Хэтэвчээ зузаатгахын тулд ойг цэвэрлэх, арчлах нэрийн дор хууль бусаар мод бэлтгэж, дархан цаазат, тусгай хамгаалалттай газрын ойг сүйтгэж буй байдлыг сурвалжиллаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүрхэрээгийн аманд Богдхан уулын дархан цаазат газрын модыг огтолж, нуруулдан хураасан байв. Тэндээс Хүрхэрээн амыг даган хоёр цаг орчим алхсаар дээрх модыг бэлтгэсэн бололтой газар хүрч очлоо. Дөнгөж тайрсан модны үндсүүд энд тэнд ёрдойж, мөчир, холтос овоорч, тамхины хайрцаг, архины шил зэрэг нь хог болж хөглөрчээ. Ойн арчилгаа нэрээр байгаль сүйтгэж, хулгайгаар мод огтолж буй аж ахуйн нэгжүүдийн ганцхан жишээ бол “Баялаг-Өөдөө” компани. Ой цэвэрлэх, арчлах үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй 400 гаруй аж ахуй нэгж бий бөгөөд тэдэн дунд гэрээний үүргээ “давуулан биелүүлж”, ойг сүйтгэдэг нь цөөнгүй.
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба Төв аймгийн Эрдэнэ суманд шалгалт хийж, “Эбээ” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг илрүүлжээ. “Эбээ” компани нь тус сумын Асралтад ойд цэвэрлэгээ хийх гэрээний үүргээ зөрчиж, хууль бусаар мод бэлтгэсэн байна. Тэр ч бүү хэл, хэрэг үүсгэн шалгаж байх үеэр ойгоос хууль бусаар дахин мод бэлтгэсэн аж.
ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭДЭГ КОМПАНИУД 2007 БОЛОН 2009 ОНД БАЙГУУЛАГДЖЭЭ
Дээрх хоёр компани хэчнээн жил мод бэлтгэж байгааг мэдэхээр Burtgel.mn рүү орлоо. “Эбээ”ХХК нь Улсын бүртгэлд 2009 онд бүртгэгдэж байжээ. Ингэхдээ гадаад худалдаа, мужааны цехийн үйл ажиллагаа явуулж байсан бол 2017 оноос ойн арчилгаа, цэвэрлэгээ, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх болжээ. Захирлыг нь Цэрэннамжилын Эрдэнэсүх гэдэг юм байна.
Харин “Баялаг-Өөдөө” ХХК нь 2007 онд байгуулагджээ. Анх гадаад худалдаа, арьс шир түүхий эдийн чиглэлд үйл ажиллагаа явуулж байсан бол 2008 онд газар тариалан, мал аж ахуй хосолсон бизнес эрхэлж, 2019 оноос модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэх болжээ. Компанийн гүйцэтгэх захирлаар нь Бадамын Номинчимэг гэх хүн бүртгэлтэй байх бөгөөд Монголын томоохон группийн охин компани болохыг эх сурвалж дурдаж байлаа.
ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭХЭД 1-5 ЖИЛ ХОРИХ ЯЛТАЙ
Модыг хууль бусаар бэлтгэж байгаа энэ асуудлыг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Э.Ариунболдоос тодрууллаа.
-Цэвэрлэгээ, арчилгаа нэрийн дор хууль бусаар мод бэлтгэх хэрэг их гардаг юм билээ. Танай алба одоогоор үүнтэй холбоотой ямар хэргүүдийг илрүүлээд байна вэ?
-Мод бэлтгэх зөвшөөрөлтэй ойн мэргэжлийн байгууллага болох “Эбээ” болон “Баялаг-Өөдөө” ХХК-ийн үйлдлийг илрүүлээд байна.
Экологийн цагдаагийн албанаас дөрөвдүгээр сарын 16-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийхэд тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос “Эбээ” компани нь хууль бусаар 120 шоо метр мод бэлтгэж байсныг илрүүлэн шалгаж байгаа. Тус компани нь энэ оны нэгдүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын Асралт гэх газраас ойд цэвэрлэгээ хийх гэрээний үүргээ зөрчиж, хууль бусаар мод бэлтгэснийг илрүүлэн, хэрэг үүсгэн шалгаж байх үер дахин ойд цэвэрлэгээ хийх нэрийдлээр ашиг олох зорилгоор хуурайшилт ихтэй, түймэр гарч болзошгүй аюултай энэ үед тухайн ойгоос мод бэлтгэж байсан.
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд “Эбээ” компанийн энэ оны нэгдүгээр сард гаргасан хууль бус үйлдлийн талаар мэдэгдэж, тус компанид дахин зөвшөөрөл олгохгүй байхыг анхааруулсан ч давуу байдал бий болгож дахин гэрээ байгуулж, зөвшөөрөл олгосон байна.
Богдхан уулын улсын тусгай хамгаалалттай газарт ой цэвэрлэх үйл ажиллагаа явуулж байсан “Баялаг-Өөдөө” компани нь мөн хууль бусаар мод бэлтгэж байсан.
-“Баялаг-Өөдөө” компани хэр хэмжээний модыг хууль бусаар бэлтгэсэн бэ?
-Одоогоор хэчнээн хэмжээний модыг хууль бусаар бэлтгэсэн нь тодорхой болоогүй байна. Өнгөрсөн амралтын өдөр тус компанийн ажилчдаар мод бэлтгэл явуулсан газарт нь хог, хаягдлыг цэвэрлүүлсэн.
Хуурайшилтын үед буюу гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20-ныг хүртэл ойд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг бүрэн хориглосон. Ийм байтал “Эбээ” компани нь Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын Асралт гэдэг газраас ойн цэвэрлэгээ нэрийн дор хууль бусаар мод бэлтгэсэн. Энэ хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа.
-Хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд хуулиар ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд бэлтгэсэн модны их багаас үл хамааран хуулийн хариуцлага тооцдог. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй. Мөн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасч 20 мянган нэгжээс 120 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
ЯМАР КОМПАНИ ХААНА МОД БЭЛТГЭЖ БАЙГААГ МЭДЭХ БОЛОМЖГҮЙ
Ойг цэвэрлэх, арчлах зөвшөөрлийг олгохдоо ямар шалгуур тавьдаг талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбатаас тодрууллаа. Монгол орны газар нутгийн найман хувийг л ой эзэлдэг бөгөөд 40 орчим хувийг ашиглаад байгаа юм.
-Ойн арчилгаа, цэвэрлэгээ явуулах компанид ямар шалгуур тавьдаг вэ?
-Ойн цэвэрлэгээ, арчилгааг мэргэжлийн аж ахуй нэгжүүд хийдэг. Зөвшөөрлийг нь БОАЖЯ олгож байгаа. Улсын хэмжээнд ойн мэргэжлийн 400 гаруй аж ахуй нэгж бий. Эдгээр компани нь Монгол орны аль ч нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхтэй.
-Арчилгаа, цэвэрлэгээний хүрээнд мод бэлтгэдэг юм уу. Дээрх зөвшөөрөл авсан аж ахуй нэгжийн үндсэн үүрэг нь юу вэ?
-Арчилгааг өсвөр, залуу модонд хийдэг. Өөрөөр хэлбэл, 100-гаас доош настай ойд хэрэгжүүлдэг. Арчилгаа нь дотроо дөрвөн төрөлтэй. Цэвэрлэгээ нь хортон шавьж, түймэр, байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр ойд унасан, хатсан, өтөж хөгцөрсөн, ургах чадваргүй болсон модыг авч ашиглах. Цэвэрлэгээ нь мөн хоёр янз байдаг. Унасан модыг ашиглах, ургах чадваргүй болсныг цэвэрлэгээний огтлолт гэдэг.
-Танайх дээрх аж ахуй нэгжүүдэд ямар шалгуур тавьдаг вэ?
-Ойд арчилгаа цэвэрлэгээ явуулахад тодорхой шалгуур бий. Тухайлбал, өөрийн тоног төхөөрөмжтэй байх, мэргэжлийн боловсон хүчин, мэргэжлийн арга зүйч, хөдөлмөр хамгаалал, ойн хээрийн түймрээс урьдчилан бүх зүйлийг хангасан байх хэрэгтэй.
-Ойг арчилж, цэвэрлэгээнд улсаар хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Санхүүжилт хоёр янз байдаг. Улсын төсвөөс санхүүжүүлж хийдэг арчилгаа, цэвэрлэгээний ажлууд бий. Үүнийг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж болно. Арчилгааны огтлолын эхний хоёрыг буюу өсвөр залуу модонд хийж байгаа арчилгааг төсвийн хөрөнгөөр хийх ёстой. Учир нь, зулзаган модыг арчлахад аж ахуй нэгжүүдэд ямар ч ашиг гардаггүй. Бусад тохиолдолд буюу өөрийн хөрөнгөөр ажиллаж байгаа бол огтолсон модноосоо ашиг олоод ажилладаг. Улсын төсвөөр арчилгаа хийхэд нэг га-г 120 мянган төгрөгөөр тооцдог. Энэ нь нэг га-д маш бага мөнгө.
-Зах зээлд модны хэрэглээг хангахад жилд хэчнээн хэмжээний мод шаардлагатай байдаг вэ. Жишээ нь, энэ жил хэр хэмжээний мод ашиглах вэ?
-Модны хэрэглээний талаар орон нутгийн Засаг дарга нарын саналыг жил бүр авдаг. Энэ саналд үндэслэн БОАЖЯ-ны сайд хэмжээг жил бүр баталдаг. Энэ жилийн хувьд 1.2 сая орчим шоо метр мод ашиглана.
-Танайхаас зөвшөөрөл өгсөн зарим компани гэрээгээ зөрчсөн тохиолдол гардаг. Олгосон зөвшөөрөлдөө танайх хяналт тавьдаггүй юм уу?
-Ямар компани хаана мод бэлтгэж байгааг би, БОАЖЯ мэдэхгүй. Үүнийг мэдэх боломжгүй. Учир нь, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй 400 гаруй аж ахуй нэгж байна. БОАЖЯ нь буюу сайд нь тухайн аймаг, нийслэл, сумын жилд бэлтгэх модны хэмжээг л батална. Энэ нь ойн арчилгаа, цэвэрлэгээ хийлгэж буй сум, орон нутгийн хийх ажил. Энэ нь зөв явж байна уу, үгүй юу гэдэгт бид бодлогын хяналт тавина. Мөн энэ нь хууль хяналтын байгууллагын чиг үүргийн ажил.
-Зөрчил үүсгэсэн нь батлагдсан компаниудын зөвшөөрлийг танайх цуцалдаг уу. Тухайлбал, “Баялаг-Өөдөө”, “Эбээ” зэрэг компаниудыг танайх яах вэ?
-Хууль бусаар мод бэлтгэсэн нь шүүхээр батлагдвал манайх эрхийг нь цуцална. Манайх гурван жил болоод дээрх компаниудад аттестатчилал хийдэг. Хамгийн сүүлд 2018 онд аттестатчилал хийсэн.
Монголчуудын сэтгэлзүйд ой модыг ашиглаж болохгүй гэх сэтгэлгээ суучихсан. Өмнө нь буюу 1990 оноос өмнө мод бэлтгэлийн 20-иод газар ажилладаг, жилд гурван шоо метр мод ашигладаг байсан. Ойн баялаг нь нөхөн сэргээгддэг. Зохистой хэмжээнд ашиглаж байж нөхөн сэргэдэг. Гэтэл манайхан мод ачсан байвал модны хулгайч гэж үздэг. Харин зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэвэл өндөр торгуультай болсон. Нэг зулзаган модыг 900 мянга гаруй төгрөгөөр тооцож, түүнийг гурав нугалсан үнээр төлүүлдэг. Энэ нь ой мод экологид ашиг тустай, түүнийг хамгаал гэдгийг илтгэдэг бол нөгөө талдаа зөв зохистой ашиглах ёстой. Ашиглаагүйгээс мод өтөлж, байгальд гүйцэтгэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг.
Сүүлийн жилүүдэд модны хулгай эрс багассан. Таны дурдсан тохиолдлууд бэлтгэсэн модныхоо хаягдлыг бүрэн аваагүй, тэнд нь орхисон, арчилгаа хийх явцдаа зарим модыг гэмтээсэн ч юм уу, ийм зөрчлүүд байгаа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ