Испанийн Алмассора хэмээх сууринд бага насны хоёр хүүхдийнхээ өмнө нөхрийнхөө гарт амь үрэгдсэн, 35 настай Карина бүсгүйн араас гашуудаж, гурван өдрийн турш далбаагаа хагас бөхийлгөн, Моцартын гашуудлын аяз хот даяар эгшиглэн, хотын оршин суугчид тагтан дээрээ гарч дуугаа хураан зогсов. Энгийн үед тэд хотын төв талбайд гарч жагсах байлаа. Гэвч "Сovid-19" өвчний улмаас бүгд хөл хорионд орсон учир ийнхүү байгаа байгаа газартаа бүсгүйд хүндэтгэл үзүүлсэн нь энэ аж.
Бүсгүйн нөхөр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Карина Испанид он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан 17 дахь, хөл хорио тогтоосноос хойш нөхрийнхөө гарт амиа алдсан анхны тохиолдол болсон байна.
ГЭРТЭЭ БАЙНА ГЭДЭГ АЮУЛГҮЙ БАЙНА ГЭСЭН ҮГ БИШ
Дэлхий даяараа хорио цээрийн дэглэмд шилжсэн нь хүчирхийлэгчдэд боломж олгож, хүүхэд эмэгтэйчүүдийг улам эрсдэлд оруулж байна. Европын орнуудад л гэхэд хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлснээс хойш гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг хамгийн багадаа 30 хувиар нэмэгджээ.
Стресс хүчирхийлэгчдийг улам догшин ширүүн, тогтворгүй болгодог нь судалгаагаар батлагджээ. Удаан хугацаанд хөл хорионд байх нь энгийн хүмүүсийг хүртэл стресст оруулж байгаа. Дээр нь коронавирусийн улмаас олон хүн ажилгүй болж, санхүүгийн хямралд орж байна. Ийм байдал гэр бүлийн хүчирхийллийг нэмэгдүүлэх шалтгаан болдгоос гадна ажилгүйдэлд эмэгтэйчүүд илүү өртөж байгаа нь эргээд нөхрөөсөө, эсвэл хамтран амьдрагчаасаа санхүүгийн хувьд хараат болох үндэслэл болж байгаа юм.
Итали бол Европын орнуудаас коронавирусийн хямралд хамгийн их өртсөн улс. Тахалтай нүүр тулан ажиллаж байсан 100 гаруй эмч коронавирусийн халдвараар нас баржээ. Гуравдугаар сарын 30-ны өдөр 27 настай Лорена Куаранта гэх дадлагажигч эмч бүсгүй тэнгэрийн оронд оджээ. Гэхдээ тэр "Сovid-19" тусаагүй, найз залуугийнхаа гарт амиа алдсан байв. Бүсгүйн шарилыг Сицилийн Фавара хотын дундуур зөөж өнгөрөхөд ард иргэд тагтан дээрээ цагаан өнгийн даавуу өлгөж гашуудлаа илэрхийлжээ. Хотын дарга Анна Альба “Энэ бол түүний амьдралынхаа туршид өмсөхийг мөрөөдөж байсан дүрэмт хувцасны өнгө” хэмээн хэлсэн байна. Испанид гэр бүлийн хүчирхийллийн 016 дугаарын утас хөл хорио тогтоохоос өмнөх сараас 18 хувиар их дуудлага хүлээн авчээ.
Өдөрт 2000 хүртэлх дуудлага хүлээн авдаг АНУ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний сүлжээнд гуравдугаар сарын 10-наас 24-ний хооронд хүчирхийлэлтэй холбоотой дуудлагын тоо гурав дахин ихэсчээ.
Харин Франц улсад хөл хорио тогтоосноор тусламжийн дуудлага эрс багассан ч гэр бүлийн хүчирхийлэлэй холбоотой гэмт хэргийн тоо огцом нэмэгджээ. Тэр дундаа нийслэл Парис хотод энэ тоо илүү их нэмэгдсэн байна. Тиймээс эрх баригчид томоохон зах худалдааны төвүүдэд хүчирхийллийн хохирогчдод тусламж үзүүлэх цэгүүдийг нээж өгчээ. Хохирогчид шууд дуудлага өгч чадахгүй нөхцөл байдалд байгаа учир и-мэйлээр болон мессенжерээр тусламжийн ажилтнуудтай холбогдох аргыг илүүтэй сонгох болсон байна. Тус улсад и-мэйлээр тусламж хүсэгчдийн тоо 286 хувиар нэмэгдсэн бол WhatsApp-аар сэтгэл зүйн зөвлөгөө авч буй хүмүүсийн тоо ч мөн огцом өсч байгаа гэнэ.
Дани улсад хүүхэд эмэгтэйчүүдийн түр хоргодох байранд ирэх хүсэлт хорио цээр тогтоосон эхний долоо хоногт л хоёр дахин нэмэгдсэн байна.
“МАСК-19” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АМИЙГ АВАРЧ БАЙНА
Испанийн “Хүйсийн тэгш байдлын хүрээлэн” Маскарилла-19 буюу Маск-19 гэх кампанит ажил эхлүүлжээ. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж буй эмэгтэйчүүдийн хувьд эмийн сан орж, амны хаалт авах нь гэрээс гарах цөөн хэдэн шалтгааны нэг юм. Ингээд эмэгтэйчүүд эмийн санчид “Маск-19” гэх түлхүүр үгийг хэлэх юм бол эмийн санч эмэгтэйг хүчирхийлэлд өртөж байна гэдгийг мэдэж, гэрийн хаяг, утасны дугаар зэргийг нь тэмдэглэж аваад цагдаа, тусламжийн байгуулладаг мэдэгдэж өгөх юм. “Маск-19” түлхүүр үгийг одоо Франц, Герман, Итали, Норвеги, Аргентинд ашиглаж олон олон эмэгтэйчүүд хүчирхийлэгчийн гараас мултарч байна.
Эмэгтэйчүүд хөл хорионы үеэр нэгдүгээрт хүчирхийлэгчийг илчлэхээс айх, хоёрдугаарт гараад зугтах гэхээр халдвар авах эрсдэл өндөр, гуравдугаарт ихэнх төрийн байгууллагууд ажиллахгүй, хаана хандахаа мэдэхгүй байгаа зэрэг нь хүчирхийллийн хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлсээр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ