Манай оронд харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилйин ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Монголын Мэдээлэл холбооны сүлжээ компанийн байранд бүх орон нутаг , үүрэн телефоний операторуудыг хамарсан видео танхимын нээлтийн ажиллагаа боллоо . Энэхүү танхимыг 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Уг танхимд хөдөө орон нутаг , хот хоорондын хурал , уулзалт , сургалт , семинар зэргийг нэг цагт шууд дүрс дүрсээ харан дуу дүрсний өндөр хурд чанартайгаар зохион байгуулах боломжтой болж байгаагаараа онцлог юм . Тус төхөөрөмжийг бүх аймгуудын харилцаа холбооны газарт суурилуулаад байгаа ба өнөөдөр 14 аймгийн холбооны газрын удирдах ажилтнууд тус танхимын тусламжтайгаар мэргэжил нэгтнүүддээ цаг хугацаа орон зайг үл хамааран ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ . Уг танхим нь урьдчилан суваг шугам бэлдэхгүй , байнгын ажиллагаатай байх юм байна . Дүрст хурлын танхимд Монголд үйл ажиллагаагаа явуулж буй бүх үүрэн телефон , харилцаа холбооны салбарын томоохон компаниудын тугийг залж байгаа бөгөөд тус танхимыг зөвхөн мэдээлэл харилцааны салбарын мэргэжилтнүүд ашиглаад зогсохгүй өөр бусад төрлийн мэргэжлийнхэн сургалт семнинар зохион байгуулах боломж нээлттэй ажээ.
Р.Нямжаргал