АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ким Жон Унаас өөдрөг үгтэй сайхан захиа авсан нь худлаа хэмээн Пёньян мэдээлжээ. Мөн Трампыг БНАСАУ-ын удирдагчтай тогтоосон харилцаагаа амиа бодсон зорилгоор ашиглахгүй байхыг анхааруулжээ.
Дөрөвдүгээр сарын 18-ны мэдээлэлдээ Трамп сүүлийн үед Кимээс сайхан үгтэй захиа авснаа онцолж, “Түүнээс их сайхан захиа ирсэн. Бидний харилцаа дажгүй хэвээрээ байх шиг байна” хэмээн хэлж, хоёр улсыг дайны ирмэг дээр байгаа хэмээн таамаглаж буй хүмүүст хариу өгсөн билээ.
Гэтэл тэр захиа нь тийм ч сайхан захиа байгаагүй бололтой. Умард Солонгосын Гадаад хэргийн сайдын хэлснээр тийм захиа байх ч үгүй гэнэ. Тэрбээр “Сүүлийн үед БНАСАУ-ын агуу удирдагч АНУ-д хаяглаж нэг ч захиа бичээгүй” хэмээн мэдэгдсэн байна. Мөн дипломатчид Трампыг ийнхүү худал мэдээлэл тараасны цаана ямар зорилго агуулж буйг олж мэдэхийг хичээхээ амалжээ.
Хоёр удирдагчийн ойлгомжгүй харилцаа 2018 оны зун Сингапур дахь уулзалтын дараанаас эхэлсэн билээ. Түүнээс хойш тэр хоёр дахин хоёр ч удаа уулзаж, хэд хэдэн захиа солилцож, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох ажлыг бүтээхэд түүхэнд байгаагүйгээр ойртсон юм.
Гэвч хоёр удирдагчийн харилцаа 2019 онд Ким Жон Ун АНУ-ын тавьсан хоригийн тухай ярихаар Трамп руу залгасан ч утсаа аваагүйгээс муудаж эхэлсэн юм. Түүнээс хойш Трамп гуравдугаар сарын сүүлээр Кимд коронавирусийн эсрэг тэмцэхэд туслахыг санал болгосон захиа бичжээ. БНАСАУ тэр захидлыг нууцлалгүйгээр “Трампын бичсэн захианд тэрбээр Ким Жон Уныг тахлыг хэрхэн хяналтдаа авсныг гайхан сайшаасан байсан” хэмээн хэлсэн билээ.
Хэдийгээр одоо болтол Умард Солонгост коронавирусийн халдвар албан ёсоор бүртгэгдээгүй байгаа ч АНУ-ын тагнуулын албаныхан БНАСАУ-д коронавирусийн тохиолдол бий гэдэгт итгэлтэй байгаа аж.
Эх сурвалж: RT.COM