Коби Брайнт зодог тайлах болсноо зарлав

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Коби Брайнт зодог тайлах болсноо зарлав

Сагсан бөмбөгийн Лос Анжелес Лэйкерс багийн тоглогч Коби Брайнт NBA карьераа дуусгаж буйгаа зарлалаа. “Энэ улирлын тоглолт бол үлдсэн бүх авьяас чадвараа дайчлах сүүлчийн тоглолт”  гэж 37 настай алдарт сагсан бөмбөгч Коби Брайнт “The Player’s Tribune” вэбсайт болон Facebook хуудсандаа бичжээ. "Зүрх минь хүнд хүчрийг тэсвэрлэнэ. Бодол санаа минь  хатуу хүтүүг давна. Гэвч бие минь энэ спортод баяртай гэж хэлэх цаг ирснийг мэдэж байна” гэжээ.

Лос Анжелес Лейкерс багт 20 дахь улирлын тоглолтоо хийж буй Коби хүссэн шигээ амжилт үзүүлж чадахгүй байгаа билээ. Лос Анжелес Лейкерсийнхэн сүүлд  Вестерн Конференсд 2-13-аар хожигдсон юм. NBA-ийн таван удаагийн аварга Коби Брайнт 1996 онд 18 настайдаа АНУ-ын сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн залуу аваргаар тодорч байсан юм.

Тэрбээр мэргэжлийн сагсан бөмбөгч болсон карьерынхаа ихэнх хугацаанд Лос Анжелес Лейкерс багт хүчин зүтгэсэн билээ. NBA-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын гуравдугаарт бичигдсэн тэрбээр эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд Олимпийн алтан медалийг эх орондоо авчирч байсан юм. 19 настайдаа тэрбээр мөн л NBA-ийн бүх оддын тоглолтын хамгийн залуу тоглогч болж байлаа. Түүнийг багтаа авснаас хойш Лос Анжелес Лейкерс 2000-2002 оны хооронд гурван удаа аваргалж байсан түүхтэй. Коби Брайнт 2003 онд зочид буудлын үйлчлэгч 19 настай охиныг оролдсон хэрэгт орсон. Хэргийг хэрэгсэхгүй болгосон ч нэхэмжлэгч сүүлд зарга мэдүүлсэн байдаг.

Коби Брайнт 2008 онд Бээжингийн олимпоос алтан медаль зүүсэн бөгөөд 2009-2010 онд Лос Анжелес Лейкерс NBA-ийн аваргаа цолоо эргүүлэн авсан. Сагсан бөмбөгийг орхих гэж буйгаа зарласан тэрбээр их спортдоо зориулж хайрын захидал шиг ил захидал илгээжээ.

Захидалдаа тэрбээр зургаан настайдаа хэрхэн сагсан бөмбөгт дурласан тухайгаа бичээд эцэст нь салах ёс гүйцэтгэжээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж