“Нэг дэлхий: Гэртээ хамтдаа” цахим тоглолт бүх дэлхийн ард иргэдийг нэгтгэсэн түүхэн тоглолт боллоо. Олон улсын алдартай одод нэгдэж, коронавирусийн эсрэг тулаанд манлайлан тулалдаж яваа баатруудад болон ДЭМБ-д талархлаа илэрхийлэн гэр гэрээсээ дуулж, цахим тоглолт найман цагийн турш үргэлжилжээ.
Тоглолтыг “Дэлхийн иргэн” хөдөлгөөн ДЭМБ-тай хамтран зохион байгуулж, Элтон Жон, Лиззо, Пол МакКартни, Лэйди Гага тэргүүтэй 100 гаруй уран бүтээлч оролцсон шууд тоглолт болсон байна. Тоглолтыг зохион байгуулахад Лэйди Гага маш их хувь нэмэр оруулсан бөгөөд шүтэн бишрэгчдэдээ зориулж гайхалтай тоглолтоо ч үзүүлсэн байна. Цагаан ордонд тоглолтыг шууд хүлээн авч үзсэн Ерөнхийлөгч Дональд Трамп уран бүтээлчдийг сайшааж, АНУ-ын эмнэлгийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг онцлон магтсан байна.
Тоглолтын үеэр Английн зөвлөлүүдэд 1.6 тэрбум фунт стерлинг коронавирустай тэмцэхэд туслах зорилгоор хандивлахаар болсон байна. Мөн Их Британийн хатан хаан Элизабет төрсөн өдрөөр нь ёслолын буудлага хийхгүй байхыг хүсчээ.
Тоглолтын эхэнд бүх одод хамтран “Залбирал буюу The Prayer” дууг дуулцгаалаа. Үргэлжлүүлэн Тэйлор Свифт, Билли Айлиш нар дуугаа дуулж, Опра, Лаура Буш, Мишель Обама нар хоорондоо ярилцав. Үргэлжлүүлэн олон уран бүтээлчид ая дуугаа өргөсний дундуур коронавирустай холбоотой асуулт хариултын цаг, эмч нар сэтгэгдэлээсээ хуваалцах цаг багтжээ. Тоглолтыг гайхалтай болгохоор Роллинг Стөүнс хамтлагийнхан гэр гэрээсээ хөгжмөө нийлүүлэн тоглож, Бионсе, Пол МакКартни, Стиви Уондер нар дуугаа дуулсан байна. Цахим тоглолтод зөвхөн урлагийн одод оролцсонгүй WWE-ийн болон хөлбөмбөгийн одод ч нэгдэж, өөрсдийн үгээ хэлжээ.
эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ