Сонгууль 2020: Дарханчуудын сонголтыг З.Энхболд өөрчлөх үү?

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

Сонгууль 2020: Дарханчуудын сонголтыг З.Энхболд өөрчлөх үү?

Сонгууль 2020: Дарханчуудын сонголтыг З.Энхболд өөрчлөх үү?

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймгийг онцолж байна.

Үндсэн хуулийн шинэчлэлээр  Монгол Улсын нэг хот болж байгаа Дархан-Уул аймаг энэ удаад  мөн гурван мандаттайгаар 2020 оны сонгуульд оролцоно.  Тавдугаар сарын 25-наас хэрэгжих Үндсэн хуулиар Дархан-Уул аймаг албан ёсоор хотын статустай болсон билээ. Тус аймаг 66127 сонгогчтой. Өнгөрсөн долоон удаагийн сонголтыг харж байхад дарханчуудын сонголт тааварлашгүй. Тэд АН-д, МАН-д, бие даагчдад ч итгэл үзүүлж байсан. Харин энэ удаад хэрхэн сонголт хийх бол.

МАН-ЫН ГИШҮҮДЭЭ БАГААР НЬ ДЭВШҮҮЛНЭ

МАН-ын даргын “толгой” гашилгаж, сонголтоо эргэлзүүлэхгүй цөөн тойрог бий. Үүний нэг нь Дархан-Уул аймаг юм. Тодруулбал, МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Б.Баттөмөр нарын гишүүд нэр дэвшихээр бэлтгэлээ базаасан хэмээн яригдаж байгаа. Гэхдээ сонгууль болтол асуудал хаашаа ч эргэж болзошгүй гэдэг нь горилж яваа, дарханчуудын тойглогчдоос харж болно.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хувьд дөрөв дэх удаагаа дарханчуудаас итгэл авахаар тойргоо зорьж буй. Түүний хувьд аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д дэвшин гишүүн болсон. Энэ удаад түүнийг намаас нь нэр дэвшүүлэхгүй гэх яриа улс төрийн хүрээнд төдийгүй МАН-ынхан дунд нэг хэсэг яригдсан ч сүүлийн үед Дарханаас сонгогдсон гурван гишүүн багаараа хамтарч сонгуульд оролцоно гэсэн яриа гарах болсон нь дээрх яриаг үгүйсгэж байгаа болов уу. Эсвэл Д.Хаянхярваагийн хувьд намын даргатайгаа гар барьсан байж болох.

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн хувьд хоёр дахь удаагаа дарханчуудаас итгэл авахаар тойргоо зорьж буй. Энэ парламентын гишүүд дундаа цөөн банк, эдийн засгийн салбарын мэдлэгтэй нь гэж толгой цохигддог. Түүний хувьд бусад нэр дэвшигчдээ бодвол намаасаа квотоо баталгаажуулсан хүн гэгдэж буй. Жил жилийн төсөв, эдийн засаг, банкны салбарын асуудал УИХ дээр яригдахад Б.Жавхлангийн үгийг "ангийнх" нь илүү их сонсдог гэлцдэг. Тиймдээ ч эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой хуулийн төслүүдийг барьж авч, ажлын хэсэг ахалдаг хэмээн танхимын гишүүд нь яридаг. Энэ давуу талаа ашиглан Дарханаас сонгогдсон гишүүдтэйгээ нийлж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтыг ажлуудыг аймагтаа татаж чадсан гэдэг.

Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хувьд энэ удаад намын дарга нь итгэл үзүүлэх эсэх нь эргэлзээтэй. Тэрбээр ЖДҮХС-гаас зээл авсан асуудалтай учраас намын дарга нь итгэл үзүүлнэ гэдэг тодорхойгүй. Намын дарга нь өөрөө ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэхгүй хэмээн ам гарчихсан учраас түүний нэр дэвших эсэх нь бүрхэг хэвээр. Тэгээд ч түүний хувьд энэ парламентдаа өндөр настайчуудын эгнээнд ордог учраас энэ удаад итгэл үзүүлбэл дарханчуудыг “хаяад” алга болно хэмээн сонгогчид нь ярьж байгаа сурагтай.

УИХ-ын гишүүд нэр дэвших жагсаалтаас “хасагдвал” гэсэн төлөвлөгөөтэй хэд хэдэн нэр дэвшигч Дарханд бий. Тухайлбал, Ерөнхий сайдын зөвлөх, түүний ойрын хүн гэгддэг Б.Цэнгэл. Нэг хэсэг Монголын төмөр замын даргаар ажиллаж байгаад Ерөнхий сайдын дэргэд ирээд удаагүй түүний хувьд намын даргын найзын хувьд квот авах магадлал өндөртэй гэж тооцож буй. Гэвч МАН-ын дарга өөрөө танил тал бус, нэр цэвэр хүн сонгоно хэмээн ам гарчихсан учраас түүний хувьд энэ удаад нэр дэвших квот авах магадлал тун бага. Түүнээс гадна судлаач Г.Дамдинням гэх залуугийн нэр яригдаж, тэрбээр ч Дархан-Уул аймгаас салахаа байсан.

З.ЭНХБОЛД АН-ЫН “НУУЦ ХӨЗӨР”

Ардчилсан намаас Дархан-Уул аймагт нэр дэвшигчид ер нь тодорхой байсан. Тус аймгийн “дашууд” нэрээрээ алдартай “Бурхайн халдун”группийн эзэн Н.Мөнхдаш яригдаж буй. Түүний хувьд сүүлийн хэд хэдэн сонгуульд нэр дэвшиж оролцдог ч өвдөг шороодсон нь олон. Түүнээс гадна Дархан-Уул аймгийг зорих горилогчдын дотор нэгэн сонирхолтой хүн байгаа нь АН-ын даргын зөвлөх З.Энхболд. Түүний хувьд хэд хэдэн тойрогт судалгаа хийсэн ч таарамжгүй гарсан учраас тойроггүй явна гэх яриа улс төрийн хүрээнд гарч байсан. Түүнийг аль намын хороо нь хүлээж авахгүй гэх бөгөөд ганц Дарханы АН-ынхан хүлээж авна гэсэн учраас З.Энхболд Дарханыг зорих магадлал өндөр байгаа гэнэ. Тиймээс түүнтэй хамт явах нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квот байх болно гэх яриа байна. Өөрөөр хэлбэл, З.Энхболдтой хамт Н.Мөнхдаш болон Р.Булгамаа бий гэх яриа байна. Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Булгамаагийн хувьд Дархан-Уул аймгийн уугуул. Аав нь Дарханд насаараа шүүгч хийсэн гээд танил хүн. Гэвч сүүлийн үед түүнийг  Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон гэлцэж буй юм.

З.Энхболдыг хаана ч дэвшсэн өрсөлдөж, “унагана” хэмээн нэгэн хүн ам гарч байсан нь эдийн засагч Л.Наранбаатар. Тэдний хоорондын “маргаан” хэзээ эхэлснийг мэдэхгүй ч нэгэн цагт оймсоо шидэж, одоо З.Энхболдын үнэн төрхийг илчилж яваа хүн бол яах аргагүй Л.Наранбаатар. Хэрэв З.Энхболд Дарханд нэр дэвшвэл Л.Наранбаатар бие даагаад ч хамаагүй нэр дэвшинэ гэсэн. Тэгэхээр Ардчилсан нам ямар тоглолт хийх, З.Энхболдыг Дарханд нэр дэвшүүлэх үү, үгүй юу гэдэг сонирхолтой тоглолт болно.  Түүнээс гадна Ардчилсан намаас тус аймгийн Дулааны станцын дарга асан О.Нямдаваагийн нэр яригдаж байна.

Хэрэв З.Энхболд Дархан-Уул аймгийг зорихоор бол сонголт 2/1 гэсэн “тохироо” байж болох. Өөрөөр хэлбэл, З.Энхболд МАН-тай “тохирч” 2/1 гэх тохироо хийсэн байх магадлал тун өндөр хэмээн дарханчууд төдийгүй улс төрийн хүрээнд яригдах болжээ. Гэхдээ энэ бүхний үнэн, худлыг дарханчуудын сонголт л дэнслэх биз ээ.

ДАРХАН-УУЛ АЙМГААС СОНГОГДОЖ БАЙСАН УИХ-ЫН ГИШҮҮД:

  • 1992 он: МАХН-ын гишүүн Н.Жанцанноров, Ч.Баянжаргал, Ж.Жадамбаа
  • 1996 он: Ардчилсан холбоо эвсэл Т.Эрдэнэбилэг, М.Чимэдцэрэн,Ш.Батбаяр
  • 2000 он: МАХН-ын гишүүн Д.Баттулга, Д.Цэвээнжав, Л.Даваацэдэв
  • 2004 он: Эх орон-Ардчилал эвсэл Л.Гансүх, М.Сономпил, Б.Цэрэнбалжир,
  • 2008 он: МАН-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар, АН-ын гишүүн Л.Гансүх,
  • 2012 он: МАН-ын гишүүн Д.Хаянхярваа, Бие даагч С.Ганбаатар
  • 2016 он: МАН-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Б.Баттөмөр
  • 2020 он: ?

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж