"Москвад байхдаа коронавирусийн халдвар авсан гэж бодож байна" | News.MN

"Москвад байхдаа коронавирусийн халдвар авсан гэж бодож байна"

COVID-19

"Москвад байхдаа коронавирусийн халдвар авсан гэж бодож байна"

"Москвад байхдаа коронавирусийн халдвар авсан гэж бодож байна"

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-аас  300 гаруй монгол иргэнийг Алтанбулагийн боомтоор Монголд авч ирсэн. Тэднийг нэг нэгээр нь тусгаарласан бөгөөд одоогийн байдлаар 15 оюутан шинэ коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон. News.mn сайт халдвар авсан иргэнтэй цахимаар холбогдож ярилцлаа.


-Энэ өдрийн мэнд хүргэе. ОХУ-ын аль хотоос ирсэн бэ?

-Энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд Москвагаас Улаан-Үд хүртэл онгоцоор нисч, Улаан-Үдээс тусгай автобусаар эх орондоо орж ирсэн. Хилээр орж ирэхэд бүгдэд нь ариутгал хийж тусгаарлах байр руугаа хуваарилагдан явсан.

-Москва хотод болон танай дотуур байранд байдал хэр байсан бэ. Өөрийгөө эрсдэлээс хэр хамгаалж байв?

-Манай дотуур байранд эрсдэл маш бага байсан. Холбогдох албаны хүмүүс өглөө болгон бидэн дээр орж ирж халуун үзэж, байнга ариутгал хийдэг байсан. Ер нь Москва хотод сурч, ажиллах их хэцүү. Сарын тэтгэмж  хоёр мянган рубль авна. Үүнээсээ 400 рублиэр метроны картаа цэнэглэнэ, 400 рублиэр утсаа цэнэглэнэ. Хоол хүнсний хувьд үнэтэйг нь биш ч, аль болох чанартайг нь сонгодог. Ингэхэд л 500 рубль болно. Мэдээж, хаанаа ч хүрэхгүй. Тэгээд  ээж, ааваасаа мөнгө харна. Хүмүүсийн яриад байдаг шиг шоу, зугаа цэнгээн хөөгөөд явах боломж, цаг зав байхгүй.

-Монгол руу ирэх замдаа хувийн ариун цэвэр, хамгаалалт сайн хийсэн гэж бодож байна уу?

-Мэдээж, тийм. Хувийн ариун цэвэр, хамгаалалтыг сайтар биелүүлж ирсэн.

-Өөрөө хаанаас халдвар авсан гэж бодож байна вэ. Москвагад байхдаа юу, эсвэл ирэх замдаа авчихав уу?

-Москва хотод байхдаа авсан байх гэж бодож байна. Наашаа ирэх замд бол хамгаалалт, ариутгалыг өндөр түвшинд хангасан байсан.

-Анх та нарыг хүлээн авсан зочид буудал, амралт сувиллын газрууд хэр байсан бэ.  Тусгаарлагдсан хүмүүс хоол ундны талаар багагүй асуудал гаргаад байсан?

-Давгүй, тохилог, уур амьсгал хүлээж авсан шүү. Хоол ундны тал дээр ч давгүй. Бүх амттай шимтэй зүйлсээр бидэнд үйлчилсэн юм шиг санагдсан.

-Одоо ХӨСҮТ-д байдал хэр байна. Өрөөндөө хэдүүлээ байгаа вэ?

-Бүх зүйл зүгээр ээ, эмчилгээ хийлгэж, Витамин С болон бусад дархлаа дэмждэг эм ууж байна. Өрөөндөө гурвуулаа байна.

-Ямар, ямар шинжилгээ авсан бэ. Шинжилгээний хариунаас гадна өөрт тань ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн үү?

-Гурав хоног тутам нэг удаа хамар ухаж, хоолойноос шинжилгээ авч байна. Өвчний өөр шинж тэмдэг илэрч эхэлсэн. Халуурч, үнэрлэх, амтлах мэдрэмж муудсан.

-Гадаад улсаас ирсэн, ялангуяа ОХУ-аас ирсэн иргэдийг хүмүүс их буруутгаж байгаа хандлага ажиглагдсан. Гаднаас зөөвөрлөгдөн оруулж ирсэн гэж их шүүмжилж байх шиг байна. Энэ тал дээр хүмүүст хандаж юу гэж  хэлмээр байна вэ?

-Бид хүний нутагт сурч боловсорч, эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болох гэж очсон болохоос биш өвчин авчрах гэж яваагүй юм шүү. Одоо өч төчнөөн монголчууд маань наашаа ирж чадахгүй та бүхний уур бухимдал, хорон үгийг сонсоод, яах ийхээ мэдэхгүй байна. Бидний цөөхөн монголчууд ингэж бие биенээ хэмлэх хэрэггүй шүү дээ.

-Сүүлийн үед иргэдийн анхаарал суларч, маскаа зүүхгүй, олон нийтийн газраар их явах болж. Дотооддоо гараагүй, зөөвөрлөгдөж ирсэн учраас "санаа амар" байгаад байх шиг?

-Та бүхэнд энэ аюулт цар тахал өвчнөөс сэргийлж маск зүүж, гараа маш сайн ариутган аль болох хүнтэй бага уулзаж, гадуур явахгүй байхыг зөвлөе. Өвчин хэлж биш хийсч ирдэг шүү дээ. Өнөөдөр бидний хэн нь ч энэ өвчнийг тусч болно. Өвчин хүнийг ялгахгүй шүү.

– Бидэнтэй холбогдсонд баярлалаа, хурдан эдгээрэй.

-Баярлалаа

Г.Болд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
72
ЗөвЗөв
31
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж