Израилийн Тел Авив хотын төв талбайд Ням гаригт /2020.04.19/ 2000 гаруй хүн тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху болон түүний Засгийн газрыг эсэргүүцэн жагсчээ.
Жагсагчид коронавирусийн халдвар тарахаас сэргийлэх үүднээс аюулгүй байдлын дүрмийг сайтар сахиж, нэг нэгнээсээ хоёр метрийн зайд зогсож жагссан байна. Тус улсад 10-аас дээш хүн цугларахыг хориглоод байгаа ч “Хар туг” гэж нэрлэсэн уг жагсаал цуглааныг цагдаагийн байгууллага хүн бүр амны хаалттай, хоорондоо зай барих болзолтойгоор зөвшөөрчээ. Хүн бүрийн зогсох зайг хар өнгөөр чагтлан тэмдэглэж, жагсагчид “Гэмт хэрэгтэн Ерөнхий сайд” гэх үг бүхий хар өнгийн амны хаалтаар жигдэрсэн байна.
Израилийн Ерөнхий сайд Нетаньяху болон түүний Засгийн газрыг иргэд ардчиллыг үгүй хийж байна гэж буруутгаж байгаа аж. Тэрбээр авлигын хэрэгт холбогдож, шүүхээр хэрэг нь дэнслэгдэж байгаа ч цар тахлын улмаас шүүх хурал нь хойшлогдож, улмаар түүнд ашигтай байдал үүсээд буй юм байна.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ