Голомт банкны Кастодиан банкны газрын захирал Г.Зоригтой ярилцлаа. Эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч- хөрөнгийн зах зээлд үйлчилгээ үзүүлэх Кастодиан банкны эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт, дэвшил гарсныг тэрбээр онцолж байна.
-Кастодиан банкны үйлчилгээ үнэт цаасны зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргана гэсэн хүлээлт үүсээд байна. Шинээр хөгжиж буй зах зээлд Кастодиан банкны үйлчилгээг дагаж ямар эерэг өөрчлөлт гарах вэ?
-Кастодиан банкны орших үндэс нь хөрөнгө оруулалтын сан. Өөрөөр хэлбэл, гол харилцагч нь гэсэн үг. Сан нь олон хэлбэртэй байдаг. Тухайлбал, олон нийтэд нээлттэй хамтын сан гэж байна. Мөн хувийн хөрөнгө оруулалтын сангууд гэж бий. Үүнээс гадна барууны орнуудад хувийн тэтгэврийн сан маш сайн хөгжсөн байдаг. Эдгээр олон улсын сангууд Монголд орж ирэх, түүнчлэн үндэсний сан бий болоход Кастодиан банкны үүрэг, оролцоо маш чухал.
-Манайд Кастодиан банк үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн үү?
-Сүүлийн жилүүдэд санхүүгийн зах зээл дээр гарсан эрх зүйн шинэчлэлтүүд нь Кастодиан банкны үйлчилгээ эрхлэх таатай орчныг бүрдүүлсэн. Маш богинохон хугацаанд энэ талын эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн гэж ойлгож болно. Цоо шинээр хөгжиж буй учраас ирээдүйд ч тодорхой хэмжээний өөрчлөлт шаардлагатай болно. Гэхдээ яг одоогийн бодит байдлыг харахад Санхүүгийн зохицуулах хороо маш санаачлагатай ажиллаж, зах зээлийн хөгжлийг дэмжих олон ажлыг хийж гүйцэтгэснийг онцолмоор байна.
Тухайлбал, Японы JICA байгууллагатай хамтарсан Компанийн засаглалыг сайжруулах хөтөлбөр, Люксембургийн засгийн газар, ATTF сантай хамтарсан хөрөнгийн зах зээлийн оролцогчдыг чадавхижуулах боловсон хүчний хөтөлбөр зэргийг дурьдах хэрэгтэй. Мөн татварын таатай орчныг бүрдүүлэхэд Хорооны зүгээс онцгой анхаарал хандуулж байгааг тэмдэглэх байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд төдийгүй Кастодиан банкны үйл ажиллагаанд бодитой дэмжлэг болно гэж харж байгаа.
-СЗХ-оос санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, нээлттэй хэлэлцүүлсэн. Удахгүй УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Хөтөлбөрт Улаанбаатар хотыг санхүүгийн төв болгох зорилт тусгагдсан. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ?
-З.Нарантуяа дарга томилогдсоноос хойш өнгөрсөн хугацаанд зах зээл дээр маш олон эерэг өөрчлөлт, хууль эрх зүйн шинэчлэл гарсан байна. Зах зээлийн хөгжлийг хурдасгах олон шинэ журмууд батлагдлаа. Ялангуяа Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний стратегийг тодорхойлсон нь нүдээ олсон ажил боллоо. Үүнд, Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн санхүүгийн төв болгохоор санаачлага гаргасныг талархан дэмжиж байна. Нээлттэй санхүүгийн бүс бий болсноор олон улсын санхүүгийн know-how нэвтрэх, Монгол улсын нэр хүнд өсөх олон эерэг үр дүн хүлээгдэж байна.
-Ер нь СЗХ-ны өнөөгийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд талархалтай хандах хүмүүс цөөнгүй байна.
-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн хугацаанд СЗХ-ны шинэ удирдлага маш өгөөжтэй, цоо шинэ гэж хэлж болох олон ажлыг санаачлан бий болгожээ. Санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих, лиценз авахад шаардлагатай хугацааг богиносгох гээд олон ажил хийгдсэн байна. Товчхоноор, өнгөрсөн нэг жилийн дотор хөрөнгийн зах зээл эрчимжиж, зогсонги байдлаас гарсан гэж үзэж болно.
-Голомт банк үнэт цаасны зах зээлд Кастодиан банкны үйлчилгээ үзүүлэх эрхээ аваад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ямар ажлыг хийж гүйцэтгэсэн бэ?
-2014 онд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтарч “Кастодианы тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам”-ыг баталсан. Үүний дагуу Голомт банк хамгийн анхны Кастодианы үйлчилгээ үзүүлэх эрхийг 2014 оны 8 сард авсан. Дараа нь Худалдаа хөгжлийн банк болон ХААН банк мөн эрхийг аваад байна. Банкууд маань өөрсдөө санаачилж, заавал гадаадын том банк, хөрөнгө оруулалтын санг хүлээлгүйгээр эрсдэл үүрэх чадвартай гэж үзэн Хороонд хандаж, эрхээ авцгаасан. Голомт банкны хувьд кастодиан бүртгэлийн системээ нэвтрүүлж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлээд байна. Эрхээ авснаас хойш хийсэн хамгийн анхны ажил бол Кастодиан банкны бүртгэлийн систем нийлүүлэгчийг сонгон шалгаруулах байсан. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хөрөнгө оруулагчдын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц, найдвартай, илүү ирээдүйд чиглэсэн программ хангамж байх ёстой. Ийм учраас нийлүүлэгчээ сонгоход нэлээн цаг хугацааг зарцуулж, дэлхийд тэргүүлэгч “Номура” компанийн программ хангамжийг сонгож, амжилттай нэвтрүүллээ.
-Кастодиан банкны үйл ажиллагааг манай уншигчдад хамгийн энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Кастодиан банк нь хөрөнгийн зах зээлийн гол оролцогчдын нэг. Энгийнээр тодорхойлж хэлэхэд үнэт цаасны банк гэж ойлгож болно. Монголд хөрөнгийн зах зээлийн хөгжил сул, хөрөнгө оруулалт орж ирэхгүй байсан шалтгаан нь нэг талаар Кастодиан банк байгаагүйтэй холбоотой. Кастодиан банк нь иргэд, байгууллагын худалдаж авсан үнэт цаасыг хадгалах, тухайн үнэт цаастай холбоотой гарч болохуйц бүхий л үйлчилгээг хариуцдаг. Тодруулбал, Үнэт цаасны төлбөр тооцоо, худалдаж авсан үнэт цаасыг хадгалах, үнэт цаасыг гаргагч компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд харилцагчдыг төлөөлж оролцох зэрэг давхар үүргийг гүйцэтгэдэг. Мөн татварын тооцоолол ба буцаалт, үнэт цаас зээлдэх, зээлдүүлэх, нэг улсад гаргасан үнэт цаасыг нөгөө улсад нь дамжуулан гаргах зэрэгт оролцдог.
Санхүүгийн зах зээл нь аливаа улсын эдийн засгийн суурь. Тиймээс энэ зах зээл хэр хөгжсөн эсэхээс тухайн улсын эдийн засгийн нөөц, бололцоо хамаарч байдаг. Сүүлийн 25 жилийн хугацаанд банкны салбар эрчимтэй хөгжиж, үзүүлж байгаа үйлчилгээ нь дэлхийн стандартад хүрсэн. Манай арилжааны банкуудыг анх үүсч байсантай нь харьцуулахад хөгжлийн өндөр түвшинд гарсан. Нөгөө талд нь зэрэгцэн хөгжиж байх учиртай санхүүгийн зах зээлийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь хөрөнгийн зах зээл. Энэ зах зээл эрчимтэй хөгжөөгүй байгаа гол шалтгаан нь оролцогч буюу шаардлагатай институцууд бүрэн үүсч хөгжөөгүйтэй холбон ойлгож болно. Энэхүү орон зайд гадаадын том банкууд ч юм уу, хөрөнгө оруулалтын сангууд орж ирэхийг нэлээн удаан хүлээлээ. Энэ хүлээлт хэтэрхий удаан үргэлжилснээс зах зээлийн хөгжил ч саатсан байна. Тиймээс зах зээлийг хөгжлийг хурдасгах, дэмжих үүднээс үндэсний банкууд өөрсдөө санаачилга гаргаж, кастодиан банкны үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байна.
-Хөрөнгө оруулалтын менежментийн дөрвөн компани СЗХ-оос эрхээ авсан. Гэвч хараахан сангаа байгуулаагүй байх шиг байна?
-Эрсдэл даах чадвартай гэдэг утгаараа арилжааны банкууд хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулахад идэвхтэй оролцох хэрэгтэй байгаа юм. Энэ чиглэлд Голомт банк ажиллаж эхэлсэн бөгөөд хөрөнгө оруулалтын менежментийн компаниа байгуулсан. Үүнээс гадна Монголд хамгийн анхны хувийн тэтгэврийн санг байгуулах гэж байна. Мөн олон нийтэд нээлттэй хамтын хөрөнгө оруулалтын санг ч байгуулна гэдгийг дуулгая. Одоогоор хөрөнгө оруулалтын менежментийн дөрвөн компани Хорооноос эрхээ авсан. Удахгүй энэ тоо олшрох байх. Кастодиан банкны гол үйлчлүүлэгч нь байгууллагын хөрөнгө оруулагч байдаг. Тэр дундаа хөрөнгө оруулалтын сан онцгой үүрэг гүйцэтгэж, зах зээлийн тэнцвэртэй байдлыг хангадаг хөшүүрэг. Гэвч манайд дээрх сангуудын байгуулагдах үйл явц удаан байна. Үүнийг байгуулахад шаардлагатай тусгай зөвшөөрөл болон бүртгэлийн журам зэргийг Хорооноос илүү хялбаршуулж, хөнгөвчилсөн. Энэхүү бодлогын дэмжлэгийн үр дүнд хөрөнгө оруулалтын сангуудыг шинээр бий болгох, гаднаас хөрөнгө оруулалтын сангуудыг оруулж ирэх чиглэлд манай банкууд дор бүрнээ идэвхтэй ажиллаж байна. Хорооны зүгээс хөрөнгө оруулалтын санг шинээр үүсгэн байгуулахад бодлого, зохицуулалтын түвшинд дэмжих болсон. Нэгдүгээрт энэ зах зээлийн гол оролцогчийн хувьд, хоёрдугаарт, Монголын урдаа барьдаг банкны нэг болох Голомт банкийг төлөөлж дээрх өөрчлөлт, бодлогын дэмжлэгт маш талархалтай хандаж байгаагаа илэрхийлье.
Б.БАЯРТОГТОХ
ЭХ СУРВАЛЖ: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН