Инфографик: Зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга | News.MN

Инфографик: Зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Инфографик: Зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Зээлийн болон төслийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх зорилго бүхий 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн төслийн санхүүжилтийг дэмжихэд чиглэж байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй.

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Зээлийн болон төслийн гэрээг соёрхон баталснаар ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр дараах 4 үндсэн үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Үүнд:

•220, 110 кВ-ын 20 дэд станцын насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан, хуучирч муудсан тоног төхөөрөмжийг шинэчлэх,

•220, 110 кВ-ын 17 дэд станцын насжилт өндөртэй тосон таслуур, 153 ш гүйдлийн трансформаторын реле хамгаалалт, автоматикийн хамт шинэчлэх,

•220/110/35 кВ-ын “Улаанбаатар”, “Дархан”, “ИХБ-4” болон “Эрдэнэт” дэд станцуудын хуучирсан, ашиглалтын хугацаа хэтэрсэн реле хамгаалалт, автоматик, хяналт, удирдлагын системийг шинэчлэх,

•220/110/35 кВ-ын ИХБ 4-ийн автотрансформатор 1, 2-ыг зэрэгцээ ажиллагаанд оруулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.

Зээлийн хугацаа нь 30 жил, зээлийн жилийн хүү нь 2 хувь бөгөөд зээлийн эргэн төлөлтөөс 10 жилийн хугацаанд чөлөөлөгдөнө.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн англи, монгол эхийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зээлийн II ээлжийн санхүүжилтийн мөнгөн дүн 10,450,000.00 еврог нэг 0 алдаж 10,450,00.00 евро гэж, хуулийн төслийн монгол эхийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт дурдсан зээл эргүүлэн төлөх хугацаа болон зээлийн төлбөр хийх мөнгөн дүн англи эхээс зөрүүтэй орчуулагдаж, гэрээнд гарын үсэг зурсан байсан. 

Сангийн яам “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг татан авч Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын засгийн газар, Франкфурт хот дахь Сэргээн босголт зээлийн банктай хамтран зээлийн болон төслийн гэрээний санхүүжилтийн мөнгөн дүнгийн алдааг залруулсан тухай 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10/7573 тоот албан бичгийг ирүүлж Гэрээний төслийн монгол хэлээрх орчуулгын зөрүүтэй байдлыг арилгаж, хянан баталгаажуулсан тул Байнгын хорооны болон Нэгдсэн чуулганаар хуулийн төслийг хэлэлцэж баталсан. 

Улсын Их Хурлын Тамгын газар 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж