжмийн утас болон нуманд татсан хялгасандаа байдаг. Тэгэхээр морин хуур хөгжмийн ид шид, амин сүнс нь хялгасандаа байдаг гэж боддог. Нэг чухал зүйл нь морин хуур хөгжмийг яаж арчилж, хайрлан эгшиглүүлэхээс хамаарч тухайн хөгжим амь орж сүнслэг чанартай эгшиглэж чаддаг" хэмээн өгүүлнэ.

Тэрбээр морин хуур хөгжим урлахад гурван долоо хоногийн хугацаа зарцуулдаг ажээ. Учир нь хуруу гараа исгэх юм уу бэртчихвэл морин хуураа тоглож, хөөмийлөхөд бэрх учраас их болгоомжтой хийдэг тухайгаа хэлж байв. "Миний хувьд уран бүтээлээ хийнгээ морин хуур хөгжим хийдэг учраас их цаг хугацаа шаарддаг. Морин хуур хөгжмийг хийхэд багадаа л гурван долоо хоног зарцуулдаг. Ер нь бол жилд 3-4 хуур л хийдэг. Миний хувьд анхаарах шаардлагатай зүйл гэвэл нэгдүгээрт, модоо зөв сонгох хэрэгтэй. Японд хийж байгаа учраас чийгшил багатай хуурайшил ихтэй үеийг анхаарч хийдэг. Ер нь морин хуур хийхэд уран нарийн хийц чухал ч гэлээ хөгжмийг дуугаргах нь хамгийн хэцүү бөгөөд ярвигтай байдаг. Нэг модноос гаргаж хийсэн хоёр морин хуур өөр дуугаралттай байх жишээтэй. Би захиалгаар морин хуур хийж, засдаг. Япон улсад морин хуур сонирхдог 600-700 орчим хүн бий гэдэг судалгаа бий. Япончууд морин хуур хөгжмийг маш их сонирхож, сонсох дуртай" гэсэн юм.

Би өнгөрсөн жилийн аравдугаар сард Өвөрхангай аймагт болсон Сэрхэний Зулсар багшийн маань нэрэмжит хөөмийн уралдааны шүүгчээр ажиллаад ирсэн. Энэ жил уг нь хэд хэдэн ажлаар эх орондоо очихоор төлөвлөж байсан боловч одоо хөл хорионоос болоод цуцлагдсан. Цаашдаа Монголын үндэсний язгуур урлаг тэр дундаа хөөмий, морин хуурыг япончуудад сурталчилж таниулахыг их хүсдэг тэрбээр "Магадгүй хэзээ нэгэн цагт дэлхийн аль ч улс оронд байдаг гитар, хийл хөгжим мэт морин хуур хөгжим маань дэлхийн сонгодог хөгжим болоосой гэж хүсч, мөрөөддөг" тухайгаа хуваалцлаа.

Сайхан нэвтрүүлэг боллоо.

Posted by Bolderdene Baatarjav on Friday, April 17, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж