Хэвлэх үйлдвэрийн газар 24 тэрбумаар зарагдав

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Хэвлэх үйлдвэрийн газар 24 тэрбумаар зарагдав

Хотын А бүсэд байрлалтай 2698 метр квадрат эзэмшил газартай Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлвэрийн барилгыг өнөөдөр нээлттэй дуудлага худалдаагаар зарлаа. Тус газрыг худалдах дуудлага худалдааны доод үнэ 7 тэрбум 155 сая төгрөгөөс эхэлж, 24 тэрбум төгрөгөөр 2012 онд Монгол Улсын иргэншилтэй болсон Абдул Карим гэх иргэн үнэ хаялцаж, худалдан авлаа. Дуудлага худалдаанд Капитрон банк, Таван Богд Трейд, Bluemon компани, иргэн В.Энхбаатар, Б.Батнягт, З.Пүрэв-Очир, Б.Отгонжаргал, Р.Мандах, Адбул Карим нарын нийт есөн иргэн, аж ахуй нэгж оролцсон юм. Төлөвлөгөө ёсоор өнөөдөр нийслэлийн өмчит дөрвөн объект буюу ХУД-ийн Засаг даргын Тамгын газар, хотын А бүсэд байрлалтай “Автобус III” НӨҮГ-ын барилгууд, Өлзийт хороололд байрлалтай дутуу баригдсан барилга зэргийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах байсан. Гэвч дээрх гурван газарт нэг ч худалдан авах, дуудлага худалдаанд оролцох санал ирээгүй байжээ.

Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга нь Засгийн газрын ордоны зүүн талд байрладаг бөгөөд 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5244 м2 талбай бүхий 2 давхар барилга юм. Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, цаашид ашиглах боломжгүй гэж хотын удирдлага үзэн, ийнхүү өмч, хувьчлалаар бусдад нээлттэйгээр борлууллаа. Өөрөөр хэлбэл хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах шийдвэр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын энэ оны 29 дүгээр тогтоолоор баталгаажсан байжээ.

Өмч хувьчлалаар дээрх хэвлэлийн үйлдвэрийн газрыг борлуулсан учир цаашид тухайн газарт ямар хэлбэр дүрстэй барилга барьж, аль чиглэлд ашиглах нь худалдан авсан иргэний эрх гэнэ. Гэхдээ нийслэлийн Ерөнхийн төлөвлөгөөний газраас яг ямар барилга, байгууламж барих вэ гэдгийг нь хянаж, зураг төсөл дээр нь ажиллах юм байна.

Хот энэ онд өмч хувьчлалаас 43 тэрбум төгрөг олохоор тооцжээ. Төлөвлөсөн мөнгөнөөс одоогоор 34 тэрбумыг төвлөрүүлсэн байх юм. Үлдсэн хөрөнгийг олохын тулд өнөөдөр санал ирээгүй барилга, объектийг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг дахин ирэх сарын 14 д хийхээр боллоо.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж