"ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд зээлээ эргүүлэн төлөөгүй"

Хуучирсан мэдээ: 2020.04.21-нд нийтлэгдсэн

"ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд зээлээ эргүүлэн төлөөгүй"

"ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд зээлээ эргүүлэн төлөөгүй"

“Иргэд хариуцлага нэхэх эрх” ТББ-ын тэргүүн Х.Алтанхуягтай ярилцлаа.


-Залуусын төлөөллөөс бүрдсэн “Иргэд хариуцлага нэхэх эрх” ТББ  улс төрийн тэмцэл өрнүүлэхээр шийдсэний гол зорилго нь юу юм бэ?

-Бид эрх баригч намаас хариуцлага нэхэх хүрээнд байгуулагдаж, өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд багагүй олон ажил хийлээ. Нэн түрүүнд иргэдийн боломжоос хулгайлсан ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй тэмцэж, тэднээр авсан зээлийг нь төлүүлж, хариуцлага тооцуулах зорилгоор нэгдсэн. Үндсэндээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө юм. Биднийг дэмжсэн хүмүүсийн тоо өдөр, өдрөөр нэмэгдэж байна.

-Танай ТББ-аас холбогдох албанынханд шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэл хийж байсан. Уг шаардлагынх нь хариуг өгсөн үү?

-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлсэн. ЖДҮХС-аас зээл авч, жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудыг олон нийтэд нээлттэй зарлаач гэдгийг Ч.Улаан сайдад хандаж шаардлага хүргүүлсэн. Хоёрдугаарт, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд ЖДҮ-чин гишүүддээ улс төрийн хариуцлага тооцож, намаасаа хөөх хүртэл арга хэмжээг авна уу гэж шаардлагадаа тусгасан. Намаасаа хөөх асуудал бол намын даргынх нь мэдлийн асуудал. Гуравт, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан мөнгөө буцааж зориулалтын санд нь байршуулахыг шаардсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл бидний шаардлагын хариуг өгөөгүй.

"Б.БАТЗОРИГ ГЭДЭГ ХҮН ГАНЦААРАА ХИЙГЭЭГҮЙ НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ"

-Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг өөрийнх хүсэлтээр гишүүнээс бүрэн эрхээс чөлөөлсөн нь эрх баригч нам ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцож эхлэх нь гэсэн хүлээлт нийгэмд байх шиг байна?

-УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Би шийдэж, хийдэг ажил биш. Дээрээс өгсөн чиглэлийн дагуу хийсэн” гэдэг талаар ярьсан байсан. Нэг хүнээр туг тахиад өнгөрдөг байж болохгүй. Б.Батзориг гэдэг хүн ганцаараа хийгээгүй нь хэнд ч ойлгомжтой. Авсан бусад гишүүнийх нь нэр ус, зээлийнх хэмжээ энэ бүгд тодорхой байгаа шүү дээ. УИХ-ын гишүүн А.Сүхбат “Энэ зээлийг чинь авч болдоггүй гэдгийг хэлэхгүй яасан юм бэ гэж” хэлсэн байдаг. Энэ мэт бүх зүйл нь тодорхой, зээл авснаа хүлээн зөвшөөрчихсөн гишүүд олон байхад шалгахгүй байна. Эцэст нь ганцхан хүнээр туг тахиад ЖДҮ-чидтэй хариуцлага тооцсон гээд өнгөрч болохгүй. Бусдын ард ЖДҮ-гийн хулгайчид нуугдаж үлдээд, дахин нэр дэвших гээд явж байгаа нь ёс зүйд нийцэхгүй.

-Та нарын тэмцэл аль хүрээд зогсох юм бэ?

ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий компанидаа зээл авч иргэдийнхээ боломжоос хулгайлсан УИХ-ын гишүүдийг сонгуульд дахин нэр дэвшүүлэхгүй байх хүртэл нь бид тэмцэнэ. Тэднийг дахин нэр дэвшүүлэх нь байтугай улс төрийн өндөр албан тушаал ч хаших эрхгүй гэдгийг иргэд хэлж байгаа.

-Ерөнхий сайд саяхан намынхаа бүлгийн хурал дээр ЖДҮ-д холбогдсон гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн шүү дээ?

– У.Хүрэлсүх  Ерөнхий сайд байсхийгэд л гарч ирж мэдэгдэл хийж, ард түмнээр алаг ташуулдаг боллоо. Харамсалтай нь үүний ард ярьсан, хэлсэн зүйл нь ажил хэрэг болохгүй, эргэж буцсан шийдвэр болдгийг иргэд ч тод харж байгаа байх. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-чин гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж бүлгийн хурал дээр хэлсэн үгээ олон нийтийн өмнө гарч мэдэгдэл хийхийг шаардаж байна.

Ганц хүнээр туг тахиад өнгөрөх биш ЖДҮ-д холбогдсон бүх гишүүндээ хариуцлага тооцох, зээлээ төлж барагдуулснаа нийтэд ил тод зарла гэдэг шаардлагыг бидний зүгээс тавьж байгаа юм.

-Хэрэв зээлээ төлөхгүй бол тойрогт нь очиж, шаардлага тавина гэсэн үү?

-Манай ТББ ЖДҮ-гийн хулгайчдын манаач нь байна. Энэ хүрээнд хэд хэдэн аймагт очиж, жинхэнэ ЖДҮ-чидтэй уулзаж, тэдний жаргал, зовлонг сонслоо. Ерөнхий сайдын төрөлх нутаг Хэнтий аймагт очиж, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа. Тэд маш их бухимдалтай байна. ЖДҮХС-гаас хэдэн тэрбумаар нь зээл хүсдэггүй. Цөөн хүнтэй үйлдвэрээ хөгжүүлж, томруулахыг л хүсч байна. Тиймээс бид ЖДҮХС-гаас мөнгө завшсан УИХ-ын гишүүдийг зээлээ буцаан төлөхийг шаардаж байна. Энэ мөнгө санд орж ирсэн нөхцөлд жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд боломж олдоно.

-Зээлээ төлж барагдуулсан эсэх талаарх мэдээлэл танд байна уу?

-Энэ талаарх мэдээллийг авах гээд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд шаардлага өгсөн боловч мөн л хариу алга. Хэн нь зээлээ төлсөн эсвэл төлөөгүй вэ гэдгийг албан ёсоор зарлахыг шаардаж байна. Судлаад үзэхэд, зээлээ төлсөн хүн бараг байхгүй байгаа юм билээ. Хэрэв төлсөн бол тухайн гишүүн нь гарч ирээд зарлах хэрэгтэй. Олон нийт ч мэдэх эрхтэй шүү дээ.

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг ховор, хөнгөлөлттэй зээл олгох шугам шударга бус байдаг асуудал. Үүнийг шийдэх гарц нь юу вэ?

-Өнөөдөр тэдний бизнесийн нөхцөл байдал нь маш хүнд байна. Өнөөгийн хямралын үед төр засаг үндсэндээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ хаячихлаа. Гэтэл гадаадын бусад оронд жижиг, дунд үйлдвэрүүдээ хадгалж үлдэхийн тулд дэмжлэг, туслалцаа үзүүлж байна. Жишээ нь АНУ-д 50 тэрбум ам.долларыг зөвхөн ЖДҮ эрхлэгчдэдээ зарцууллаа. Манайх төсвийн тодотгол хийж, дор хаяж 1 их наяд төгрөгийг ЖДҮ эрхлэгчдэдээ дэмжих шаардлага тулгарсан. ЖДҮ эрхлэгчдийн хэлж буй нийтлэг асуудал нь “Бид энэ үйлдвэрээ босгохын тулд 10 жилийн хугацааг зарцуулсан. Энэ хямралд үйлдвэр маань хаалгаа хаавал дахиад л 10 жилийн хугацаа зарцуулж босгоно. Төрийн дэмжлэг одоо л хэрэгтэй байна” гэдгийг хэлж байна. Уг нь тухайн тойргоос сонгогдсон гишүүд ЖДҮ эрхлэгчдэдээ дэмжинэ гэж сонголтыг нь авсан. Гэтэл гарч ирснийхээ дараа тэднийхээ боломжоос хулгайллаа шүү дээ.

Нэг гишүүн гэхэд л тэрбумын зээл авсан. Гэтэл энэ мөнгөөр тухайн тойргийн 50 жижиг, дунд үйлдвэрийг босгоод ирэх хөрөнгө байсан. Бид удахгүй ЖДҮ-чин гишүүдтэй уулзах хүсэлтээ тавьж, тойргийнх нь жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийнх нь үгийг дайна.

-УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарт “Албадан ирүүлэх тухай” шийдвэр гаргуулахаар Нийслэлийн Прокурорын газраас хүсэлт ирүүлсэн байсан? 

-Энэ хүмүүс хуулийн байгууллагад дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгөхгүй байх нь тодорхой шүү дээ. Бусадтайгаа барьцаж байгаа учраас тэр. Намынх нь 40 гаруй гишүүн зээл авчихсан атал дундаас нь дөрвүүлхнээ сугараад шалгагдах нь шударга бус байж таарна. Хэнийг нь шалгаад, хэнийг нь шалгахгүй байна вэ гэдэг асуудал тавигдах нь тодорхой. Эцсийн дүндээ аль, аль нь шударга байх ёстой. Бүгдийг нь шалгаж, хариуцлага тооц. Зээл авсан гишүүдийн нэр ус, бүх зүйл нь ил болсон асуудал. Дахиад хэлэхэд, У.Хүрэлсүх Ерөнхий сайд ЖДҮ-чин гишүүддээ хариуцлага тооцох талаараа олон нийтэд хандаж мэдэгдэл хийхийг шаардаж байна. Үнэхээр л тэднийг  нэр дэвшүүлэхгүй гэж шийдсэн юм бол олон нийтэд зарлах хэрэгтэй.

Дараагийн акцаа хэзээ хийхээр төлөвлөж байна даа?

-Хөл хорио тогтоож, олон хүмүүс цуглуулж, жагсаал цуглаан хийхийг хориглосон байгаа. Биднийг жагсаал цуглаан хийхийг хориглосон. Төлөвлөсөн ажил их байна. Коронавиусийн халдвар намжвал бид жагсаал цуглаан хийнэ. Хөдөө орон нутгаас ч гэсэн саналууд ирж байна. Иргэд ЖДҮ-гийн хулгайчдыг маш ихээр үзэн ядаж байгаа нь энэ бүхнээс илтгэнэ.

-Танай ТББ-аас “ЖДҮ хулгай ном” гаргасан гэсэн үү?

-Тийм ээ. “ЖДҮ-чид" хар дансанд орсон шүү гэдгийг харуулах зорилгоор “ЖДҮ Хулгай” гэдэг ном гаргасан. Уг номд УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр ЖДҮ-гийн хэргийн талаар хэн, юу гэж ярив, хэн нь хамаарал бүхий компанидаа хэдий хэмжээтэй зээл авсан талаарх мэдээллийг дэлгэрэнгүй оруулсан. Иргэдийн хувьд тус номноос ЖДҮ-гийн хулгайчидтай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой гэж ойлгож болно.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж