Дэлхий нийтэд тархсан “Ковид-19” халдвараас сэргийлэх үүднээс их, дээд сургууль болон цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1 хүртэл карантилсан . Иймд зайнаас сурагчид хичээлээ үзэж байгаа юм. Теле хичээлийг зургадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлэх болсноор сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахааргүй болж байгаа юм. Харин хичээлийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцохоор болж, цэцэрлэг, сургуулиудын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэсэн ч муу дүнтэй сурагчид анги улирах уу, тааруу дүнтэй анги дэвших үү, нэгдүгээр ангид орсон бага ангийнхан үсгээ дахин судлах уу гэдэг олон эргэлзээтэй асуудал эцэг эх, сурагчдад тулгарч байна. Энэ асуудлаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
-Теле хичээлийг зургадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Зайн сургалтын хичээлийн агуулгын үр дүнг яаж бататгах вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд 85 хоногийн сургалтыг танхимаар үзсэн. Үлдсэн 75-80 хоногийн сургалтыг теле хичээлээр буюу цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн теле хичээлийг орон даяар зохион байгуулах явцад анги удирдсан багш нар өөрсдийн идэвх санаачилгаар нарийвчилсан хөтөлбөр боловсруулж, сурагчдаасаа теле хичээлтэй холбоотой даалгавар, сорилтууд авах зэрэг маш олон хувилбарыг сургуулиуд хэрэгжүүлсэн.
Багш нар ч бас санаачлагатай ажиллаж байна. Иймд одоогоор теле хичээлийн үр дүнг дүгнэж хэлэхэд эрт байна.
Есдүгээр сарын 1-ны өдрөөс хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэхэд өмнөх хичээлийн жилд үзсэн танхимын сургалт болон теле хичээлийн агуулгуудыг бататгаж, сэргээн сануулах, давтах зэргээр сар гаруйн хугацаанд хичээл үзнэ. Харин дараа нь теле хичээл хэр үр дүнтэй байсан бэ гэдгийг бататгана. Ерөнхийдөө хөндлөнгийн хяналтыг хийж байна.
-Хоёрдугаар улирлын хичээлд сурлагын үнэлгээгээр тааруу дүн авсан сурагчдын хувьд ирэх хичээлийн жилд анги улирах уу, эсвэл тухайн дүнгээрээ анги дэвших үү?
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар хичээлийн жилийн эцсийн дүнг улсын болон анги дэвших шалгалт авахгүйгээр тооцохоор болсон. Үүнтэй холбоотойгоор жилийн эцсийн дүнг шалгалт авахгүйгээр хэрхэн гаргах вэ гэдэг аргачлал зөвлөмж, холбогдох баримт бичгийг сайдын тушаалаар гаргаж байна. Жилийн эцсийн дүнд хичээлийн шинэ жилийн эхний хагас жилийн дүнг тооцно. Дээр нь зайнаас судалсан агуулгад сурагчдын идэвх оролцоо, чадавхыг үнэлэх байдлаар шийднэ. Хүүхдүүдийн хувьд гэр бүлийн орчин, техник технологийн хэрэглээ гээд маш ялгаатай байдлаар хичээл сургалтын үйл ажиллагааг зайнаас авч байгаа тул яаж харгалзаж тусгах талаар асуудлыг сургуулийн багш, удирдлагуудад чиглэл өгсөн.
Хамгийн гол нь хүүхдийн үнэлгээг өмнөхөөс бууруулахгүй байх, зайнаас судалсан идэвх оролцоог нь үнэлж, хоёрдугаар улирлын эхний хагас жилийн дүнг нь ахиулахад анхаарах хэрэгтэй гэдэг зөвлөмж өгсөн.
Ерөнхийдөө хичээлийн шинэ жилийн эхний хагас жил буюу хоёрдугаар улирлын амралт хүртэл сурагчид танхимаар хичээлээ үзсэн учраас тулгуур үнэлгээ гарсан байгаа. Үлдсэн хичээл, сургалтын агуулгыг сурагчид зайнаас үзсэн тул теле хичээлийн хувилбарыг хоёрдугаар улирлын дүнд нэмж тооцох юм. Тухайн хүүхэд хэрэв эхний хагас жилд тааруу үнэлгээтэй сурсан бол цахим сургалтаар өгсөн гэрийн даалгавараа хийсэн байх, багш нартайгаа холбогдож байсан гэх мэт энэ бүх идэвхээ үнэлүүлэх боломж нь нээгдэж байна. Теле хичээлээ үзсэн сурагчдын идэвх оролцоог багш нь үнэлж, дүнг ахиулна.
-Орон нутагт сүлжээ барьдаггүй, алслагдсан бүс нутагт амьдарч буй хүүхдүүдийн дүнг яаж тооцох вэ?
-Танхимаар үзэх хичээл сургалтын үйл ажиллагаа завсардсан энэ үед нэг ангийн 30 хүүхэд тус бүр суралцах орчин нөхцөл ялгаатай байдал үүсч байна. Жишээ нь, зарим хүүхэд жижиг дэлгэц, компьютерээс хичээлээ үзэж байхад том дэлгэцээр ч хичээлээ үздэг сурах орчин нөхцөл нь бүрдсэн боломжтой айлын хүүхэд ч байгаа. Гэхдээ зөвхөн интернет, телевизээр асуудлыг хязгаарлаж болохгүй гэдэг агуулгаар сайдын тушаал батлагдсан.
Хүүхдүүдийн хувьд ямар ч хэлбэрээр идэвх чармайлт гаргаж болно. Гэрийн даалгавар авч тодорхой хугацааны дараа багшдаа хүргүүлэх, утсаар холбогдож хичээлээ үзэж буйгаа тайлагнасан зэрэг хичээлээ үзэж судлах, багшдаа тайлагнах олон арга байна шүү дээ.
Тиймээс теле хичээлээр хүүхдэд урам дэм өгөх, сурах үйл ажиллагааг нь дэмжих байдлаар хичээлийн жилийн эцсийн дүнгийн үнэлгээг гаргахдаа тооцохыг бид багш нарт хэлж зөвлөж байна. Товчхондоо, анги удирдсан багш нар сурагчдынхаа сурах орчин нөхцөл байдлыг мэдэрч, хүүхдийн сурах үйл ажиллагааг дэмжихийг зөвлөж чиглүүлсэн тушаал шийдвэрүүд сургуулийн удирдлагуудад хүргүүлж байна.
-Теле хичээлээ үзэх хүүхдүүдийн идэвх оролцоо хангалтгүй сул байна гэж хотын дарга мэдэгдэж, чанар хүртээмжийг сайжруулахыг анхааруулсан. Эцэг эхчүүдийн оролцоо, дэмжлэг чухал байх?
–Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн теле хичээл ямар ч завсарлагагүйгээр үргэлжилсэн. Мөн хөдөө орон нутагт мал төллөлтийн үеэр ажил хөдөлмөрийн ачаалал ихэсч, теле хичээлээ үзэх хүүхдүүдийн анхаарал, эцэг эхчүүдийн дэмжлэг идэвх оролцоо сулрах шиг боллоо. Теле хичээлийн идэвх оролцоогоор хичээлийн дүнг ахиулах чиглэлээр сайдын тушаал гарсны дараа сурагчид дүнгээ сайжруулахаар багш нартайгаа холбогдох байх. Мөн урт хугацаагаар карентилсан энэ үед эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хоцрогдлыг нөхөх, аль болох хичээлийн хоцрогдолгүй байх тал дээр нь анхаарч эхэлсэн. Тухайлбал, теле хичээлийг давтаж үзэх, хичээлийн өмнөх агуулгуудыг одоо үзэж буй хичээлтэй нь хэрхэн уялдуулж зөвлөмж тайлбар өгөх вэ, теле хичээлийн багш нартай холбогдох, зайн сургалтын чанарыг сайжруулах талаар санал хүсэлт өгч байна.
-Энэ жил нэгдүгээр ангийнхны хувьд үсгээ бүрэн сурч амжаагүй. Бага ангийнхан есдүгээр сарын 1-нээс хоёрдугаар ангидаа дахин үсгээ судлах уу?
–Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны сайдын тушаалаар Энэ асуудлаар Боловсролын хүрээлэн нь хичээлийн хөтөлбөрт тохиргоо хийж, хичээлийг сэргээн сануулах вэ гэдэг арга зүйн зөвлөмж гаргах чиглэл өгсөн. Энэ тохиргоог зургадугаар сард хийж, наймдугаар сард бага ангийн багш нарт арга зүйн зөвлөмж чиглэл өгч, есдүгээр сараас хичээлийн шинэ жил эхлэхэд хичээлийг давтан үзнэ. Өөрөөр хэлбэл, арга зөвлөмжийн дагуу багш нар бага ангийнханд хичээлийг нь сэргээн сануулж, бататгах чиглэлээр ажиллана гэсэн үг. Ерөнхийдөө бид танхимаар болон зайнаас хичээлийн жилд үзэх ёстой агуулгыг бүтэн олгож байна.
–Элсэлтийн ерөнхий шалгалт дөхсөн энэ үед төгсөх ангийнхан танхимаар давтлага хүсэлтэй байна. Танхимаар давтлага өгөх боломжтой юу. Энэ тал дээр салбарын яамнаас хэрхэн анхаарал хандуулж байна вэ?
-Бид саналаа боловсруулсан. Одоо нөхцөл байдлыг л ажиглаж байна. Цаашид коронавирусийн тархалт хэр идэвхжих үгүйгээс хамаарна. Хэрэв халдварын дэгдэлт буурч, цар хүрээ нь хумигдвал бид Улсын онцгой комиссын шийдвэрийг л хүлээнэ. Урьдчилсан байдлаар элсэлтийн ерөнхий шалгалтын товыг долдугаар сарын 2-5-н хүртэлх хугацаанд төлөвлөсөн. Зөвхөн их дээд сургуулиудын элсэлтийг цахимаар зохион байгуулах ба элсэлтийн ерөнхий шалгалтыг танхимаар зохион байгуулна. Мэргэжлийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу танхимд хүүхэд хооронд байрлах зай, нэг танхимд байх хүүхдийн тоо, бүртгэж оруулах халуун хэмжигч, нэг удаагийн бээлий өмсөх зэрэг бүхий л заавар зөвлөмжийг биелүүлж бэлэн байдал хангагдсаны дараа элсэлтийн ерөнхий шалгалтыг авна. Энэ дагуу нэг танхимд байрлах хүүхэд хоорондын зайг 1.5-2 метрийн зайтай байрлуулна. Ерөнхийдөө тухайн ангийн багтаамж, м/кб-аас шалтгаална.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ