А.Пүрэвдулам: Э.Бат-Үүлийг яллах гэсэн л ганцхан зорилго байна

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

А.Пүрэвдулам: Э.Бат-Үүлийг яллах гэсэн л ганцхан зорилго байна

А.Пүрэвдулам: Э.Бат-Үүлийг яллах гэсэн л ганцхан зорилго байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.


-Хотын дарга асан Э.Бат-Үүлд хэрэг нээн шалгаж эхэлснээс хойш та хууль ёсны эрх ашгийг нь хамгаалан ажиллаж байна уу? Түүний холбогдоод буй хэргийг хэдийнээс шалгаж эхэлсэн байдаг юм бол? Эндээс ярилцах уу?

-2019 оноос эхлэн Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан, хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Э.Бат-Үүлийн гэх энэ хэргийн талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа, илтэд гүтгэсэн мэдээ, мэдээлүүд олон нийтэд хүрсээр байна. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад, өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан гэмт хэрэгт сэжиглэгдэж буюу шалгагдаж байгаа хүн гэм буруутай эсэх нь шүүхээр эцэслэн нотлогдож тогтоогдоогүй байхад нийгэм олон нийтэд Э.Бат-Үүл, түүний хүү Чулуудай нарыг гэмт хэрэгтэн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний улмаас гэмт хэрэгтэн мэт буруу ойлголт өгөх сөрөг үр дагавар үүсээд байна. Үндсэн хуулийн хүний эрхийг хамгаалсан энэ заалт бол хэрэгт холбогдуулан шалгагдаж буй Монгол Улсын иргэн хэний ч нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдахгүй байх, цаашлаад гэмт хэрэгт холбогдон шалгагдаад Шүүхээр гэм буруугүй болох нь тогтоогдвол нийгэм, олон нийтэд аль хэдийнээ хэрэг хийсэн мэт ойлголт төрүүлчихсэн байвал тэдгээр хүмүүсийн нэр төрд халдсан хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал яригдана. Иймээс Үндсэн хуулийн хүний эрхийн дархлаа болсон энэ заалтыг чухалчлаад байгаа юм. Тийм ч учраас энэ талаар би тодорхой мэдээлэл өгье гэж бодож байна. Мэдээж хэргийн талаар нарийн зүйл буюу шүүхээр эцэслэн шалгагдах хүртэл хавтаст хэргийн материал, түүнтэй холбоотой асуудлыг олон нийтэд мэдээлж, ярих нь өмгөөлөгчийн хувьд хуулиар хориотой. Нөгөө талаас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нар шүүхээр гэм бурууг тогтоогдоогүй байхад хэргийг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх нь хуулиараа хориотой. Гэтэл хэрэг хийсэн мэтээр нийтэд мэдээллэдэг. Энэ нь гүтгэхтэй ялгаа байхгүй. Хуулийг хэрэгжүүлдэг эдгээр субъектүүд өөрсдөө хуулиа мөрдөж ажилламаар. Тэгэхээр энэ асуудал ганцхан Э.Бат-Үүл, Б.Чулуудай гэх хүмүүс дээр харагдаж байгаа биш. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисст ч хандчихсан байгаа. Гэмт хэрэгт шалгагдаж буй бүх хүний нэр усыг зарлаж, олон нийтэд мэдээлэх асуудал дээр хариуцлагатай хандах хэрэгтэй.

-Хэрэг ямар шалтгаанаар хэдэн удаа буцав? Шүүгч, өмгөөлөгчөө солив уу?

-Өмгөөлөгч, шүүгчээ сольсон асуудал байхгүй. Та бүхэн мэдэж байгаа байх, энэ хэрэг үндсэндээ шалгагдаад, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд очоод хоёр ч удаа буцаагдсан. Буцаагдсан үндэслэл нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт прокурорын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих хууль журмын дагуу хийгдээгүй, Шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй буюу процессын ажиллагаанд авагдсан нотлох баримтууд хангалтгүй зэрэг үндэслэлээр буцаагдсан байдаг. Мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хавсаргах буюу цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулахгүй дан ганц яллах талыг баримталж байгаа талаар Өмгөөлөгчдөөс прокурорт гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлээгүй зэрэг үндэслэлүүд юм. Эдгээр ажиллагаануудыг хийж гэмээ нь хэргийг тал бүрээс нь үнэн зөв нэг мөр шийдвэрлэхээс гадна Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх хангагдах юм. Өөрөөр хэлбэл хэрэгт холбогдуулан шалгаж байгаа л бол цагаатгах, яллах талын нотлох баримтуудыг адил тэгш цуглуулж байж  шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлж чадна. Тийм биш бол үнэн зөвөөр шийдвэрлэх боломжгүй. Гэвч энэ эрхүүд хангагдахгүй байна, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлэх боломжгүй тул зохих ажиллагаануудыг хийгээч ээ гэдэг удаа дараагийн шүүгчийн шийдвэр гараад Прокурорт буцаасан. Гэвч энэ ажиллагаануудыг мөн л хийдэггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа хуулийн дагуу бүрэн гүйцэд хийх талаар удаа дараагийн шүүхий шийдвэрээр буцаагаад байхад зохих ажиллагаанууд хийгдээгүй. Шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд энэ нь яллах талын нотлох баримт, энэ нь цагаатгах талын нотлох баримт, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа юу, гэмт хэргийн шалтгаант холбоо гээд бүх талаас нь нотлох баримтын хүрээнд шинжлэн судлаж байж шүүх шийдвэрээ үнэн зөв гаргана шүү дээ. Одоо байгаа нотлох баримтын хүрээнд болон хэргийн оролцогчдын эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэгдэнэ гэдэг эргэлзээтэй. Ямар ч байсан Монгол Улсын шүүх хараат бус, бие даасан, гагцхүү хуульд захирагдах үүргээ биелүүлж ажиллана гэдэгт л өмгөөлөгчийн хувьд найдаж байна.

-Асуудал байгаа бол хуулийн дагуу шалга гэж Э.Бат-Үүл хэлсэн байсан. Түүнийг шалгахдаа цагдаа, хууль хяналтын байгууллагаас дарамт шахалт үзүүлж, хууль бус үйлдэл гаргаж байна уу?

-Хуулиа баримталж ажилламаар байгаа юм. Хотын дарга асан Э.Бат-Үүлийг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүүдээ давуу эрх олгосон гэдэг байдлаар шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл дахин төлөвлөлтөд оролцсон хүүгийнхээ компанид давуу байдал олгосон гэдэг үндэслэлээр. Гэтэл дахин төлөвлөлтөд эрх олгох эрх бүхий субъект нь Э.Бат-Үүл биш бөгөөд эрх олгодог субъект нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн удирдах хороо гэж байсан. Тухайн үед НИТХ-аас журмаа гаргаад, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн удирдах хороог байгуулж, Төслийг удирдах хорооны даргаар нь НИТХ-ын дарга Д.Баттулга ажилласан байдаг. Энэ  тухай НИТХ-ын дарга асан Д.Баттулга 2020 оны 04 дүгээр сарын 13-ны "Өдрийн сонин"-д “Бат-Үүлийн хүүгийн компанид эрх олгосон хүн нь би шүү дээ гэсэн гарчигтай ярилцлагадаа "Э.Бат-Үүлийг хүүхдийнх нь "Грандлайн" гээд компанитай холбоод албан тушаалаа ашиглаад дахин төлөвлөх эрх олгосон гэж буруутгаад байдаг. Гэтэл тэр эрхийг нь олгосон хүн нь би, Төслийг удирдах хороо газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад, компанийн үйл ажиллагаа, төлөвлөлт, санхүүгийн байдлыг мэргэжлийн хүмүүс судлаад Төслийн удирдах хороо саналаа оруулж ирдэг. Төслийн удирдах хороо олонхын саналаар шийддэг журамтай. Түүнээс биш Засаг дарга хүүгийнхээ компанийг оруулж ирээд гаргана гэсэн зүйл байхгүй шүү дээ. Энэ бол маш том шалгуураар орж ирж гарч байсан компани” гэж ярилцлага өгсөн байсан. Өмгөөлөгч нарын зүгээс ч НИТХ-ын дарга асан Д.Баттулгыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Тэгэхээр дахин төлөвлөлтөд хүүдээ давуу эрх олгосон гэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд ямар ч хамаагүй аргаар буруутгах гэсэн оролдлого. Мөн дахин төлөвлөлттэй холбоотойгоор яг адил цаг хугацаанд яг ижил шийдвэрээр адилхан гэрээ байгуулсан маш олон компани бий. Тэдгээр компаниудыг шалгахгүй хэр нь ганцхан "Грандлайн"-ыг, Чулуудайг онцлоод холбогдуулж буруутгаад байгаа нь зөвхөн Бат-Үүлийн хүү гэдгээр хамаатуулж, ял тулгаж буруутгах гэсэн оролдлого гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд ч бусад компаниудыг шалгуулах, гэрчээр оролцуулах, холбогдох баримт сэлтийг судлах, хавтаст хэрэгт хавсаргах талаар өмгөөлөгч нараас удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Хардах эрхтэй, энэ мэтээс харахад ингэж эрүү шүүлт тулгаж байгаа нь ямар нэгэн байдлаар улс төрийн нөхцөл байдал байна уу, сонгууль дөхөхөөр л энэ хүнийг удаа дараа янз бүрийн байдлаар хилс хэрэгт холбогдуулан гүтгэх байдал ажиглагддаг.

Э.БАТ-ҮҮЛД ГЭМ БУРУУГИЙН ЯМАР НЭГЭН ХЭЛБЭР БАЙХГҮЙ

 

-Хардах эрхтэй гэлээ. Ер нь энэ хүнийг харлуулж, яллах гэсэн зорилго хэн нэгэнд байгаа болов уу?

-Түрүүн хэлсэнчлэн яагаад ямар ч хамааралгүй асуудалд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан гэдгээр Бат-Үүлийг холбогдуулж, дээрээс нь Чулуудай гэх хүүтэй нь хүчээр нааж ял тулгаад байгаа юм бэ? Яагаад шалгаж тогтоовол зохих наад захын ажиллагаануудыг хийхгүй байгаа юм бэ, цагаатгах талын нотлох баримтыг цуглуулахгүй, яагаад яллах талын нотлох баримтыг ялгамжтай аваад байгаа юм бэ? хүчээр ял тулгаж, хилс хэрэгт гүтгэх оролдлого явагдаж байна гэж хардаж байна. Түүнчлэн гэмт хэргийн бүрэлдэхүүний нөхцөл хангагдаагүй. Жишээлбэл, энэ хэргийн субъектив тал буюу хамтран үйлдсэн гэх Бат-Үүл, Чулуудай нарын шууд оролцоо, гэм буруугийн ямар нэгэн хэлбэр байдаггүй. Объектив тал буюу шалтгаант холбоо, хор уршиг, үйлдэл, эс үйлдэхүй зэрэг нь нотлогддоггүй. Бас нэг гайхашруулсан тайлбарыг урьчилсан хэлэлцүүлгийн үед Прокуророос өгсөн. Энэ хэрэгт асуувал зохих гэрчүүдийг асуулгаад өгөөч гэсэн хүсэлтүүдийг тавихад, эдийн засгийн гэмт хэрэг дээр гэрчүүд заавал асуух шаардлагагүй гэсэн. Үүнд өмгөөлөгчийн хувьд гайхсан. Хуульч болоод ийм утгагүй тайлбар анх удаа сонссон. Ингэхээр яллах гэсэн ганцхан зорилго л байна гэж хардаад байгаа юм.

-Бат-Үүлийг мөнгө угаасан байж болзошгүй гэж буруутгаж байгаа гэж дуулсан?

-Сүүлд яллах дүгнэлт үйлдэгдээд, Бат-Үүлд мөнгө угаасан гэсэн зүйл анги нэмэгдсэн. Үнэндээ Бат-Үүлээс өөрөөс нь тайлбар, мэдүүлэг огт аваагүйгээр яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн. Мөнгө угаах гэдэг чинь маш хүнд гэмт хэрэг шүү дээ. Үндсэн хуулиар хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, мэдүүлэг тайлбар өгөх эрхтэй. Урьдын сонсгосон зүйл ангиуд нотлогдохгүй болоод ирэнгүүт ямар нэгэн байдлаар ямар ч хамаагүй аргаар хэргийг нь хүндрүүлье гэж бодоогүй л байлтай.

-Хэргийн материалтай танилцаж байхад Бат-Үүл гэдэг хүн буруутай үйлдэл хийж үү? Түүнийг нь нотлох хангалттай баримт нотолгоо байна уу?

-Гэмт хэргийн нотлох баримт гэдэг хууль зүйн талаасаа эргэлзээгүй, хэргийг тал бүрээс нь нэг мөр үнэн зөв үнэлэх боломжтой байх ёстой. Гэтэл Бат-Үүл гэдэг хүнийг яллаад байгаа баримт гэх зүйл гэм буруугийн хэлбэр байхгүй, шууд субъектив санаа зорилго байхгүй, ямар үйлдлээр хэзээ, хаана, хэдэн цагт болсон талаар огт тодорхойгүй. Ерөөсөө л Нийслэлийн Засаг дарга байсан энэ хүн хүүдээ тендер олгосон гэсэн үндэслэлээр яллах талыг баримтлаад яваад байгаа. Энэ хэрэг дээр би түрүүн хэлсэн, цагаатгах талын, яллах талын нотлох баримт эн тэнцүү байж үнэлэгдэх ёстой. Яллах талыг баримталж байна. Гэвч яллах талын баримт ямар ч эргэлзээгүй байх ёстой гэсэн хууль зүйн шаардлагыг хангахгүй байгаа.

-Сүүлийн үед хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн нөлөө орж, гэм буруугүй хүнийг гэм буруутайд тооцох тохиолдол цөөнгүй гарч байна гэсэн мэдээлэл их гардаг болжээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Монгол Улсын аль нэг иргэн тэр тусмаа хуульч, өмгөөлөгч хүний хувьд шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэж дүгнэх эрх бидэнд байхгүй. Харин жилийн өмнөөс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь шүүх эрх мэдэл буюу шүүгчийн асуудлыг шийдвэрлэдэг болсон. Монгол Улсын Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн статуст бүдүүлгээр шууд халдаж буй хэрэг. Үүний үр дагаварт тухайн шүүгч хараат бусаар үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Улс төрчдийн юм уу, өндөр албан тушаалтны нөлөө, тэдний дарамт шахалт дор шударгаар үйл ажжиллагаа явуулах эрх нь хөндөгдөж буй асуудал дээр өмгөөлөгчийн хувьд эмзэглэж яваа. Энэ бол маш ноцтой бөгөөд Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Ярианыхаа төгсгөлд хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудад хандаж хэлэхэд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэгт элдэв таамаг дэвшүүлж, худал мэдээлэл тараахгүй байхыг хүсье. Шүүгч хараат бус, гагцхүү хуульд захирагдах эрхэм үүргээ биелүүлэх биз ээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж