"Хоригдсон" үйлчилгээний байгууллагууд ХААЛГАА НЭЭВ

Хуучирсан мэдээ: 2020.04.20-нд нийтлэгдсэн

"Хоригдсон" үйлчилгээний байгууллагууд ХААЛГАА НЭЭВ

"Хоригдсон" үйлчилгээний байгууллагууд ХААЛГАА НЭЭВ

Дэлхийн олон улсад тархаж байгаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор  амралтын газар, саун, буудлуудыг сар гаруйн хугацаанд үйл ажиллагааг нь хаасан. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хоёрдугаар сарын 26-ны өдөр захирамж гарган дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн бар, караоке, амралт, сувиллын газар, фитнес, саун, сургалтын төвийн үйл ажиллагааг түр зогсоогоод байсан билээ. Тэгвэл хотын дарга хорио цээрийн дэглэмээ зөөллөж, энэ сарын 16-ны өдөр А/521 тоот “Иргэдийн эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан юм.

Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, фитнес, иогийн клуб, арав хүртэлх хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг нээв.

Эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа нээж, явуулахдаа үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжиж дотогш нэвтрүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд гүйцэтгэж байх, иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй юм.

Хэдийгээр коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажил нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа ч улс, нийслэлийн эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг дэмжих, иргэдийг гэр бүлээрээ агаар салхинд гарах боломжийг бүрдүүлж, Монгол Улсын Засгийн газраас нийслэлд үүрэг чиглэл өгсөн нь энэ аж.

Тиймээс бид фитнес, амралтын газар, саун зэрэг үйлчилгээний газрууд үйлчлүүлэгч нараа хүлээж авахад бэлэн эсэх, ариутгал халдваргүйжүүлэлтээ хэрхэн хийсэн талаар тодруулга, сурвалжилга бэлтгэлээ.

Тусгаар тогтнолын ордонд байрлах “Golden Gym”-ийн салбараар орвол, үүдэн хэсэгтээ  “Нэг удаагийн бээлий болон амны хаалт зүүх, хоёр метрийн зайгаа барих” зэрэг халдвараас урьдчилан сэргийлэх санамж хуудсыг наажээ. Халуунаа шалгуулсны дараа заал руу орвол клубын багш, дасгалжуулагч нараас гадна  ганц, хоёр  хүн бэлтгэл хийж байгаа харагдана.  Үйлчлүүлэгч яагаад цөөн байгааг нь нэгэн ажилтнаас сонирхвол “Манай салбар ариутгал, халдваргүйжүүлэлтээ хийн бэлтгэлээ хангаж дууссан. Үйлчлүүлэгчдээ хүлээж авахад бэлэн болсон. Хараахан олон нийтэд зарлаагүй байгаа. Өнөөдөр өдөртөө зарлана” гэв.

ХҮМҮҮСИЙН ХООРОНДОХ ЗАЙГ БАРИХЫН ТУЛД 7-8 ТӨХӨӨРӨМЖӨӨ ХУРААСАН

GOLDEN GYM” ФИТНЕС КЛУБИЙН ЗАХИРАЛ Ц.БАЯНМӨНХ:

-Эрсдэлтэй цаг үед төр засгийнхаа гаргасан бодлого шийдвэрийг дагаж мөрдөх нь мэдээж. Сар хагасын хугацаанд үйл ажиллагаагаа зогсооход бидэнд болон үйлчлүүлэгч нарт аль аль талдаа хүндхэн байсныг нуухгүй. Хотын даргын гаргасан захирамжийг харчхаад дотроо битүүхэн баярлаж суулаа. Бид үйлчлүүлэгч нартайгаа шинэ гэрээгээр хамтарч ажиллах гэж байна.

Тухайлбал, зааланд бэлтгэл хийхдээ амны хаалт болон нэг удаагийн бээлий өмсөх, нэг цагаас хэтрэхгүй бэлтгэл хийх, хоёр метрийн зай барих зэрэг нэмэлт заалтуудыг тусгана. “Фитнест амны хаалттай яаж бэлтгэл хийдэг юм бэ. Балайраад бай” гэх зэрэг хүмүүс байна. Гэхдээ фитнес ажиллуулах боломжоор хангаж өгсөн төрийн байгууллагуудын тавьсан шаардлагуудыг сайн биелүүлэх нь бидний үүрэг. Манайх Эрүүл мэндийн яамны гаргасан шийдвэрийг үндэслээд, энэ сарын 17-ны өдөр ариутгал, халдваргүйжүүлэлтээ бүрэн хийлгэсэн. Заалны үүдэнд гар ариутгагч, жавелины уусмалыг байрлуулан багш, ажилтнууд нь хоёр цаг тутамд жавелины уусмалаар халдваргүйжүүлэлт хийж байна.

Үндсэндээ зааланд нэг дор 10-аас дээш хүн орж болохгүй гэж заасан учраас хүмүүсийн хоорондох зайг 1.5-2 метр байлгах тал дээр анхаарч, зарим тоног төхөөрөмжөө  цөөлсөн. Олон хүн хэрэглээд байдаггүй, эсхүл бүр олноор овоордог 7-8 төхөөрөмжүүдийг хураасан. Манайх нийслэлд таван салбартай. Төв салбар болон Тусгаар тогтнолын ордонд байрлах салбар ажиллана. Бусад салбаруудаа нээлгүй түр азнах бодолтой байна. Ганц хэцүү зүйл нь хувцас солих өрөө болон шүршүүрт хоёр метрийн зай барих нь асуудалтай юм. Хувцас солих өрөөнд нэг дор арван хүн байна гэдэг өөрөө эрсдэлтэй.

Ямартай ч бид нэг хүн орж ирлээ гэхэд ойролцоох шүүгээнд нь түлхүүр давхцуулж өгөхгүйгээр хамгийн багадаа метр 50-аас хоёр метрийн зайтай түлхүүр өгнө. Ер нь 60 гаруй шүүгээтэй гэж бодоход  хамгийн багадаа таван шүүгээ л ажиллана.  

Тэгвэл хангалттай зайгаа барьчихна. Мөн гүйлтийн замын хоорондох зай ойрхон учраас голд нь 2-3 гүйлтийн зам алгасч хүмүүсийн зай хоорондын талбайг хангана. Шүршүүр дээр ч гэсэн хүмүүсийг цөөн тоогоор ээлжилж оруулна. Манайх өглөө 07.00-23.00 цаг хүртэл ажилладаг. Нэг цагт арван хүн үйлчлүүллээ гэж бодоход  нэг салбар дээр  хамгийн багадаа 100, ихдээ 160 хүнтэй ажиллана. Ингэснээр  өмнө нь үйлчлүүлдэг байсан хүмүүсийнхээ 80 хувийг хасч байна гэсэн үг” гэлээ.

ЦЭВЭР АГААРТ ГАРЧ ДАРХЛААГАА ДЭМЖИХ ХҮМҮҮС ОЛШИРЧЭЭ

Амралтын газруудад үйлчлүүлэгч хэр олон байгааг сонирхохоор “Чингис хааны хүрээ” цогцолборыг зорилоо. Нийслэлийнхэн амралтын өдрүүдийг дөрвөн хананы дунд бүгэж, цахим орчинд өдрийг үр ашиггүй өнгөрүүлэхийг хүсэхгүй байгаа нь илт. Цаг агаар тогтуун, сайхан байсан учраас уулын энгэр бэл бараадаж энд, тэнд гэр бүлээрээ цагийг өнгөрөөж байгаа хүмүүстэй зам зуур олон таарав. Ийнхүү  гадаад цаг агаар дулаарахын хэрээр иргэд  амралтын өдрөөр Улаанбаатарынхаа ойр орчмын ууланд алхах, цэвэр агаарт гарах нь ихэсчээ.

"Чингисийн хүрээ" амралтын газар нь дөрөвдүгээр сарын 18-наас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Амралтын газрын үүдээр ороход машинд яваа хүн бүрийн халууныг үзэж, амны хаалт зүүсэн эсэхийг шалгаж байв. Зогсоолд олон машин байрлажээ.  Амарч байгаа хүмүүсийн ихэнх нь гэр бүлээрээ ирж.

Хөл хорионд уйдсан хүүхдүүдээ цэвэр агаарт гаргаж, хөлийнх нь чилээг гаргахаар ирсэн эцэг эхчүүд, өндөр настай аав, ээжийгээ  агаар салхинд гаргахаар ирсэн хүмүүс ч олон байв.

Олзуурхууштай нь, том, жижиггүй амны хаалтаа зүүсэн харагдав. Хүүхдүүд савлуур дээр, зарим нь машины зогсоолын ил талбайд ролекоор гулгаж, үлдсэн хэд нь улаа бутартлаа хөөцөлдөж тоглоно. Хөл хорионы үед уйдсан тэд ёстой л шавайгаа ханатал тоглож байна.

Тус цогцолбор нь олон нийтийн бүх хэсгүүддээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, бүх нэвтрэх цэгт үйлчлүүлэгчдийнхээ биеийн халууныг хэмжин, гар ариутгагчаар ханган хүмүүс ЭМЯ-ны зөвлөгөөг дагаж ажиллаж байгаа гэв. Тодруулбал, рестораны ширээнүүдийг хооронд  нь салгаж байрлуулан, ресепшн хэсгийн шалан дээр “Хоёр метрийн зайгаа барина уу” гэсэн анхааруулга хаджээ. Улмаар ресторан руу орох хүн бүрийн халууныг үзэж, гарыг нь ариутган оруулж байв. Рестораны үүдний гишгүүр, хаалганы бариул, нийтийн ариун цэврийн өрөө болон рестораны ариун цэврийн өрөө зэрэгт хоёр цаг тутам тутамд жавелины уусмалаар халдваргүйжүүлэлт хийж байгаа аж.

САУНД ХОЁР МЕТРИЙН ЗАЙГАА БАРИХЫГ ШААРДАЖ БАЙНА

Хотын даргын захирамжаар бас нэгэн олон нийтийн үйлчилгээний газар нээсэн нь саун. Нийслэлд олон саун үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төрөлжсөн, олон хүн үйлчлүүлдэг учраас бид  "Soyol wellness center"-ийг зорьсон юм.

SOYOL WELLNESS CENTER”-ИЙН  ЭЭЛЖИЙН МЕНЕЖЕР О.ЗОРИГТБААТАР:

-Хотын даргын захирамжийн дагуу хоёрдугаар сарын 26-наас эхлээд манай саун, фитнес үйл ажиллагаагаа зогсоосон. Өнөөдөр 11.00 цагаас эхлэн саун үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлээд байна.  Хүмүүс  нээгдсэн гэж мэдээгүй болохоор хөл, хөдөлгөөн муу байна. Манайх захирамжид заасны дагуу эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийг эмчийн зөвлөгөөний дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн. Байгууллага бүхэлдээ хоёр  цаг тутамд ариутгалыг зохих ёсны хэмжээнд хийж байна.

Гаднаас орж ирж байгаа зочдыг амны хаалт зүүхийг зөвлөн, үйлчлүүлэгчдийн халууныг хянаж байгаа. Хэрэв сэжигтэй тохиолдол буюу өндөр халуунтай байвал хүлээж авахгүй. Саун дотор орсон хойноо бөөгнөрөөд суухгүйгээр хоёр метрийн зайгаа барихыг шаардаж байна. Манай саун 9000 метр квадрат талбай учраас хүмүүсийн зай хооронд санаа зовох зүйл байхгүй. Мөн халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд хийж байна. Фитнес одоогоор хараахан ажиллаж эхлээгүй байна.

Төхөөрөмж хоорондын зай 1.5-2 метр байх ёстой гэж захирамжид заасны дагуу төхөөрөмжөө байрлуулсан. Шаардлага стандартыг хангаж байгаа эсэх, хэрэв хангаж байгаа тохиолдолд мэргэжлийн байгууллагад үзүүлж харуулсны дараа зөвшөөрвөл фитнесээ нээнэ дээ. Гэхдээ нэг дор арваас доошгүй хүн авна. Хэрэв 11,12 хүн ирэх юм бол хүлээх эсхүл цаг аваад дараа ирэх шаардлага тавина. Фитнес төвөөр үйлчлүүлж байсан хүмүүст өмнө нь углааш өгдөг байсан бол одоо өгөхгүй. Учир нь эрүүл ахуй, аюулгүй байдал талаас нь харж үзвэл тухайн хүн өөрийнхөө углаашаа авчирвал илүү аюул багатай гэж үзэж байна. Ер нь ариун цэвэр талаасаа ч өөрсдөө хэрэглээний зүйлийг бэлдэх шаардлага тавьж байна” гэв.

Нийслэл хотын нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөллөөс сурвалжлахад ийм буюу.

Амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, фитнес, иогийн клубийг нээлээ гээд коронавирусийн аюул алсарсан гэсэн үг биш. Хойд хөршид байдал хүндэрч, урд хөршид хөл хорио бүрэн тавиагдаагүй, дэлхий нийт айдастай хэвээрээ байгаа. Тиймээс хүн бүр дор бүрнээ   аюулт өвчнөөс сэргийлэх дэглэмийг өдөр бүр мөрдөх шаардлагатай байгааг сануулъя.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж