Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдаж буй “Чингис хаан” музей одоо ч маргаан дагуулсаар байна. Засгийн газраас Байгалийн түүхийн музейг ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн үзэж, нураах тогтоол гаргахдаа суурин дээр нь Чингис хааны музей байгуулахаар болсон. Түүхэн дурсгалт барилгаа нураасанд олон нийт одоо ч шүүмжлэлтэй ханддаг.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сүр дуулиантайгаар шавыг нь тавьж, барилга угсралтын ажлыг нь эхлүүлсэн Чингис хааны музейн асуудал эрдэмтдийг талцуулахад хүргэжээ. Ирэх 2021 онд ашиглалтад орох, нийт есөн давхар тус музей нь 15 танхимаас бүрдэх бөгөөд тав, зургадугаар танхимдаа л “Чингис хаан”-ы түүхийг дэлгэхээр болсон Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэр шүүмжлэл дагуулаад байна.
Анх Чингис хааны гэгдсэн эл музей одоо “Чингис хаан” музей нэртэйгээр монголчуудын төрт ёсны түүхийг харуулахаар өнгө төрхөө өөрчлөхдөө Хүннү гүрнээс эхлээд Монголын эзэнт гүрэн, цаашлаад XX зууны эхэн үеийг хүртэлх хаад язгууртнуудын түүх, өв соёлыг дэлгэхээр төлөвлөжээ.
Дээр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр “Чингис хаан” музей байгуулах ажлыг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах үүрэг бүхий Эрдэмтдийн зөвлөл байгуулж, ШУА-ийн ерөнхийлөгч, академич, доктор, профессор Д.Рэгдэл ахалж, гишүүнээр Философийн хүрээлэнгийн зөвлөх, доктор, профессор А.Цанжид, СГЗ, доктор профессор Л.Дашням, Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч, “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёо, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор профессор Г.Мягмарсамбууг томилсон билээ.
Мөн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Цогтбаатар, Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор Б.Баатархүү, ИЗИС-ийн захирал, доктор, профессор Н.Ням-Осор, УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Бурханч лам, доктор Г.Пүрэвбат нар ч багтсан нь Чингис хааныг түүхийг судлахад огт хамааралгүй хүмүүс багтсан гэж зарим судлаачид хэлж байгаа юм.
"ЧИНГИС ХААН"-ЫГ МИНЬ АВАРЧ ХАЙРЛА
МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, түүхч, доктор Д.Анхбаярын хэлснээр Эрдэмтдийн зөвлөлд багтсан гишүүд нь Чингис судлал эзэнт гүрэнтэй ямар ч холбогдолгүй хүмүүс байгааг “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёо, УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Бурханч лам, доктор Г.Пүрэвбат нарын нэрийг дурдан тодотгосон юм. Дээр нь “Чингис хаан” музей байгуулах гэж байгаа юм бол Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүхээр дагнасан, Монголын эзэнт гүрэн нь дэлхийн эзэнт гүрэн байсан хийгээд Пакс Монголика-г баримтаар үзүүлсэн байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд байна.
Тэрбээр “Чингис хаан хийгээд Монголын эзэнт гүрний түүхэнд тав, зургадугаар давхар л оногдсон нь халаглах багадаж хараах ихдэхээр зүйл болжээ. Мөн гурав, дөрөвдүгээр давхар нь Хүннү тэргүүтэй эртний улсуудын түүх, тав, зургадугаар давхар нь Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүхэнд зориулагдах ажээ. Тэгэхээр долоо, наймдугаар давхар нь Манжийн үе, Богд хаант Монгол улсын үед зориулагдах нь тодорхой. Тэгвэл энэ музейг Чингис хаан хэмээн нэрийдэх ямар шаардлага байгаа юм бэ? Дээрээс өгсөн зааврын дагуу төрт ёсны түүхийг үзүүлэх юм бол Г.Занабазарын Дарь эх бурхныг залах нь ямар учиртай юм бэ? Өнөөдрийн афоризмд бүх үзмэр Чингис хаантай холбоотой байх ёстой юм бол Хүннү зэрэг эртний улсууд, Манжийн эрхшээл, Богд хаант Монгол Улсыг яаж холбох гээд байгаа юм бэ? Нэгэнт ийм байдлаар дүүргэх бол Үндэсний түүхийн музей, Төрийн түүхийн музейтэй давхардсан юм болохгүй юу?” гэж цахим хуудастаа бичин шүүмжилж “Чингис хааныг минь аварч хайрла” хэмээсэн билээ.
ТӨР ЭРДЭМТДИЙНХЭЭ ҮГИЙГ СОНСДОГГҮЙ
Түүнтэй адил байр суурийг ч бас зарим эрдэмтэд илэрхийлж, "Чингис хаан" музей байгуулж байгаа бол хааны түүхийг л өгүүлэх ёстой хэмээж байгаа юм. Харин монголчуудын төрт түүхийг харуулах үзэл баримтлал тусгаснаар Үндэсний түүхийн музейгээс ялгарахгүй гэнэ.
МУБИС-ийн доктор Ж.ГЭРЭЛБАДРАХ:
-“Чингис хаан” музей байгуулах нь зөв шийдвэр. Гэхдээ “Чингис хаан” музей гэж нэрлэсэн бол хааныхаа тухай л үзүүлэх ёстой болохоос дунд нь Хүннү, Богд хаант улс зэрэг өөр түүх өгүүлж болохгүй. Угтаа бол музейд Чингис хааныг төрснөөс нас барах хүртэлх түүхэн үеийг музейн бүх танхимд дэглэж харуулах учиртай. Техник технологийн дэвшлийг ашиглаад Чингис хааны зураг, бүх баримтуудыг ямар ч хувилбараар харуулж болно. Зөвхөн Чингис хаантай холбогдох эд өлгийн зүйлс, баримт эх сурвалж, ном зохиол гээд маш их зүйл бий. Чингис хааны музейд ороход л 1-9 давхар хүртэл монголчуудад үлдээсэн өв соёл, түүхийг нь харж ойлгож бахархах сэтгэл олон нийтэд үлдэх ёстой. Чингис хааны бага нас, идэр нас, дараа нь Их Монгол Улс байгуулахын төлөөх тэмцэл, Хамаг Монгол Улсыг захирсан үе, гадаад харилцааг бэхжүүлэхийн төлөөх улс орнуудтай дайтсан жилүүд, Их Монгол Улсын үндэс суурийг тавьсан Эзэнт гүрний бүх цаг үеэр аялж болно шүү дээ. Ийм байж л Чингис хааны музей болно. Гэтэл хоёрхон танхимд Эзэнт гүрний түүхийг дэлгээд, бусад танхимуудад өөр түүхэн цаг үеийг харуулахаар утга, агуулга хоёр нь зөрж байна.
Хэрэв “Чингис хаан” музейг байгуулж байгаа бол Чингис хааны музей гэж нэрлэчихээд өөр түүх өгүүлж болохгүй. Музейд Чингис хааны тухай л өгүүлэх ёстой болохоос биш Хүннү, Занабазар, VIII Богджавзандамба хутагт байх нь огт хамаагүй. Бид ямаа гэчихээд тэмээ яриад байж болохгүйтэй адил.
Чингис хаан музей нь төрт ёсны түүхийг харуулна гэдэг бол Монгол Улс хоёр Үндэсний музейтэй болно л гэсэн үг. Монголын төрт ёсны түүхийг Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейгээс харж болно. Монголын түүх гэхэд л Чулуун зэвсгийн үеэс авхуулаад түүхэн цаг үеийг Монголын Үндэсний музейгээс харж болох байхад Чингис хааны музейтэй давхцуулах ёсгүй юм. Эрдэмтдийн зөвлөл байгуулахдаа мэргэжлийн байгууллагуудын саналыг авах ёстой атал аваагүй. Эрдэмтдийн үгийг сонсч, саналыг нь авч байж эрдэмтдийн бүрэлдэхүүнээ томилох ёстой. Цаг үргэлж улс төрийн шийдвэр гаргадаг тогтолцоо ужгирсны гай л одоо харагдаж байна. Монголын төр эрдэмтдийнхээ үгийг сонсдоггүйн тод жишээ нь энэ.
Хэрэв эрдэмтдийн зөвлөлд багтсан бурханч лам Г.Пүрэвбатын зурсан Чингис хааны хөргийг Чингис хаан музейд залбал би хоёр гараа өргөөд л эсэргүүцнэ. Ингэж түүхийг гуйвуулж болохгүй. Чингис хаан бөөгийн шашинтай, тэнгэр шүтлэгтэй хүн байсан. Мордохын хазгай гэгчээр эхнээсээ буруу зүйл яриад байж болохгүй.
Ерөнхий сайд нь буруу ярьж эхэлсэн, байгуулсан эрдэмтдийн зөвлөл нь бас л буруу ярьсан. Ерөнхий сайдын зөвлөл гэж байдаг бол Чингис хааны түүхийг бүтнээр нь харуулна гэхийн оронд монголчуудын төрт ёсны түүхийг харуулна гэдэг нь буруу юм. Ерөнхий сайдын зөвлөх ажлаа хийдэггүйг л харуулж байна. Чингис хааны музей биш өөр музей болоод хувирчихлаа. Энийг л мордохын хазгай гэж байгаа юм" гэлээ.
ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ БИ ТОМИЛООГҮЙ Ч ЗААВАЛ ДУНДАД ЗУУНЫ СУДЛААЧ БАЙХ АЛБАГҮЙ
Эрдэмтдийн зөвлөлөөс “Чингис хаан” музейгээр төрт ёсны түүхийг харуулна гэдгийг тодотгож буй. Харин зөвлөлийн гишүүдийг Засгийн газраас томилсон бөгөөд мэргэжлийн хүмүүс ч багтжээ.
ШУА-ийн Ерөнхийлөгч Д.РЭГДЭЛ:
-Эрдэмтдийн зөвлөл нь “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөлөөр хангах чиг үүрэгтэй. Ерөнхий сайдын зарлигаар байгуулагдсан зөвлөлийн даргаар намайг томилох санал ирүүлсний дагуу ахалж байна. Миний харж байгаагаар зөвлөлд багтсан гишүүд Чингис хаан музейг байгуулах үйл ажиллагаанд их олон чиглэлээр зөвлөгөө өгөх чадамжтай. Жишээ татахад, олон нийтийн шүүмжлэлд их өртдөг хүмүүсийн нэг бол профессор А.Цанжид. Энэ хүн бол Монголын төрт ёсны уламжлалын чиглэлээр судалсан улсдаа нэг номерын хүн.
Төрт ёсны түүхийг А.Цанжид доктороос өөр хүн хэлж чадахгүй. ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор профессор Г.Мягмарсамбуу гэхэд л дундад зууны түүхийн судлаач, Эзэнт гүрний түүхийн цэрэг дайны асуудлыг судалсан. Тиймээс эрдэмтдийн зөвлөлд Эзэнт гүрний түүхийг судалдаг эртэмтэн судлаач багтаагүй гэж хэлж болохгүй.
Мөн эрдэмтдийн зөвлөлд багтсанаараа шүүмжлэлд өртсөн яруу найрагч Г.Мэнд-Ооёо бол сайн яруу найрагч, зохиолчийн зэрэгцээ Монголын түүх соёлын дурсгал, уламжлалын талаар их мэдлэгтэй. Гэтэл хүнийг нь мэдэхгүйгээр нэрийг нь сонсоод л шүүмжилдэг монголчуудын зан Монгол Улсын хөгжилд гай болно.
Бурханч лам Г.Пүрэвбатын хувьд музейн нэг хэсэгт дэглэх урлагийн бүтээлүүдийг тухайн цаг үеийн байдал төрх тэг жаягаар зурагтай ёстой гэж үзэж байна. УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар музейн танхимын дэглэлтийн зохиомж, үзмэрүүдэд тохирох ая хөгжмийг хариуцаж байна. Тэгэхээр заавал дундад зууны түүх судалдаг хүн байх албагүй.
Хоёрдугаарт, олон нийт нэг асуудлыг зөв ойлгох ёстой. Анх Чингис хааны музей баригдах тухай хоёр сар гаруй яригдсан. Дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шинэ захирамж гарч “Чингис хаан” нэртэй Монголын төрт ёсны түүх байгуулахаар болсон.
Чингис хаан” музейн үндсэн чиглэл нь Монголын төрт ёсны түүхийн үзэл байх юм. Хамгийн чухал нь Музей байгуулах үзэл баримтлал. Бид музейн зохион байгуулалт дэглэлтэд зөвлөгөө өгөх үүрэгтэй. Үүнийг хүлээж авч хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг нь биднээс хамаарахгүй.
Музейн үзэл баримталыг төрт ёсны түүхэнд зангидах уу, эсвэл дундад зууны түүхэнд зангидах уу гэдэг нь яригдаж байна. Гэтэл эрдэмтдийн зөвлөлийн анхны хуралдаанаас гаргасан зарим саналыг нэг хэсэг эрдэмтэн, судлаач өлгөн авчээ гэж бодож байна.
Анхны хуралдаанаас Чингис хаан музейн тав, зургадугаар давхарын үзүүлэл ямар зарчмаар явуулах вэ гэдгийг гишүүдэд танилцуулж мэдээлэл өгөх зорилготой. Ер нь эрдэмтдийн зөвлөлд багтаагүй зарим хүн л шүүмжлэл бичээд байгаа юм. Би эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг сонгосон биш, эрх бүхий байгуулал нь судалж зөвлөлөө байгуулж намайг ахлах саналыг л тавьсан юм. Бид шүүмжлэлийг хүлээж авна, гэхдээ албан ёсны бичиг баримтаар ирүүлсэн зөв шүүмжлэлийг анхаарна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын хэсгийг хүлээн авч үүрэг чиглэл өгөхдөө “Чингис хаан” музей бол Монголын их бага хаадаар дамжуулж монголчуудын төрт ёсны түүхийг харуулах юм. Музейг үзсэн Монгол хүн их түүхээрээ бахархаж, гадаадын хүн гайхаж гарах ёстой” гэсэн чиглэл өгч байгаа юм.
Монголчуудын төрт ёсны түүх бол баримт эх сурвалжаас үзэхэд Хүннү гүрнээс эхэлж Богд хаант улсаар төгсч байна. Чингис хаан яагаад XX зуунтай холбогдож байна гэхээр VIII Богджавзандамба хутагт бол Монгол төрийн хамгийн сүүлчийн хаан учраас тэр. Монголчууд улс үндэстнийхээ түүхийг хаад язгууртнаараад дамжуулан бичиж байсан түүхтэй гэлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэдээлж байснаар “Чингис хаан” музей нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө музейг нээхээр төлөвлөжээ. Энэ нь нөгөө талаас Монгол Ардын намынхан 100 жилийн ойдоо зориулж музей байгуулав уу гэх хардлага олон нийтийн дунд төрүүлж байна. Харин үүнийг Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал М.Батбаяр үгүйсгэж, “Чингис хаан музейг 2021 онд л ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө нээхээр яригдаагүй” гэсэн тайлбар өгсөн билээ. Түүний хэлснээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр “Чингис хаан” музей нь төрт ёсны түүхийг харуулах үзэл баримтлалыг тусгасан аж.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ