Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулдаг уламжлалтай билээ.

Энэ 2015 оны шагналын эздээр Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Лхагвасүрэн, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Дэжидмаа, “Нэпко” хэвлэлийн газрын ажилтан, судлаач Д.Хүрэлхүү нарыг тодруулсан байна. Тэдний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв.

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээх тухай Төрийн тэргүүний зарлигт “Хүний өөрийнх нь эсийн генийн идэвхийг зохицуулагч хэсгийг удамшлын гаралтай өвчний эмчилгээнд ашигладаг вируст суулгаж, түүний анагаах чадварыг хүний биеийн дотор урт хугацаанд хадгалах шинэ арга зүйг нээж өгсөн “Ген эмчилгээний аргыг сайжруулж, ашиглах боломжийг нэмэгдүүлсэн нь” сэдэвт суурь судалгааны шилдэг бүтээл туурвисан Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Дамдиндоржийн Лхагвасүрэн,

Монгол оронд өргөн тархсан эмийн ургамлаас хүний шархны эдгэрэлтийг түргэсгэх, түлэнхийн нөхөн төлжилтийг дэмжих, сорвижилтийг багасгах үйлдэлтэй “Калвацин” хэмээх эмийг гарган авч, импортын ижил төрлийн эм бэлдмэлийг орлуулах эдийн засгийн үр ашигтай шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эмчилгээнд нэвтрүүлсэн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Буянтогтохын Дэжидмаа,

Британника-Монгол хэлний тайлбар толь, Дэлхийн нэн шинэ атлас болон Шинжлэх ухааны түүхийн нэвтэрхий толь зэрэг танин мэдэхүй, судалгааны бүтээлээр шинжлэх ухаан, боловсролын салбарт хувь нэмэр оруулсныг нь үнэлж “Нэпко” хэвлэлийн газрын ажилтан, судлаач Доржпаламын Хүрэлхүү нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2015 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ "Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит оны шагналыг гардуулдаг. Энэ 2015 оны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзнээр “Ген эмчилгээний аргыг сайжруулж, ашиглах боломжийг нэмэгдүүлсэн нь” сэдэвт суурь судалгааны шилдэг бүтээл туурвисан Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Дамдиндоржийн Лхагвасүрэн, импортыг орлох шинэ ам, бэлдмэл үйлдвэрлэж эмчилгээнд нэвтрүүлсэн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Буянтогтохын Дэжидмаа, танин мэдэхүй, судалгааны бүтээлээр шинжлэх ухаан, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан “Нэпко” хэвлэлийн газрын ажилтан, судлаач Доржпаламын Хүрэлхүү нар тодорлоо.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хүн бүр хийж чадах ажил биш юм. Монгол Улсын хөгжил, дэвшил нь эрдэм шинжилгээ, судалгааны ажилд суурилсан байх ёстой. Та бүхний Монгол Улсынхаа шинжлэх ухаан, боловсролын салбарын хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмрийг Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлж шагналаа хүртээж буйд баяр хүргэе. Та нарын баярыг хуваалцаж байгаа гэр бүл, хамт олон, найз нөхдөд нь мөн чин сэтгэлийн баяр хүргэе.

Монгол Улсын ирээдүй бол өндөр оюунтай, эрдэм мэдлэгтэй залуу үе, та нар шиг хүмүүсээс хамаарна. Та бүгдийн хийсэн ажил ШУА, эрдэм шинжилгэний ажил хийж байгаа бүх хүмүүст үлгэр дуурайлал үзүүлж байгаа. Та бүхэнд дахин баяр хүргэж, цаашдын чинь амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж