Шатахууны үнэ төрлөөсөө хамаараад 195-310 төгрөгөөр буурсан ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсчээ. Саяхан л килограмм нь 7550-тай байсан хонины цул мах энэ сарын 16-ны байдлаар 7800 төгрөг болсон байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 250 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Үхрийн килограмм мах мөдхөн 8000 төгрөг болох вий. Нийслэлийн статистикийн газрын судалгаагаар хонь, үхрийн ястай болон цул мах, төмс байцаа манжингийн үнэ өссөн үзүүлэлтэй гарсан байна.
“Арай дэндэж байна аа, өргөн хэрэглээний барааны үнэ ингэж өдрөөр биш, цагаар өсөөд байвал юугаа идэж ууж, яаж амьдрах юм бэ” гэсэн яриа хүнсний зах, дэлгүүрүүдээр эцэс төгсгөлгүй хөвөрнө. Татварын өөрчлөлт, шатахууны үнийн өсөлт, валютын ханш жаахан чангарахыг анаж байсан юм шиг бараа, бүтээгдэхүүний үнээ нэмчихдэг наймаачид энэ бүхэн буурахаар нь дагаад үнээ буулгадаг нь ховор. Бараг үгүй дээ.
Уг нь төрийн түрийвчин дэх мөнгөний талыг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг атлаа өнөөдрийг хүртэл өргөн хэрэглээний барааны үнэ өслөө хэмээн дуугарч, гоншигнож байсангүй.
Тэр хэрээр өссөн өртөгтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авч, хойд хормойгоороо урд хормойгоороо нөхсөн амьдрал нь яг хэвээр. Ингээд л юмны үнэ өсч, хувийн хэвшлийнхэн болон төрд ч, хувьд ч дансгүй ажилгүй иргэд, өндөр настнууд чинь туйлдаж, тартагтаа тулж байна.
Үе үе шатахууны үнэ өснө гэсэн айдаст автахгүй өглөө босоод ирэхэд өдөр тутмын хэрэглээний барааны үнэ нэмэгдэхгүй байх нь жирийн иргэдийн хувьд хамгийн чухал.
Гадаадад бол дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулж, эрэлт ихтэй үеийг овжин ашиглаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмждэг юм билээ. Манайд энэ бодлого дутагдаад зогсохгүй, наймаачид худалдаачдынхаа дур зоргоороо тогтоосон үнэд ч хяналт тавьж чадахгүй байна шүү дээ. Үүнд хяналт шалгалт хийхгүй бол энэ чигээрээ өссөөр байх уу. Алийн болгон үнийн өсөлтөд дарлуулж амьдрах вэ, бид. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар жижиг гэлтгүй дэлгүүрүүдээр явж, хяналт шалгалт хиймээр байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ