Д.Ганхуяг: Монголын төр шинэчлэл, өөрчлөлтөөс ухардаг байж болохгүй

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Д.Ганхуяг: Монголын төр шинэчлэл, өөрчлөлтөөс ухардаг байж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

 


 

-Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал олны анхаарлын төвд байна. Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах нь зөв гэдгийг бүгд хэлж байгаа ч тулгамдсан асуудлууд байна. Ард нийтээс санал асууж ирэх сонгуулиас өмнө Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж амжих уу?

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд эхлээд Ард нийтийн санал асуулгын хуульд өөрчлөлт оруулж ард түмнээсээ асууя гэж байгаа юм. Гэтэл одоогийн УИХ дахь цөөнх эсрэг байр суурьтай байна. Уг нь өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар баахан ярьж уг хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүртэл баталсан. 2014 оны сүүлчээр УИХ-д бүлэгтэй бүх намууд нэгдэж, Их эвслийн Засгийн газрыг байгуулж  хийх ажлаа гэрээгээр тохирч, тэр ажлуудынхаа жагсаалтын эхэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж бичиж байсан. Мөн энэ Их хуралд хоёр ч ажлын хэсэг байгуулагдаж ажиллах шиг боллоо. Миний хувьд Үндсэн хуульд яг ямар зүйлээр өөрчлөлт оруулах гэж байгаагаа Санал асуулгын тухай хуульд холбогдох зохицуулалтыг хийж байгаад, зүйл заалт бүрээр нь ард түмнээсээ шууд асуусан нь дээр гэж бодож байна.

 

– Яагаад?

 

-Үндсэн хууль бол суурь хууль, нөгөө талаас нийт иргэд Үндсэн хуульд заасны дагуу УИХ дахь төлөөлөлөөрөө дамжуулж төрийн эрхийг барьдаг. Иймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд нийт иргэдээсээ асуух нь зүйн ёсны асуудал юм. Цаг хугацааны тухайд тохиромжтой үе нь одоо гэж харж байна. Шалтгаан нь 2016 онд УИХ-ын сонгууль, 2017 онд ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоо сонгууль ойртсон тул цаашид УИХ дээр бодитой ажил хийхээсээ илүүтэйгээр баахан улстөржих нь ойлгомжтой. Үүнийхээ оронд иргэд, сонгогч дээрээ очиж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүдийн талаар ярьж хамтарч ажилласан нь хамаагүй үр дүнтэй. Тэгээд сонгуулиас өмнө амжихгүй бол сонгуулийн дараа санал асуулгынхаа дүнгээр үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж болно бизээ. Ингэснээр олон судлаачид, улстөрчидийн 10 гаруй жилийн ажил салхинд хийсэхгүй өнгөрөх, гүйцэтгэх засаглалын хямрал гүнзгийрэхгүй байх ач холбогдолтой. Энэ ажлыг эхлүүлж тодорхой үр дүнд хүргэж чадвал энэ УИХ түүхэнд сайн ажил хийснээр тэмдэглэгдэнэ. Хэрэв энэ удаад үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар явуулах санал асуулга хойшлогдохоор болвол 2016 оны сонгуулийн дараагаас эхлэнэ. Энэ байдал хоёр ч удаа давтагдаж ирлээ.

 

-Одоогоор өөрчлөлт орж буй заалтууд дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Ерөнхийлөгчийг Их хурлаас сонгоно. Парламентын хугацаа таван жил, Засгийн газарт эрх мэдэл олгоно гээд нэлээдгүй зүйл заалтууд дээр өөрчлөлт орох гэж байна?

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа гэж хэлэх байна. Гэхдээ ард нийтийн шууд санал асуулгаар шийдэх нь зөв. Парламентын хугацааны тухайд 4, 5, 6 жил гээд хэд хэдэн хугацаа байдаг юм билээ. Ер нь улс төрийн, тодруулбал гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал нь улс, орны хөгжилд ихээхэн чухал нөлөөтэй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Тиймээс энэ хугацааг 5 жил болгох санал гарсан гэж ойлгож байна. Гэхдээ энэ хугацаа одоогийн УИХ-ын гишүүдэд хамаарахгүй гэдэг нь ойлгомжтой. УИХ-ын сонгуулийн дараа орон нутгийн сонгууль болдог, дараа жил нь ерөнхийлөгчийн сонгууль болдог, гурав дахь жил нь сонгуульгүй байдаг, дөрөв дэх жилээс нь дараагийн сонгуульд бэлдэж эхэлдэг бичигдээгүй хуультай. Энэ нь УИХ-ын бүрэн эрхийн дөрвөн жилээс ганц жил нь сонгуулийн уур амьсгалгүй байна гэсэн үг. Дээр нь манай дулааны улиралын хугацаа харьцангуй богино байдаг нь бүтээмжинд сөргөөр нөлөөлдөг.

 

-Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад манай улс Засгийн газартаа халгаатай мэд санагддаг. Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэг ч үнэн хэрэгтээ эсрэгээрээ явчихаад байдаг талтай?

     

-Монгол улс ардчиллалын замаар замнаад 25 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд 16 ерөнхий сайд ажилласан байгаа юм. Эндээс гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын дундаж насжилт нь  хоёр жил ч хүрэхгүй байх шиг байна. Засгийн газрын тогтворгүй байдал нь улс орны эдийн байдалд ч, иргэдийн амьжиргааны түвшний өсөлтөнд ч, гадаад харилцааны итгэлцэлд ч, хөрөнгө оруулалтанд ч сөргөөр нөлөөлөх нь мэдээж л дээ. Бидний ярьдаг Европын хөгжилтэй орнуудын Засгийн газрын дундаж насжилт 6-8 жил гэсэн судалгаа байдаг. Хоёр хөршийн засгийн эрх барих хугацаа 10 жилийн циклээр солигдож байна. Эндээс үндсэн хуульд оруулах  гол өөрчлөлтийн нэг нь ерөнхий сайд ЗГ-ын гишүүдээ томилуулахаа ч, огцруулахаа ч өөрөө мэддэг болох асуудал юм. 

Нөгөө талд нь парламентын засаглалыг бэхжүүлж, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага байгаа нь үнэн. Хэрэв үндсэн хуульд зааснаар УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага юм бол үүнд бас анхаарах хэрэгтэй болов уу. УИХ гишүүд бүх ард түмнээс сонгогддог. УИХ хууль тогтоох, хяналт тавих хоёр үндсэн ажилтай. УИХ-с Засгийн газрыг томилдог. Гэтэл Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд Ерөнхийлөгч болон Засгийн газрын ажил үүргийн давхардал ихээр нэмэгдсэн нь тодорхой байдаг. Энэ давхардлыг арилгах шаардлагатай. Тодруулбал парламентын засаглалтай юм бол тэрийгээ сонгодог хэлбэрт нь ойртуулах цаг үе болсон. Адилхан ажил хариуцдаг, тус тусдаа ард түмнээс сонгогддог төрийн хоёр инститиуц байхад сонгуулиар аль нэгэнтэй нь бүх хариуцлагыг тооцох нь зохисгүй. Өөр нэг зүйлийг нэмж өгүүлэхэд орон нутагт төлөөллийн ардчилаас шууд ардчилалд шат дараалалтай шилжих шаардлага байна. Иргэд сумын, хорооны засаг даргаа шууд томилдог болж хэт улстөржилт, талцалыг багасгах  хэрэгтэй гэж ярьж байгааг олон ч удаа сонслоо. Нэгдсэн улс учраас төр, засгийн нэгдмэл байдал үр дүнг сайжруулахын тулд аймгийн засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог болвол яасан юм гэж байна. Нөгөө талаас зах зээлийн зарчмаар нийслэлд хүн ам ихээр төвлөрч нийт хүн амын 50 орчим хувь нийслэл, нийслэлийг тойрон амьдарч байна. Гэтэл дунджаар 3000 хүн амтай сумын статустай, 300 мянган амьдардаг нийслэлийн дүүрэг адилхан статустай буюу эрх, мэдэл, үүрэгтэй байна. Иргэд нийслэлд амьдарч байгаагаас хамаарч төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжээр хохирч боломгүй юм.

 

-Үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцэн Сонгуулийн дөрвөн хуулийн төслийг Их хурал хэлэлцэж байна. Сонгуулийн хуулийн өөрчлөлт хийгдэх нь зөв үү. Сонгууль бүрийн л өмнө уг хуулиндаа гар хүрдэг болчихлоо гэж байна?

 

-Би сонгуулийн хуулиас илүүтэйгээр улс төрийн намын тухай хуулиа шинэчлэх нь Монгол улсын хөгжилд илүү ач холбогдолтой гэж үздэг. Хугацаандаа амжвал сонгуулын хуулиа чамбайруулахад болохгүй зүйлгүй. Парламентад суудалтай, бүлэгтэй намууд өөрсдийн улс төрийн нөхцөл байдалдаа тохируулж сонгуулийн тогтолцоог өөрчлөх сонирхолтой болоод удаж байна. Энэ бол тийм сайн зүйл биш байх. 2011 онд олон жил ярьж байж сонгуулийн холимог тогтолцоог оруулсан. Ингэснээр УИХ дээр улс орны том бодлогын асуудал ярьдаг, боддог гишүүдийн тоо нэмэгдсэн. Цаашид УИХ дээр баахан маргаан дагуулдаг цагдаа, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын төсвийн асуудлыг орон нутагт шилжүүлэх нь зүйтэй гэж боддог. Ингэвэл УИХ өшөө илүү улс орны хөгжлийн том асуудлыг шийдэх чадавхтай болно байх. Одоогоор дэлхий даяараа парламентын засаглалтай орнуудад намаар дамжуулж парламентаа бүрдүүлж байна. Тиймдээ ч иргэд намын нэр дэвшигчидээс гадна, мөрийн хөтөлбөрийг нь харж сонголтоо хийдэг. Угаасаа ч парламент нь тус тусдаа мөрийн хөтөлбөртэй нэр дэвшигчидээс бүрдчихвэл, тэр парламент олонхиороо шийдвэр гаргахад хүндрэл үүсэх нь ойлгомжтой. Иймд энэ намуудын төлөвшил, хариуцлага нь цаг хугацаа шаардагддаг ч чухал асуудал юм. Тиймээс л улс төрийн намын тухай хуулийг яаралтай шинэчлэх хэрэгтэй байгаа юм.Тухайлбал Авилгалын үзүүлэлт сайжирч байгаа ч улстөрийн нам, улстөртэй холбоотой мөнгөний асуудал ил болоогүй байна. Намууд өөр өөр бүтэцтэй данхайсан орон тоотой хэвээр байна. Зарим намууд үл хөдлөх хөрөнгийн болон үйлчилгээний бизнесийг татвар төлөгчтэй өрсөлдөн хийдэг гэж ярьж байна. Энэ бол боломгүй зүйл юм. Энэ мэт шийдэх асуудлууд олон байна. Мөн улстөрчид, улс төрийн намууд тодорхой хэдэн компаниас санхүүжиж,  сонгуулийн дараа тэр компаниудад үйлчлэх нь зөвүү, эсхүл аль болох бага зардлаар сонгуулийг явуулж тодорхой зардлыг нь төрөөс хариуцдаг олон улсын жишгээр явснаар, сонгуулийн дараа төр, түмэн олны эрх ашигт үйлчилдэг түшээдтэй байх уу гэдгийг ч шийдмээр байна.

 

-Энэ Их хурал Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ёс зүйн эрх байхгүй гэдгийг хэлж байна. Энэ парламент чинь болж бүтэхгүй хүмүүсийн цуглуулга болчихсон юм уу. Үргэлж л ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй гэх юм?

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал бүрээр ард түмнээсээ асуух хэрэгтэй. Энэ УИХ ардчилсан бүх нийтийн сонгуулиар ард түмнээсээ сонгогдсон. Тиймээс энэ УИХ хууль батлах эрхтэй. Өөрөөр хэлбэл иргэд сонгогчдоосоо хууль тогтоох эрх, үүргийг хүлээн авч, тэднийг төлөөлж төр барьж байгаа. Ийм байхад энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болон хууль батлах ёс зүйгүй гэж байвал, ард түмний сонголтыг огоорон доромжилсон, жинхэнэ ёс зүйгүй асуудал болно. УИХ хэн нэгнийг огцруулах, эсхүл томилох үед ирц сайтай байдаг. Энэ УИХ 2014 оны 12 сарын 01-ний байдлаар хэн нэгнийг огцруулах асуудлыг хэлэлцэхэд нийт чуулганы хугацааныхаа 60 гаруй хувийг зарцуулсан гэсэн стастик байдаг. Иймэрхүү үйл ажиллагааг "Төрийг гацаагч" гэж хэлэхээс өөр үг олдохгүй юм. Уг нь тулгамдсан шийдэх асуудал олон байдаг. Энэ бүхнийг төр олонх, цөөнх гэлтгүй шийдэх үүрэгтэй. Судалгаанд үндэслээд бодлого өрсөлдүүлээд хурдан шийдэж явмаар байдаг ч хийлгэх ч үгүй, хийх ч үгүй байх нь улстөрд хожно гэсэн бодол зарим улстөрийн хүчинд байж болзошгүй байна. Ер нь бол Монголын төр засаг хөгжилд хэрэгтэй шинэчлэл, өөрчлөлтөөс ухардаг байж болохгүй ээ. 

 

-Амгалангийн дулааны станц ашиглалтад орлоо. Нийслэлийн зүүн хэсэг дулаанаар тасрахааргүй боллоо. Өнөө ад үзээд байдаг Чингэс бондын хөрөнгөөр хийсэн билүү? Ер нь бондын санхүүжилт нилээд хэрэг болсон юм бишүү? 

 

-Засгийн газрын бонд, зээлийн хөрөнгөөр өнгөрсөн 3 жилийн хугацаанд эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээгээ 35 орчим хувиар нэмэгдүүлсэн. Энэ дотор Амгалангийн дулааны станц орж байгаа юм. БЗД 3, 4-р цахилгаан станцаас зайтай байрладаг тул офицерүүдийн ордноос зүүн тийш барилга, байгууламж барих боломж хомс байсан. Энэ асуудал шийдэгдэж Баянзүрх дүүрэг улам цэцэглэн хөгжих боломжтой боллоо. Өнгөрсөн гурван жилд бараг бүх аймгуудаа нийслэлтэйгээ хар замаар холбочихлоо. Улаанбаатар хотын ихэнх уулзваруудаа өргөтгөн шинэчилснээр түгжрэл даруй дахин буурсан. Өнгөрсөн гурван жилд шинээр тавьсан замын урт сүүлийн 25 жилд тавьсан замын урттай бараг тэнцэж байх шиг байна. Машинаар асфалтан замаар явахад шороон замаар явснаас дахин бага шатахуун, дахин бага хугацаа зарцуулж байгаа талаар иргэд хоорондоо магтан ярьж байгааг сонсдог. Ирэх онд цемент, төмөр хийцийн хэрэглээгээ эх орондоо үйлдвэрлэх боломжтой болчих байх. Нийслэлд түүхэнд байгаагүй олон айл өрх орон сууцанд хөнгөлөлттэй зээлээр орж байна. Олон аймагт 1000 айл орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Мөн уул уурхайн бус салбаруудыг дэмжиж 1000 гаруй төсөлд Хөнгөлөлттэй зээл олгосноор, эдгээр салбаруудад тодорхой өсөлт гарч эхэлж байна. Энэ бүх бүтээн байгуулалт бол нөгөө бараг чуулган бүр дээр адлуулдаг Засгийн газрын болон Хөгжлийн банкны бондын санхүүжилтээр хийгдсэн. Мэдээж ажил хийж байхад алдаа оноо гарна. 2012 онд шинэчлэлийн засгийн газар байгуулагдаж байхад Хүний хөгжлийн сан 1их наяд төгрөгөөр улайчихсан, Чалко болон Оюутолгойн урьдчилгааг төлөх хугацаа ойртчихсон, эрдэс баялагийн бүтээгдэхүүний үнийн супер циклийн үе шувтарч байлаа. Хэрэв эдийн засгийн макро үзүүлэлт буурахаас өмнө амжиж олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгоогүй бол "олсноосоо хамаагүй илүү" зарцуулж ирсэн манай орны хувьд өнөөгийнхөөс илүү хүндрэх байсан. 2012 оноос өмнөх Засгийн газар эрдэс баялаг үнэтэй үед сонгуулийн амлалтаас болж 2.5 их наяд төгрөг буюу тухайн үеийн ханшаар 1.8 орчим тэрбум.долларыг бэлнээр тарааж, энэ хөрөнгийн ихэнх нь импортын бараанд гадагш гарсан гэдэг.

 

-МАН-ын бүлэг УИХ-ын ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийгээд нэлээдгүй зөрчил илрүүлсэн гээд байх юм. Үнэн хэрэгтээ Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй гэдгийг танай бүлгийн гишүүд хэлээд байх юм. Энэ бүхнийг ялгаж салгаж тайлбар өгөөч?

 

Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хууль зөрчсөн үйлдэл байгаа бол ажлын хэсгийн дүгнэлттэй, дүгнэлтгүй хууль хяналтын байгууллага шалгах нь нээлттэй байгаа. Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр тэр ажлын хэсгийн материал тараагдсан. Ажлын хэсгийн арав гаруй гишүүнийх нь гурав нь гарын үсэг зурсан харагдсан. Ажлын хэсэг нь улстөржөөд байгаа бол аудитын байгуулагаар шалгуулж, дүгнэлт гаргуулж болно шүү дээ.

 

-Ерөнхий сайд олон нийтэд хандаж үг хэлэхдээ эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэхүйц үйл явдлууд болно гэдгийг хэллээ. Гадныханы зээл тусламж, Оюу толгойн хөрөнгө оруулалт ирэх оны эхнээс эхэлнэ гэж байсан?

 

-Цаашид эдийн засагт олон эерэг үзүүлэлт гараасай гэж иргэнийхээ хувьд ч төрийн түшээгийнхээ хувьд ч хүс ч байна. Манай улсын гол нэрийн эрдэс баялагийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ сайжрах эсэх нь тодорхойгүй байна. Улстөрчид, парламентад суудалтай намууд бие биенээ хэмэлснээр зах зээлд өөрчлөлт орохгүй гэдэг нь тодорхой. Оюутолгойн далд уурхайн санхүүжилт удахгүй эхлэх гэж байгаа гэж ойлгосон. Шинэчлэлийн Засгийн газрын үед харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурах бэлтгэл хийгдэж байсан. Шинэчлэлийн Засгийн газар анхны хөрөнгө оруулалтын зардал нь гэрээ болон ТЭЗҮ-д зааснаас их хэмжээгээр хэтэрсэн тул  анхны төлөвлөлтийн дагуу Монголын талын  төлбөр, хураамж, татварын орлого болон ноогдол ашгийн хэмжээ буурахгүй байх, ноогдол ашиг авч эхлэх хугацааг хойшлохгүй байх нөхцлийг тавьж байсан. Ямар ч байсан 2016 оны төсвийг өмнөх жилүүдээс алдагдалтай багатай, илүү хувийн хэвшлээ дэмжсэн байдлаар баталж чадлаа. 2017 оноос төсвөө алдагдалгүй батлах дунд хугацааны төсвийн төсөөлөлийн хуулийг баталлаа. Ингэснээр хуримтлалтай орон болох боломж бүрдлээ. Эрчим хүчний болон банк, санхүүгийн салбарт урьд урьдынхаас илүү хөрөнгө оруулалт орж ирнэ гэж бодож байна. Уул уурхай, газрын тосны салбарт урт хугацаанд тогтвортой,өрсөлдөх чадвартай, таатай орчныг бүрдүүлж чадсан. Ингэснээр зах зээл сайжирвал энэ салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх байх. Мөн хүлээгдэж байгаа зарим нэг стратегийн гэх ордуудыг хурдан хөдөлгөмөөр байна. Мөнгөний бодлогын хүрээнд инфляцийг 14 хувиас 3.4 хувь хүртэл бууруулж чадлаа. 2015 онд гадаад худалдаа болон төлбөрийн тэнцэл урьдаасаа илүү сайжирсан. Энэ бүхэн нь арилжааны банкны зээлийн хүү тодорхой түвшинд буурах нөхцлийг бүрдүүлж байна. Мөн манай улсын бизнес эрхлэхүйн үзүүлэлт 20 орчим байраар урагшилсан гэсэн сайн мэдээ байна.

 

-Ноднин өдийд 2015 онд алтны олборлолт нэмэгдэж улс орны валютын хомсдол арилах боломжтой болно гээд байсан юу болов?

 

-2015 онд алтны олборлолт нэмэгдэх төлөвтэй байгаа. Ингэснээр гадаад валютын нөөц нэмэгдэж валютын ханш тотворжиж, иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлнө гэж бодож байна. Мөн ХАА-н гаралтай бүтээгдэхүүн, тусмаа махны экспортыг огцом нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж чадсан. Иймд энэ салбарыг хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хугацаа алдалгүй дэмжих шаардлагатай байна. Гэвч бүх зүйл харамсалтай нь өөдрөгөөр бодсоноор явдаггүй л дээ. Гэхдээ Монголчууд бултаараа амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд гадаадын зах зээлд бараа, үйлчилгээгээ экспортлохын төлөө бүтээлчээр хамтарч ажилласнаар эдийн засгийн өсөлт нэмэгдэж тогтворжино  гэдэгт эргэлзэхгүй байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж