Тээврийн тарифаас үүдэлтэй жил бүр 40-50 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг УБТЗ-ын нөхцөл байдлыг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад УБТЗ-ын хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөж байна.
УБТЗ жилийн нийт орлогынхоо 30 хувийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөдөг ч тус нийгэмлэгийн тарифын алдагдал хөгжлийн тушаа нь болжээ. Үндсэндээ тухайн жилд зайлшгүй хийх ёстой ажлынхаа дөнгөж тал хувьд нь хөрөнгө оруулалт хийдэг.
Энэ жилийн хувьд тус нийгэмлэгийн санхүү, төсөв тун хүнд нөхцөлд байна. Дэлхий нийтэд тархаад буй Covid-19 вирусийн халдварын улмаас УБТЗ-ын зорчигч болон ачаа тээврийн урсгал багассан. Мөнгөн дүнгээр тооцвол, өнгөрсөн гурван сарын байдлаар төлөвлөгөө нь 1.7 тэрбум төгрөгөөр тасалджээ. УБТЗ бусад тээврийн алдагдлаа зөвхөн транзит тээврээрээ нөхөж ирсэн бол энэ жил транзит тээвэр нь ч мөн алдагдал хүлээх нь. Үүнтэй холбоотойгоор УБТЗ хөрөнгө оруулалтын ажлаа 40 хувиар танажээ.
УБТЗ-д хөрөнгө оруулалт таван салбарт хүлээгдэж буй. Тухайлбал, барилгын салбарт гэхэд УБТЗ -ийн хэмжээнд 2626 барилгын 22 хувь нь буюу 583 нь 1939-1960 оны хуучин барилгууд, 1961-1980 оны барилгууд 9 хувь буюу 233 нь байна. 1981-2000 оны барилгууд 21 хувь 550 нь эзэлдэг. Нийт 40-60 жил болсон үйлдвэрлэл технологи, конторын барилгуудын хашилт, хийц хуучирч, муудан дулааны алдагдал ихтэй, цуурсан, суулттай болсон, мөөгөнцөртсөн, дээвэр ус гоождог, материалын элэгдэлд орсныг доорх зургуудаас харж болно.
Тус нийгэмлэгийн Удирдах газрын барилга гэхэд 1958 онд баригдаж өдгөө суулт, цууралттай, аюулгүй байдлын үйл ажиллагаа алдагдсан байранд ажиллаж байна.
Шинээр барилга барих төсөвгүйгээс тухайн жилдээ сантехник нь хагарсан, дээврээс ус гоожсон, өвөл хүйтэн, гадна үзэмж хэт муудаж хуучирсан гэх мэт нэн тэргүүний барилгуудад хөрөнгө хуваарилж засвар хийдэг аж.
Эрчим хүчний аж ахуй: Эрчим хүчний шугам сүлжээ гэхэд төмөр замынхаа үндсэн хэрэгцээг хангахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд төмөр замын орчмын орон нутаг суурьшлын бүсэд иргэд аж ахуй нэгжүүдийг цахилгаан хангамжаар хангадаг. Гэтэл өнөөдөр модон шонтойгоо л байна. Төмөр замын дагуудаа нийтэд нь үе шаттай солихоор төлөвлөдөг ч эдийн засгийн боломжоос хамаарч бетон шонгоор шинэчилж чадахгүй байгааг удирдлагууд нь хэлж байна.
Энэ талаар УБТЗ-ын Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Баярмагнай хэлэхдээ "Кабель шугамаа бүрэн сольж чадахгүйгээс гадна манайх хуучны ЗИЛ 130, урал, камаз, краз, УАЗ гээд техникүүдээ засч явуулж байна. Гэтэл хэрэглээнээс гарсан тул зах зээлд сэлбэг нь олдохгүй ховордсон. Мөн төмөр зам дээгүүр явдаг машин механизмууд маш их хуучирч мөн л сэлбэг огт олдохоо больсон. Засахаар төлөвлөдөг ч сэлбэг олдохгүйгээс засч чаддаггүй. Орчин үеийн багаж хэрэгсэл гэхэд маш их өөрчлөгдөж шинэ технологи хөгжсөн. Бид шинэчилж бага хугацаанд ихийг хийж хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Төмөр замын хувьд хиймэл байгууламжууд, төмөр замаа хүчжүүлж засах шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна. Жилийн нийт хөрөнгө оруулалтын 15 хувийг 35 орчим км замыг засахад зарцуулж байна. Сүүлийн дөрвөн жилд гэхэд л нийт 139 км л зассан. Илүү ихийг хийх шаардлага байсаар байна. Нийт гол зам 1115 км шүү дээ. Гүүр хоолой үерийн усны байгууламжуудыг бас бүрэн шинэчилж чадахгүй байна. Бүр ноцтой хэмжээнд болсонд л хүчээр мөнгө хуваарилж засварладаг” гэв.
Нэг км замыг 900 орчим сая төгрөгөөр засварладаг.
УБТЗ-д тулгамдсан асуудлын нэг нь парк шинэчлэлт. Вагоны паркийн 70 гаруй хувь нь хуучирч хугацаа дууссан. Гэтэл эдгээрийн 10 гаруй хувьд нь л засвар хийж байна. Зорчигчийн вагон гэхэд сүүлийн 20 жил парк шинэчлэлт дорвитой хийж чадаагүйг хэлж байна. Сэргээх их засвараар жилд 5-6 вагон л засч, нэгийг нь задалж нөгөөг нь засч сэлбэсээр байгаад нөөцгүй болжээ. Үндсэндээ металлын хомсдолд орж, сэлбэгийн үнийн өсөлт, олдцоос хамаарч цогцоор нь сольж чадахгүйгээс нэг эд ангийн солиход хуучин нь шинээ муутгадаг байна.
СЭРГЭЭХ ИХ ЗАСВАРААР ЖИЛД 5-6 ВАГОН Л ЗАСЧ, НЭГИЙГ НЬ ЗАДАЛЖ НӨГӨӨГ НЬ ЗАСЧ СЭЛБЭСЭЭР НӨӨЦГҮЙ БОЛЖЭЭ
Хэдийгээр УБТЗ-ын орлого тээврийн хэмжээгээ дагаад нэмэгддэг ч зардал нь илүү ихээр нэмэгдэж орлогын өсөлтөөсөө давсан. Үндсэндээ тарифын өртөг нь таазандаа тулж, зарим тээврийн хувьд зардал нь орлогоосоо хэтэрч, тус нийгэмлэгт ашиг гэдэг ойлголт мартагдсан гэж хэлж болохоор.
УБТЗ зүтгүүр, вагон хүрэлцээгүйгээс захиалгынхаа 70 хувьд л үйлчилж байна
УБТЗ-аар тээвэрлэж буй ачааны хэмжээ жил бүр өсч байгаа. Өнгөрсөн онд 28.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь нийт захиалгынхаа 70 хувийг л биелүүлжээ. Цаана нь үлдэж буй 30 хувиас хамгийн багадаа 80 орчим тэрбум төгрөгийн тээврийн орлого олох боломж байсан ч зүтгүүр, вагоны хүрэлцээ дутмагаас шалтгаалж 30 сая тонн ачаа тээвэрлэх боломжоо алдсан гэсэн үг.
Тээврийн тарифын алдагдлаа бууруулснаар тус нийгэмлэг санхүүгийн хуримтлал бий болж дээрх тулгамдсан асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэх юм байна. Эрчим хүчний салбарт гэхэд жилдээ гурван удаа тарифыг нь нэмдэг бол УБТЗ-ын тээврийн тарифын асуудлыг орхигдуулснаас тус нийгэмлэгийн хөрөнгө оруулалт, парк шинэчэлийн асуудал гацжээ.
Холбоотой мэдээ